З.БАТЦЭЦЭГ

Английн түүхч, гүн ухаанч, эдийн засагч Дэвид Хьюм (1711-1776) Шотландын нийслэл Эдинбургт хуулийн зөвлөгч язгууртны гэр бүлд төржээ. Гэр бүл нь түүнийг хүүхэд байхаас нь хуульч болно гэж найдаж байсан ч тэрбээр өсвөр насандаа хууль, уран зохиолоос өөр юу ч сонирхохгүй байгаагаа гэр бүлийнхэндээ хэлсэн байна. Гэвч аав нь түүнд дээд боловсрол эзэмшүүлэх боломжгүй байлаа. Тэр Эдинбургийн их сургуульд орсон ч тун удалгүй Бристоль явж худалдаанд хүчээ үзэхээс өөр аргагүй болов. Аав нь нас барсны дараа 1734 онд ээж нь түүнийг Франц явж боловсрол эзэмшихэд нь саад болоогүй юм. Францад гурван жил Ля-Флеш коллежид сурчээ. Францад  гурван боть “Хүний уг чанарын тухай номлол” номоо гаргасан ба дараа нь Лондонд 1738-1740 онд хэвлэгдэн гарсан. Эхний боть нь мэдлэгийн онол, хоёр дахь боть нь хүний нөлөөллийн сэтгэл зүй, гуравдугаар боть нь ёс суртахууны онолын асуудлын тухай юм. Хьюм өөрийн гол гүн ухааны дүгнэлтдээ эрт 25 насандаа хүрсэн. Ер нь гүн ухааны ажлуудаа 40 наснаасаа өмнө бичсэн, түүнээс хойш өөрийгөө түүх, соён гэгээрүүлэх ажилд зориулсан. 
Хьюм эмпирикүүдийн адил оюун санаа төрөлхийн бус, туршлагаас бүрддэг гэж үздэг. Мөн тэрбээр мэдрэхүйн эрхтэнд итгэдэггүй. Өөрөөр хэлбэл, бүх мэдлэгийг туршлагаас олж авдаг, мэдрэхүйн сэтгэгдлүүдийн бодит байдалд эргэлздэг. Бүтээлийг нь уншаад хүмүүс ойлгож, хүлээж авч чадаагүй. Нас барахаасаа хагас жилийн өмнө бичсэн намтартаа “Ямар ч зохиолчийн анхны ном миний “Хүний уг чанарын тухай номлол”-оос илүү амжилттай байсан. Гэхдээ би байгалиасаа хөгжилтэй, өөдрөг хүн тул энэ цохилтыг хурдан даван гарч, тосгондоо ажлаа илүү идэвхтэй хийж эхэлсэн” хэмээн бичсэн байдаг. Түүний бүтээл их хэцүү хэлээр бичигдээгүй ч, их ухаан зарж, ойлгож уншихаар байлаа. Мөн түүнийг шүтлэггүй гэсэн цуу яриа дэгдсэнээс болж тэр багшилж чадахгүй байсан. 


Тэрбээр 1740-өөд оны эхэн үед өөрийн гол бүтээлийн санааг алдаршуулах гэж товч хураангуй гаргасан ч энэ нь уншигчдын сонирхлыг татаагүй юм. Энэ үед тэрбээр Шотландын шашны соёлын хэд хэдэн чухал төлөөлөгчтэй холбоо тогтоожээ. Ялангуяа, ёс зүйч Хатченсонтой захиагаар харилцах, алдарт эдийн засагч Смиттэй дотно найзууд болсон нь их чухал байлаа. 1741-1742 онд “Ёс зүй, улс төрийн эссэ” гэх ном бичсэн. Энэ номонд тэрбээр нийгэм, улс төрийн асуудлыг өргөн цар хүрээтэй бичснээр нэлээд амжилтад хүрсэн юм. Хэцүү чухал сэдвээр бичиж чаддаг гэдгээ Хьюм энэ номоор нотолжээ. Тэрбээр амьдралыхаа туршид 49 нийтлэл бичснээс ес нь нийтлэгдсэн байна. Үүнд эдийн засгийн нийтлэл, гүн ухааны эссэ, тэр дундаа “Амиа хорлолтын талаар”, “Үхэшгүй мөнх”, “Стоик”, “Эргэлзээ” бүтээл нь багтдаг. Италид байхдаа Хьюм “Хүний уг чанарын тухай номлол” номын эхний ботио хураангуйлан гаргасан нь гүн ухаан судлаачдын судалдаг алдартай номнуудын нэг болжээ. 

Тэрбээр түүхэн үйл явдлыг хувь хүний зан ааш, хүсэл зориг, мэдрэмжээс хамаарсан хэрэглээний сэтгэл зүй гэж үздэг. Төрийн үүсэл гэдэг нь хүмүүс дуулгавартай дагаж мөрддөг цэргийн удирдагчдын бэхжүүлэлтийн үр дүн. Хьюмын сэтгэл зүйн хандлагын үед XVIII зууны Английн түүх судлалын хувьд ер бусын зүйл байсан. 


Хьюм өөрийн намтартаа “1752 онд хуульчдын нийгэмлэг намайг номын санчаар сонгосон. Энэ ажил надад ямар ч орлогогүй байсан ч их ном ашиглах боломжийг олгосон юм. Энэ үед би “Английн түүхийг” бичихийг хүссэн. Гэвч XVII зууны туршид үргэлжилсэн түүхэн үеийг бичих зориг хүрээгүй юм. Тиймээс би Стюартын хаант засаглалаас эхэлж бичсэн. Би амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байлаа. Гэтэл намайг шүүмжилж, дургүйцэж, бараг үзэн ядсан англичууд, шотландууд, ирландууд, вигүүд, торууд, сүмийнхэн, эх орончид, хааны ордныхон бүгд нэг хүний эсрэг нэгдсэн. Хамгийн гунигтай нь бүгд энэ бүхний дараа номыг ор тас мартсан юм” гэжээ. 
Хьюм “Английн түүх”-ээ XVII зууны Стюартынханд зориулсан ботиос эхлэн гаргажээ. 1640 онд лорд Страффорд, Карл I хэрцгийгээр хөнөөсөнд тэрбээр дургүйцлээ илэрхийлсэн. Тэрбээр түүхэн үйл явдлыг хувь хүний зан ааш, хүсэл зориг, мэдрэмжээс хамаарсан хэрэглээний сэтгэл зүй гэж үздэг. Төрийн үүсэл гэдэг нь хүмүүс дуулгавартай дагаж мөрддөг цэргийн удирдагчдын бэхжүүлэлтийн үр дүн. Хьюмын сэтгэл зүйн хандлагын үед XVIII зууны Английн түүх судлалын хувьд ер бусын зүйл байсан. Энэ нь намын нэг талыг барьсан үнэлгээтэй холбоотой юм. Түүний хандлага Шотландын түүхэн уламжлалд илүү нийцэж байлаа. Тэрбээр Шотланд үндэстэнд харьяалагддаг бөгөөд шотланд аялгаасаа салах дургүй байдаг байсан. “Английн түүхийн” эхний ботийг тааруухан хүлээж авсан нь түүний шашинд хандах хандлага бас их нөлөөлсөн. Тэр үед Англи протестан шашинтай байсан үе. Тиймээс Хьюм католик шашинд хандаж байгаа хандлага XVIII зуунд эргэлзээ төрүүлж байлаа. 


Нийтдээ Хьюм зургаан боть гаргаснаас хоёр нь дахин хэвлэгдсэн байдаг. “Английн түүхийн” хоёрдугаар ботийг арай илүү халуун дулаанаар хүлээж авсан. Дараагийн ботиуд гарахад бүр илүү олон уншигчтай болсон байж. Бүх боть нь зарагдаж дуусаад бүр Францад хэвлэгдсэн. Хьюм хэлэхдээ “Би хангалуун байгаад зогсохгүй бүр баян болсон. Би Шотландад эх орондоо буцаж ирээд эндээс дахин явах төлөвлөгөөгүй байна. Би 50 нас гарсан учраас гүн ухааны эрх чөлөөгөө үхтэлээ хадгална гэж найдаж байна” гэж бичсэн байдаг. Хьюм Эдинбург дэх гэрээ гүн ухаан уран зохиолын салон болгож хувиргав. Хьюмын ном герман, франц, бусад европын хэл дээр орчуулагдсан. Тухайн үедээ Английн хамгийн алдартай зохиолч байсан. Гэвч 1760 онд Георг III хаан болсноор байдал өөрчлөгдсөн байна. 1762 онд Вигийн 70 жилийн турш төр барьсан засаглал дуусч, Хьюм өөрийн эргэлзээтэй хандлагаараа “хувьсгалын эсрэг эцэг” гэгдэх болов. 1763 онд Англи, Францын дайн дуусч, Хьюмныг Франц дахь Английн элчингийн нарийн бичгээр ажиллахыг урьсан. Хоёр жил гаруй тэрбээр Парист дипломат ажилтан байжээ. Парист тэрбээр олны анхаарал, халамжийн дунд умбаж байлаа. Тэр Парист бүр мөсөн үлдэх бодолтой байсныг нь Адам Смит ятган болиулжээ. 1766 онд Англид буцаж ирээд төрийн нарийн бичгийн даргын туслах болов. 1769 онд ажлаа өгөн, төрсөн хотдоо буцаж ирсэн байна. Тэр үед тэрбээр эртний мөрөөдлөө биелүүлэн өөрийгөө авьяастай гүн ухаанчид, уран зохиолчдоор хүрээлүүлэв. Тэрбээр Эдинбургийн гүн ухааны нийгэмлэгийн нарийн бичгийн дарга болон өөрийгөө гэгээрүүлэх үйлсэд зориулах болов. Энэ нийгэмлэгт ёс зүйн гүн ухааны профессор Адам Фергюсон, эдийн засагч Адам Смит, анатомич Александр Монро, мэс засалч Уильям Каллен, химич Жосеф Блэк нар орж байсан. XVIII зууны хоёрдугаар хагаст Эдинбургийн соёлын цэцэглэлт энэ нийгэмлэгтэй шууд холбоотой. Хьюм 1776 оны наймдугаар сард 65 насандаа өөд болжээ. Түүнийг нас барахаас хэд хоногийн өмнө Адам Смит түүний “Намтар түүхийг” хэвлүүлнэ гэж амалсан гэдэг. 

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2021.9.15 ЛХАГВА № 181 (6658)