Б.ДОЛЖИНЖАВ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотод өчигдөр эхэллээ. Уг чуулганд манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ. Тус чуулганыг “халдварын супер тараагч” болох вий гэсэн анхааруулгыг үл тоон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тэргүүтэй дэлхийн 100 гаруй орны төр, Засгийн газрын тэргүүнүүд АНУ-ын Нью Йорк хотноо чуулж байна. Халдварын тархалтаас сэргийлэхийн тулд тус хот COVID-19-ийн вакцины гэрчилгээг шаардаж байгаа. Энэ журмыг мөрдөхийг НҮБ-д уриалсан юм. Гэвч ОХУ-ын НҮБ дахь төлөөлөгч Вассили Небензиа вакцины гэрчилгээтэй хүмүүсийг чуулганд оруулахыг эсэргүүцэж байгаагаа захидлаар илэрхийлсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ. Учир нь бүх орон АНУ-д зөвшөөрсөн вакциныг дархлаажуулалтдаа ашиглаагүй юм. Ийн энэ чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар “CNN” сайтаас орчуулан хүргэе. 
Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дээд хэмжээний энэ уулзалтаар дэлхийн улс орны удирдагчид цар тахлыг зогсоох болон цар тахлын улмаас доройтсон дэлхийн эдийн засгийг хэрхэн сэргээх гэсэн хоёр үндсэн асуудлын хүрээнд санал солилцоно. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Бидний одоогийн сонголт хүн төрөлхтөн, эдийн засаг, байгаль орчноо сүйтгэх үү эс бөгөөс хүрээлэн буй орчноо цэвэр ариунаар нь хойч үедээ өвлүүлэх үү гэдгийг шийдвэрлэнэ. Дэлхий дээр COVID-19  хэмээх “дайн” төгсөх ёстой. Үүнийг эцэслэхэд вакцины хүртээмжийн асуудал бидэнд тулгараад байна” гэж хэлэлцэх асуудлыг тоймлон мэдээлэв. Эрүүл мэндийн салбарын шинжээчид дэлхийн бүх оронд сүргийн дархлаа тогтоогүй цагт COVID-19  цар тахал алга болохгүй, дахин дахин биднийг өвчлүүлсээр байхыг анхааруулсан билээ. Тиймээс ДЭМБ-аас ядуу орнуудад нэг ч тун вакцин очоогүй байхад баян орнууд вакциныг нөөцлөн нэмэлт тунд иргэдээ хамруулж байгааг хурцаар шүүмжилсэн. Тодруулбал, дэлхий дахинаа дархлаажуултад ашиглаад байгаа вакцины 70-аас их хувьд 10 орон иргэдээ хамруулсан байна. Тиймээс чуулганаар хэлэлцэх асуудлын нэн тэргүүнд вакцины хүртээмж багтжэээ. 
Цар тахлаас гадна энэ жил Афганистаны нөхцөл байдал, мөргөлдөөн, Иран болон Хойд Солонгосын зөрчил, АНУ болон Хятадын өрсөлдөөн гэсэн хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ. Мөн цөмийн хөдөлгүүртэй холбоотой хэлэлцээрийн дараа Франц улс Америк болон Австралиас өнгөрсөн баасан гарагт элчин сайдуудаа эргэн татсан асуудлаар Парис хурц мэдэгдэл хийнэ хэмээн таамаглаж байна.Дэлхийн нийтээр дэлхийн дулаарлаас үүдсэн ойн түймэр, үер, хэт халалт гэсэн байгалийн гамшигт өртөж, олон хүн амиа алдсан жилийг үдэх гэж байна.НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн шиэн судалгаанд дэлхий аж үйлдвэрийн өмнөх үеэс 2.7 градусаар дулаарсан талаар дурджээ. Тиймээс энэ асуудлаар чуулганы эхний өдөр буюу даваа гарагт ярилцлаа. Харин пүрэв гарагт уур амьсгалын өөрчлөлтийн талаар НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн  тусгай нээлттэй мэтгэлцээн болно. Маргааш нь тогтвортой эрчим хүчний талаарх цахим уулзалттай. Энэ нь 1981 оноос хойших уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой дээд хэмжээний арга хэмжээ юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.21  МЯГМАР № 185 (6662)