Б.БЯМБАЖАРГАЛ

Манай улс Төв Азийн далайд гарцгүй 12 улсын нэг. Дэлхийн ачаа тээврийн 80 гаруй хувь нь далайн тээврээр явагддаг.

Монгол Улс 1996 онд Далайн эрх зүйн  конвенцид нэгдэн орж далайн эрэг бүхий улсуудын нэгэн адил далайн тээвэрт оролцох, олон улсын худалдааны сүлжээнээс эдийн засгийн үр ашгийг хүртэх боломжтой болсон ч хангалттай ашиглаж чаддаггүй. Энэ талаар ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны дарга Б.Биндэръяа “Зууны мэдээ” сонинд ярилцлагадаа “Манай улс 1999 онд Далай ашиглах тухай хуулийг батлан гаргаж хөрш улсуудаар дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдвэрлэх, найдвартай далайн гарцтай болох, далайд тээвэр хийх үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Далайн захиргааг байгуулсан. Манайх Далайн тээврийн асуудлаар олон улсын конвенци, гэрээ, дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын далбааг мандуулсан далайд тээвэр хийх хөлөг онгоцыг бүртгэхэд хяналт тавьж ажилладаг. Мөн боомт ашиглах, далайн тээвэр эрхлэх, дотоодын усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, далайн салбарын үндэсний боловсон хүчин бэлтгэхэд үйл ажиллагаа явуулдаг. Далай ашиглах тухай хуулийг 1999 оноос баталснаас хойш Монгол Улсын хөгжил ялангуяа, гадаад худалдаа, тээврийн салбарт том өөрчлөлт гарсан. Түүнчлэн олон улсын зах зээлд нэвтэрч эхлээд байгаа. Үүнтэй уялдаад олон улсын түвшинд далайн тээврийн зах зээлд эрх тэгш оролцохын тулд Монгол Улсын нэгдэн орсон далайтай холбоотой олон улсын гэрээ конвенциудаар хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай” гэжээ. Мөн тэрээр Далайн ашиглах тухай хуулийн талаар дурдахдаа “Зарим нэг зайлшгүй заалтыг дотоодын хууль тогтоомждоо тусгах, эрх үүргээ хэрэгжүүлэх арга механизмыг тодорхой хуульчилж ямар нэг зөрчил, осол гарахад хариуцлага хүлээлгэх, түүнийгээ хэрэгжүүлэх тогтолцоог тодорхой болгох хэрэгтэй байна. Мөн Далай ашиглах тухай хууль нь зөвхөн Монголын далбаан дор далайн тээвэр хийх хөлөг онгоц бүртгэх ажиллагааг зохицуулсан үйл явцын хууль байж болохгүй. Далай ашиглах, далайн тээврийн салбарыг тээврийн бусад салбартай уялдуулж, нэгдмэл сүлжээнд оруулах хэрэгтэй. Ложистикийн зөв үйл ажиллагаа, эдгээрийг зохицуулах төрийн бодлого, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх зөв тогтолцоог бий болгоход дэмжлэг болж найдвартай байдлыг харуулж чадахуйц үзэл баримтлалтай, агуулгатай байх шаардлагатай” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.13 ДАВАА № 179 (6656)