С.САРУУЛ

Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг ходоодны дуранг хамраар харьяалал харгалзахгүй хийж эхэллээ. Ходоодыг манайд ихэвчлэн амаар дуранддаг. Энэ нь огиудас хүргэж, зовуурь ихтэй байдгаас гадна мэдээ алдуулалт хийдэг тул дурандуулснаас хойш 2-3 цагийн дараа хооллодог. Харин тус эмнэлгийн шинээр нэвтрүүлсэн тоног төхөөрөмжөөр ходоодыг хамраар дурандахад ямар ч зовуурьгүйн дээр мэдээ алдуулалт хийдэггүй болохоор дурандуулсны дараа хугацаа заахгүйгээр шууд хооллох боломжтой аж. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасгийн эрхлэгч Г.Ганзоригт  “Хамрын дуранг хийж болохгүй тохиолдлууд бий. Энэ нь хамрын төрөлхийн нарийн системүүд гэмтсэн, нарийсалттай болсон үед дурандаж болдоггүй” гэв.  Долоо хоногийн өмнөөс хамраар ходоод дурандаж эхэлсэн тус эмнэлэгт харьяа дүүрэг харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой бөгөөд тэтгэврийн насны болон, группт байдаг иргэд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 100 хувь эрүүл мэндийн даатгалаар үзэн, үйлчилж байна. Харин эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал төлдөг иргэд 18 мянган төгрөг төлөн ходоодоо дурандуулах боломжтой юм.

Эх сурвалж: www.polit.mn