Хил орчмын аялал жуулчлалыг сэргээе

0
хуваалцах
288
үзсэн

Ц.МЯГМАРБАЯР  

“Бид Тураг-Шогнуулын даваагаар давж  Сэвсүүлийн голд хүрч ирэв. Отоглоход боломжтой маш аятайхан газар олов. Энд маш үзэсгэлэнтэй бөгөөд элсэн дээр  нэг ч хүний мөр алга. Эл газар Ханхаас 60 км-ийн зайд байх бөгөөд замын хажууд нь км-ийн заалттай тэмдэг хүртэл байх аж. Байрлал тодорхойлох багажаар хэмжихэд бидний байрласан цэг далайн түвшнээс 1671 метрийн өндөрт буюу Эрхүүгээс 1100 метр, харин даваан дээр бол хамгийн өндөр цэг. Бид 1900 метрийн өндөрт гарчээ” хэмээн ОХУ- аас Хөвсгөлийн Ханх-Мондын хилээр орж ирсэн бидний хэлдгээр “зэрлэг жуулчин” болох гэр бүлийн хоёр  бичжээ. 
Тэд хоёр өдрийн дараа нутгийн иргэдийн барааг харсан гэдэг. Иймэрхүү аялагчдын жишээ газар бүрт олон. Хүний мөр гараагүй онгон зэлүүд газар Монгол орны минь хил орчмыг  тэр чигт нь эзэлдэг билээ. Аялал жуулчлалаас нутаг нуга, жалга довын Должин эмээгээс эхлээд хүн бүр ашиг хүртэж тэр хэрээр амьдралаа өөд татаж улс орны эдийн засагт нэмэр болж байгаагаар тус салбарын хөгжлийг хэмжих ёстой байх. Түүнчлэн ковидын дараа хил орчмын аялал жуулчлал илүү  хурдан сэргэх магадлал өндөр байгааг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас зарласан байна. Бүр ковидын дараах ТОП-10 трэнд аяллын нэгээр нэрлэчихэж. Өөрөөр хэлбэл,  аялагчид дэлхийгээр эсвэл дотооддоо хэрхэн яаж аялах  хандлагууд өөрчлөгдсөнтэй холбогдож  шинэлэг хувилбаруудыг судалж, урьд өмнө үзэж байгаагүй өөр төрлийн аяллуудыг төлөвлөжээ. 
Судалгаагаар хүмүүс аль болох аюулгүй, эрүүл орчинд ямар нэгэн хязгаарлалт, хорио цээргүйгээр аялах сонирхол их байна. Цаашид аялал жуулчлалын салбар сэргэхийн хэрээр дэлхийгээр эсвэл дотооддоо тойрон аялах аялагчдын тоо өсөх нь тодорхой. Харин ямар дүрэм журам, стандартыг барьж аялах талаар нарийн судалгаа , боловсруулалт зайлшгүй шаардлагатай болжээ.

“ЧИЙДЭНТЭЙ ТУРТ” ЭРГЭН ИРСЭН НЬ
 

Цэвэр агаар амьсгалах зорилгоор нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал гэж нэрлэгддэг хөдөө орон нутгийн аялал жуулчлал нь хот, суурин газрыг дагасан хэлбэрээр хөгжсөн байх тул тухайн улсын соёл, амьдралын хэв маяг, уламжлалт ёсыг мэдэхийн зэрэгцээ байгалийн сайханд амарч, бясалгаж болох хамгийн ойрхон бөгөөд аюулгүй хувилбар юм. Иймд байгалийн аялал жуулчлалын нэр хүнд  их өсч байна. Тэр дундаа хил орчмын аялал жуулчлалын хөгжилд гарч байгаа нэгэн шинэ үзэгдэл бол өнгөрсөн хугацаанд Хөвсгөл нуурын хойт талаас Ханх-Мондын хилээр ОХУ-аас ирэх жуулчдын урсгал нэмэгдэж  нуурын энэ хэсэгт өвөл зуны аль ч улиралд аялал жуулчлал хөгжиж байгаа явдал юм. 
Энэ боомтоор ирж буй жуулчдын тоо 2015 онд Монгол, ОХУ-ын иргэд визгүй зорчдог болсноос хойш тав дахин  өсч, 2010 онтой харьцуулбал 2019 оны байдлаар 15 мянгад хүрчээ. “Ханх суманд аялал жуулчлалын стандартад дөхөж очихуйц жуулчны бааз бий болсноос гадна нуурын эрэг дагуу газар болон сумын төвийн бараг айл болгон Буриадын “Аршан” тосгоны жишээгээр дэн буудал байгуулж, жуулчид байрлуулах, хөдөөгийн малчид морь малаа жуулчдад хөлслөж унуулах, сүү, цагаан идээ, хонь мал махаа жуулчны баазуудад борлуулах, “УАЗ” фургон зэрэг машин унаагаа жуулчдад түрээслэх зэргээр орлого олох болов. Ханх суманд аялал жуулчлал хөгжсөнөөр орон нутагт аялал жуулчлалаас орох орлого нэмэгдэж, иргэдийн амьжиргаа жилээс дээш дээшилж, улмаар Турт маань хилийн цаана орших Монд, Туран, Хэрэн тосгодоос хөгжлөөрөө давж, хуучны “Чийдэнтэй Турт” нэрээ жинхэнээр нь эргүүлэн авч байна” гэж нутгийн иргэн Б.Доржготов ярьсан юм.  /Турт гэдэг нь одоогийн Ханх сумын нэр/ Ханхад ирсэн жуулчид байгалийн үзэсгэлэнтэй газраар авто-машин, морин болон явганаар аялж, малчин айлд зочлох, спорт загасчлалын аялал хийх, “Бүрэнхаан” уулаар аялах, “Мөнхсарьдаг” оргилд гарах зэрэг байгалийн, адал явдалт, эко болон нүүдэлчин ахуй, угсаатны зүйн чиглэлийн аялал хийхийг илүүд үздэг аж. Тиймээс хил нээнгүүт байгальд хог тарьдаг “үүргэвчтэй”, “зэрлэг” жуулчид биш, харин багагүй мөнгө үлдээдэг дундаас дээш, “High class” зэрэглэлийн жуулчдыг  хүлээн авч үйлчлэх дэд бүтцийг бий болгох зорилт чухал болоод байгаа аж. 
2019 онд Эрхүү хотноо болсон аялал жуулчлалын “Байкал тур” олон улсын үзэсгэлэнгийн үеэр ОХУ-ын Буриад улсын Аялал жуулчлалын сайд нь “Ханх-Мондын боомтыг 2023 он гэхэд олон улсын статустай болгох” шийдвэр Оросын талаас нэгэнт гаргасан тухай мэдэгдсэн бөгөөд одоогийн байдлаар оросууд Мондын хилийн боомтоо өргөтгөн хоёр урсгалтай болгох, Байгаль нуурын баруун эрэг дээрхи Култук тосгоноос Хэрэн, Монд болон хил хүртэлх автозамыг засварлах ажил хийгдэж байна. Энэ боомт олон улсын статустай болсноор Хөвсгөлд ирэх жуулчдын тоо даруй хоёр дахин өснө гэсэн тооцоо бий.

 

ДИЖИТАЛ СТРЕССИЙГ АНАГААХ ТӨВ НЬ МОНГОЛ БАЙХ БОЛОМЖТОЙ
 

Дэлхийн ковидын үеийн аялагчид аль болох хот суурин газраар дамжилгүй шууд хөдөө байгалийн сайханд хил орчмоор аялах сонирхол их байгаа нь Хөвсгөл, Өмнөговь, Баян-Өлгий, Хэнгий, Дорнод гээд хилийн аймгуудад түлхүү ажиглагдах болжээ. Тэр дундаа дотоодын аялагчид богино хугацааны аялал хийх нь энэ цаг үеийн хамгийн том чиг хандлагын нэг бөгөөд дотоодын болон үндэсний аялал юм. IDITUR судалгааны төвийн хийсэн аялал жуулчлалын чиг хандлагын тайланд “орон нутгийнхны нэгэн адил амьдрах” сонголтыг онцолж, орон нутгийн шинж чанаруудтай уялдсан аялалууд хөгжиж буйг онцолсон байна. Гурав дахь мянганы жуулчид ихэвчлэн хэний ч очдоггүй, нууцлагдмал газар, үзмэрийг үзэх хүсэлтэй байдгийн зэрэгцээ нутгийн иргэдтэй ойр байж тэдний амьдралын хэв маягаар хэсэг хугацаанд амьдарч үзэхийг хүсдэг тул энэхүү чиг хандлага нь тухайн нутгийн уламжлал, соёлыг мэдэх, нутгийн иргэд шиг амьдрах жинхэнэ амтыг санал болгодог онцлогтой.  Тухайлбал, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр,  Чандмань-Өндөр суманд байрлах “Даян дээрхийн агуу”, “Алунгоо” эхийн өлгий нутгаар аялах уугуул иргэдийн амьдрал ахуйтай танилцах зорилготой аялагчид их байгааг эх сурвалж хэлж байна. Түүнчлэн дижитал эрин үеийн хямралд өртсөн аялагчид стресс ядаргаагаа тайлах боломжтой орныг хайж эхэлсэн гэдгийг АНУ-ын “Гранд Серкл Корпораци”-ийн Бизнесийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч О.Мөнхзаяа онцолсон юм.  Тэрээр “Монгол Улс шинэ зууны өвчин болох “дижитал стресс”-ийг анагаах төв байж болно. Техник технологи хэт их хөгжиж, гар утас, нийгмийн сүлжээний хамаарлаас үүдсэн стресс ядаргааг агуу их түүхтэй, нүүдлийн соёл иргэншилтэй, үзэсгэлэнт байгальтай, хүн ам цөөтэй, хүнлэг нөхөрсөг ард түмэнтэй манай оронд ирж тайлах боломжтой” гэсэн юм. 
Дахин төрсөн мэт мэдрэмжийг аваад буцаарай гэсэн нэгдмэл маркетингийг яагаад хийж болохгүй гэж. Ингэснээрээ бид хүн төрөлхтний эрүүл мэнд, сайн сайхан байдалд томоохон хөрөнгө оруулалт, хувь нэмэр оруулж болох юм. Түүнчлэн үйлчилгээний боловсон байдал, бие засах газрын асуудал, хоггүй цэмцгэр орон болох гэх зэргээр бидэнд дээрх зорилгод хүрэхийн тулд хийх зүйл маш их. Монгол оронд ирээд буцаж буй хүн бүр нүүдэлчид гэдэг чинь ямар цэмцгэр хүмүүс юм бэ, ямар нөхөрсөг ард түмэн юм бэ гэдэг ойлголттой л буцвал манайхыг чиглэсэн аялагч нарын урсгал улам нэмэгдэнэ.

400 САЯ ЖУУЛЧДЫГ ШИНГЭЭХ ДЭД БҮТЭЦ ЧУХАЛ
 

Монгол Улсын “Алсын хараа 2050”- Хөгжлийн бодлого танилцуулах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манайд ирээдүйд 400 сая жуулчин ирэх боломжтой гэсэн. Харин эдгээр жуулчдаа шингээх дэд бүтэц бий юу гэдэг асуудалтай тулгарч байна. Хэдийгээр урд, хойд, баруун, зүүн хилийг холбосон Монгол Улсын дэд бүтцийн үндсэн тэнхлэг  болох авто зам, төмөр зам, агаарын тээвэр,эрчим хүч, харилцаа холбоог бүрдүүлж  үндэсний хэмжээний дэд бүтцийн удирдлагын төвийг байгуулна гэж тусгасан нь сайшаалтай ч одоогоор хэрэгжих эхлэл тавьсан зүйл алга. Түүнчлэн  Байгаль нуур-Хөвсгөл нуурыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх тээврийн сүлжээг бий болгоно. Аялал жуулчлалын гол бүс нутгуудад агаарын тээврийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлж, Завхан, Хөвсгөл аймгийн төвүүдийн нисэх онгоцны буудлыг олон улсын зэрэглэл (4С)-тэй болгоно гэх мэтээр алсан хараад тусгасан нь хил орчмын аялал жуулчлал түргэн сэргэх нэг давуу тал юм. Гэхдээ мезо, микро бүсүүдийн төвүүдийг улс, бүсийн чанартай авто замын сүлжээтэй холбож, тээвэр, логистикийн төвүүдийг байгуулж хилийн боомтуудын барилга байгууламж, тоног төхөөрөмжид шинэчлэлт хийж, олон улсын стандартад нийцүүлэн, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зэргээс шалтгаалж олон сая жуулчдаа шингээх гарц нь энэ юм. Түүнчлэн Монгол үндэсний ялгарал юу байх юм, бидний алсын хараа юу юм гэдгээ тодорхойлж, иргэн бүр нь мэддэг байх. Монгол Улсын 2050 алсын харааг хэдэн иргэн мэдэж байгаа бол.Иргэн нь мэддэггүй алсын хараа хэзээ ч иргэдийнхээ сэтгэл зүрхний галыг асаахгүй.Сэтгэлийн гал нь асч нэг зүгт тэмүүлсэн ард түмэн хамгийн хүчирхэг. Үндэсний маркетингаа хүчтэй хийж байгаа дэлхийн улсуудыг анзаарч байхад тэд  дэлхийн асуудлыг шийдэлцэх, хүн төрөлхтний сайн сайханд хувь нэмэр оруулах гэсэн алсын хараагаараа ялгарч байна. Тухайлбал, бидэнтэй соёл уламжлалаараа  төстэй Бутан улс Хималайн нурууны энгэрт нэг сая ч хүрэхгүй цөөхөн хүн амтай, хөгжиж буй орон яагаад дэлхийн аялагч нарын заавал очихыг хүсдэг арван орны тоонд багтчихав. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах нь дэлхийн бүх улс орны зорьж буй нэгдмэл асуудал болоод байгаа энэ цаг үед үндэсний газар зүйн суваг буюу “National Geographic” –аас Бутан улсыг хүлэмжийн хийг тэглэсэн дэлхийн анхны орон хэмээн зарласан.Үүнийгээ бутанчууд аялал жуулчлалын гол маркетингаа болгон ашиглаж “Манай орон хүлэмжийн хийг сөрөг утгатай болгосон дэлхийн анхны орон.Та дэлхийн цаг уурын өөрчлөлтийг сааруулах үйл явцад хувь нэмэр оруулъя гэвэл манай орон руу аялаарай” гэсэн сурталчилгаа хийж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.21  МЯГМАР № 185 (6662)

сандаг
харилцааны соёл , ахуйн байдал , тэгээд жаахан л эрэлт өсүүт үйлчилгээний болон буудлуудын үнээ тэнгэрт тултал нэмдэг зан л манай жуулчны салбарыг гадаад дотоодын жуулчдад ч нэр хүндгүй болгодог нь ажиглагдаад байна. оросууд авах гээд ирдэг хэдэн савхин эдлэлийнхээ үнэ харцгаа.