С.УЯНГА

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлээд амралтын өдөр дамнаад Улаанбаатарт гурван том арга хэмжээ өрнөлөө. Сүхбаатарын талбайд “Номын баяр”, Хүүхдийн паркад “Digital Nation-2021” үндэсний арга хэмжээ, Төв цэнгэлдэхэд ногооны худалдаа боллоо. “Номын баяр” болдгоороо гоё болов. 1990-ээд оны их хямралаас хойш номноос баахан холдоод байсан монголчууд одоо уншдаг болсон. “Номын баяр”-ыг жилдээ хэд ч хийсэн, төв талбай дүүрэн л байх шинжтэй. Энэ жилийн хувьд зохиолч яруу найрагчдаас гадна байгууллага, компаниуд өндөр ач холбогдол өгч оролцож байгаа нь харагдана лээ. 
Төв цэнгэлдэхэд ногооны худалдаа болж байна. Хотынхонд бас л боломж. Өвлийн бэлтгэлээ базаагсад энэ өдрүүдэд Төв цэнгэлдэхийн “торгон ногоон дэвжээ”-г тойрч өнжив. 
Харин жил бүрийн намар болдог “ICT Expo” үзэсгэлэн энэ жил асуудал дагууллаа. Амралтын өдрүүд дамнуулан энэ арга хэмжээг шүүмжилж байх юм. “...Олон хүн цугласан” гэнэ. Үнэхээр ч залуус олноороо цугласан байв. Залуус голдуу иргэд сонирхохгүй байх ч аргагүй ажээ. 
Бас “...Ерөнхий сайд очиж үг хэлсэн” гэв. Ерөнхий сайд ч бас нээлтэд нь очоод “...Одоогоос нэг жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар цахим үндэстэн болох зорилт дэвшүүлж, “E-Mongolia” цонхонд төрийн байгууллагуудын салангид үйлчилгээг нэгтгэх шийдвэр гаргаж байлаа. Тухайн үед 23 байгууллагын 181 үйлчилгээг авах боломжтой байсан бол өнөөдөр 56 байгууллагын 540 гаруй үйлчилгээг “E-Mongolia”-д та, бид хамтдаа нэгтгэж чадсан байна. Төрийн үйлчилгээ цахимжсанаар өнгөрсөн хугацаанд иргэдэд 3.7 сая удаагийн цахим үйлчилгээ үзүүлж, цахим хэрэглээ зургаа дахин нэмэгдэж, 733 мянган гар утасны хэрэглэгчидтэй болж, иргэдийн цаг хугацаа, бичиг баримт бүрдүүлэлт, унааны зардлаас 46 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж чадсан байна” гэж ярьжээ.
Уг нь энэ үзэсгэлэн “Мишээл экспо”-д болдог байв. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар зохион байгуулдаг үзэсгэлэн л дээ. Энэ жил 15 дахь нь боллоо. Олон компани оролцсон, дээрээс нь цар тахлын үе учраас Хүүхдийн паркад зохион байгуулжээ. Зар сурталчилгаагаа сар гаруйн өмнөөс эхлүүлж, энэ арга хэмжээг зохион байгуулах зөвшөөрлийг нэлээд эрт авчээ. Онцгой комисс эхлээд цааргалж, дараа нь зөвшөөрсөн хариугаа ирүүлсэн байгаа юм. 
Ингэж “ICT Expo” үзэсгэлэн “Digital Nation-2021” үндэсний арга хэмжээ болж өргөжив. Ерөөс энэ “Digital Nation-2021” арга хэмжээ нь монгол инженерүүдийн бүтээлээр арвин байлаа. Үндэсний 120 компани оролцов. Түүнчлэн гурван өдөр үргэлжилсэн энэхүү “Digital Nation-2021” арга хэмжээний үеэр 5G туршилт, Монголын анхны дрон шоу болон гэрлийн шоу үзүүлбэр боллоо. Бас төрийн үйлчилгээний “E-Mongolia” цахим системийн шинэчилсэн хувилбарыг олон нийтэд танилцууллаа.
Зохион байгуулагчид нь үүнд нэлээд ач холбогдол өгсөн. Учир нь Монгол Улс 2023 онд 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорилт тавьсан. 5G туршилтыг үндэсний томоохон компаниуд хийж,  түүнд тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулав. Ингэж 5G-г энэ арга хэмжээгээр эхлүүлж буй ажээ.
За ингээд, үргэлжлүүлээд үндэсний компаниудынхаа, монгол инженерүүдийнхээ бүтээлүүдийг танилцуулах байсан бол сайхан байв. 
Ер нь бол энэ Засгийн газар байгуулагдсан цагаасаа хөл хорионоос татгалзах байр суурьтай явж ирсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд хөл хорио биш бүх талаар чөлөөлөх бодлого барих болсон. Вакцинжуулалтад иргэдээ амжилттай хамруулсан. Тиймээс эдийн засгийг сэргээх арга хэмжээнүүд нь ажил хэрэг болоод явж байна. Энэ хүрээнд Засгийн газар, Онцгой комисс дээр нэр дурдсан гадаа задгай талбай дахь арга хэмжээнүүдийг дэмжсэн байгаа юм. Гэтэл нөхөн сонгууль угтсан хөөрхөн улс төр хийж, маш хэрэгтэй арга хэмжээний ач холбогдлыг бүдэгрүүлж орхив. 
Гэтэл Европ хөлбөмбөгөө, Япон сүмогоо үзэгчтэй зохион байгуулаад эхэлсэн. Манайх ч гэсэн есдүгээр сарын 1-нээс хүүхдүүдээ танхимаар хичээллүүлж байна. Том худалдааны төвүүд, хүнс барааны захууд хавраас хойш хэвийн л ажиллаад байгаа. Зургийг нь дарж аваад харвал ч... 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.20  ДАВАА № 184 (6661)