З.Батцэцэг

Зуны сүүлийн ням гарагт Канье Вэст өөрийн шинэ цомог Donda”-г танилцууллаа. Хамгийн олон дуутай (27 дуу) түүний 10 дахь шинэ цомог худалдаанд гарахаасаа өмнө ихээхэн шуугиан дэгдээсэн. Нээлтийг  нь хэд хэдэн удаа хойшлуулсан. Йе (Вэстийн шинэ нэр) гэж үнэндээ хэн бэ? гэдэг гурван том асуулт үүсэж байна. Нэрт хөгжимчин, сайн маркетлогч эсвэл ээжээсээ өнчирсөн хүү юу?  ОХУ-ын “Собака.ру”-ийн редактор Даша Гладких түүний үйл хөдөлгөөн бүрийг сайн ажигласны дүнд бүх хариултыг олсон бололтой.  

1. Яг энэ зураг “Donda” цомогны нүүрэнд хэвлэгдэх ёстой байсан. Канье энэ зургийг 2020 оны долдугаар сарын 25-нд анх Твиттер хуудаснаа тавьжээ. Пьер Луи Обре-ийн бүтээл.

 

Ээжийхээ араас гашуудсан хүү

Канье Вэст 1977 оны зургадугаар сарын 8-нд Атлантад төржээ. Түүний аав Рэй Вэст өмнө нь Хар Ирвэс (Африк гаралтай Америк иргэдийн эрхийг дэмжих зорилготой хэт зүүний үзэлтнүүд) болон The Atlanta Journal-Construction-д фото сэтгүүлч хийж байсан анхны өнгөт арьстангуудын нэг юм. Дараа нь Рэй христийн шашины зөвлөх болсон байна.

 2019 онд Канье Jesus is King цомогтоо аав нь түүнд шашныг таньж мэдүүлсэн гэдгийг илэрхийлсэн байдаг. Ээж Донда нь Атлантын Кларкийн Их Сургуулийн англи хэлний профессор, Чикагогийн Их Сургуулийн деканаар ажиллаж байсан. Тэтгэвэрт гарсаныхаа дараа хүүгийхээ менежер хийж байжээ.

Каньег гурван настай байхад аав, ээж нь салж, тэрээр ээжтэйгээ Чикагод амьдрах болжээ. Хожим нь тэрээр охиндоо Чикаго гэж нэр өгсөн байна. 20 насандаа тэрбээр хөгжим, хичээлээ хамтарч хийж чадахгүй болсон тул Чикагогийн Их Сургуулийг хаяжээ. Ээж нь энэ шийдвэрт нь их уурласан гэдэг. Тиймээс тэрээр анхны цомгоо “Коллежоо хаясан нь” гэж нэрлэжээ. “Надад насан туршид минь коллеж төгсвөл сайхан амьдрал хүлээж байгаа гэж хэлдэг байсан. Гэхдээ зарим нэг карьерт коллеж нөлөөлдөггүй. Канье “Коллежоо хаясан нь” цомгоо хийхэд маш их тэвчээр шаардагдсан” гэж хожим нь Донда ярьсан байдаг.

Донда Вэст 2007 оны 11 дүгээр сарын 10-нд 58 насандаа өөд болжээ. Хагалгааны дараах хүндрэлийн улмаас зүрх нь зогссон аж. Үүнээс нэг хоногийн өмнө тэрээр өөх соруулах, хөхөө багасгах хагалгаанд оржээ. Хагалгаанд орохоос өмнө Донда эмчийн үзлэгт орхоосоо татгалзсан байна. Гоо сайхны мэс засалч Андре Аболиан түүнийг эмчийн үзлэгт ор гэж ятгаад дийлээгүй юм. Тэр үед Донда өөр эмч Жен Адамсд хандан, эмчийн үзлэггүйгээр хагалгаанд оржээ.

Канье-ийн хувьд ээжгүй үлдэнэ гэдэг гар, хөлгүй болсонтой адил. Тэр өөрийгөө ээжийхээ үхэлд буруутгаж байлаа. “Хэрвээ би Лос-Анжелест нүүж ирээгүй бол ээж амьд байх байсан...”. Донда Вэст нас барсаны дараа олон хүний амийг аварч болох өөрчлөлтүүд эхэлсэн юм. 2009 онд Калифорнийн амбан захирагч Арнольд Шварцнеггер “Донда Вэстийн хууль” гэж гаргасан. Энэ хуульд гоо сайхны хагалгаанд орохоос өмнө заавал эмнэлгийн үзлэгт хамрагдах ёстой гэж тусгажээ.

 “Donda” бол Канье-ийн ээждээ зориулсан 2 цагийн цомог юм. Энэ нь Вэст өөрийн амьдралыг ухамсарлаж, эмгэнэлт өөрчлөлттэй эвлэрэх гэсэн оролдлого. Цомгийн эхэнд дуучин Сайлин Жонсон 52 секундын турш Дондагийн нэрийг давтан хэлдэг. Сайлин урьд нь түүний анхны цомог дээр хамтран ажиллаж байсан. Үүний араас Jay-Z ээжид нь зориулж “Jail” дууг дуулдаг. Энэ бол Канье тэр хоёрын сүүлийн 10 жилд хамтарч ажилласан анхны бүтээл. Тэд 1990-ээд онд танилцсан бөгөөд 2010 онд Канье Jay-Z-ийн “The Blueprint” цомгийн продюсерээр амжилттай ажиллан, 2011 онд хамтдаа “Watch the Throne” цомог гаргажээ. Хэрүүл маргаанаа мартан, уг цомгийн хоёр дахь хэсгийг  “Hova, Yeezus” нэртэйгээр гаргах тухай Jay-Z ярьж байна.

Шинэ бүтээлийн дунд хэсэгт орсон “Donda” дуунд Канье ээжийхээ нас барахаасаа сар хүрэхгүй хугацааны өмнө Чикагогийн Их Сургуульд ярьсан ярианы хэсгээс оруулжээ. Уг ярианд Донда өөрийн номны талаар болон мөн 2007 онд хэвлэгдсэн “Каньегийн хүмүүжил: Хип-хопын супер одын ээжийн амьдралын сургаалаас” номны талаар ярьсан байна. Мөн энэ яриандаа тэр алдарт яруу найрагч, зохиолч Гвендолин Бруксийн амьдрал, уран бүтээлийн талаар ярьжээ. Ер нь бол Канье уран бүтээлдээ ээжийгээ дурсдаг. 2005 онд ээжийгээ амьд байхад гаргасан Late Registration цомгийн Hey Mama дуундаа ээжийх нь тахианы шөл сэтгэлийг нь эмчлэх увидастай, ээж нь яаж түүнд дугуй унахыг зааж байсан, хэзээ дуртай цагтаа утасдаад юу ч гуйж болдог талаар дуулсан байдаг. Ээжийгээ нас барсанаас хойш зургаан сарын дараа Grammy шагналын үеэр уг дуугаа шинэчлэн “Урьд шөнө би таныг зүүдэллээ. Одоо дахиад унтахаа тэсэн ядан хүлээж байна” гэж дуулжээ.

2010 оны My Beautiful Dark Twisted Fantasy цомогтоо “Ээжийн найз залуу” гэж дуу орох ёстой байсан. Гэвч тэрээр оруулаагүй, харин хэд хэдэн удаа амьд тоглолт дээрээ дуулж байсан байна. 2014 онд ээжийхээ нэрийн өмнөөс Only One дуугаа гарган “Охиндоо миний тухай ярьж өгөөрэй” гэсэн өгүүлбэрээр төгсгөсөн байдаг. Үүний дараахан Анкасвиллд тоглолтын үеэрээ Канье “Би засахыг хүсдэг нэг л зүйл байдаг. Ээж, охин хоёрыгоо уулзуулахыг хүсдэг” гэж хэлж байсан. 2012 онд тэрээр Donda” гэх бүтээлч агентлаг байгуулсан. 2016 онд “Donda” тоглоом гаргахыг хүсэж, тоглогчид Дондаг диваажингийн хаалга хүрэхэд туслах ёстой байв.

2. Эмэгтэй хүний дүрс бүхий улаан, цэнхэр нүүр нь Франц-Америкийн зураач Луиза Буржуагийн бүтээлээс санаа авч бүтээжээ. Тэрээр бага насандаа ээжийгээ алдсан сэтгэл зүйн гэмтэлийг даван туулахын тулд уран бүтээл туурвиж эхэлжээ.

Шилдэг маркетлогч

Түүний 10 дахь бие даасан цомгийн анхны танилцуулга нь No Child Left Behind байсан. Тодруулбал, чихэвчний рекламны үеэр доолдугаар сарын 21-нд нэг минутын хэсгээс нь тоглосон. Уг дууг рэпер Vory-тай хамтарч хийсэн. “Дахиад би нуруугаараа хананд туллаа. Хэзээ ч таныг дуудаж байгаагүй, хэзээ ч танд найдаж байгагүй. Зөвхөн Бурханд л найдна” гэж Vory дуулахад Канье “Тэр надад гайхамшигийг бүтээсэн” гэж давтан хэлдэг. Студио-21 радиогийн хөтлөгч, Кармаполитаны редактор, Америкийн гол рэп-сурган хүмүүжүүлэгч Сэм хэлэхдээ “Donda” цомогт нэг ч хараалын үг байхгүй байхыг бодоход Иисус үнэхээр Каньег аварчээ гэсэн байна.

“Donda” цомог гаргах бэлтгэл ажлын үеэр тэрбээр үндсэндээ өөрийгөө тусгаарлажээ. Mercedez-Benz стадионд өөрийгөө түгжин, цомгоо бичиж дуусталаа гараагүй байна. Наймдугаар сарын дунд үед өөрийн цомог гарах хугацаагаа өөрчлөхөд түүний Yeezy пүүзний эрэлт хэрэгцээ 347% өсчээ. Наймдугаар сарын 5-нд цомогны нээлтийн үеэр мөн Apple Music-д зориулсан цомгийн бичлэгийн эцсийн шатны танилцуулгын үеэр өмссөн сум нэвтэрдэггүй хантааз нь 20 мянган доллараар зарагджээ. Billboard-ийн тооцоолсоноор цомгийн танилцуулгаар 5 сая доллар, барааны худалдаанаас 7 сая доллар олжээ. Шууд нэвтрүүлгээр Apple Music-ийн цомгийн танилцуулгыг хийхэд хэдэн долларын гэрээ хийсэн нь тодорхойгүй байна. Гэхдээ Вэст сервисын рекорд тогтоосон. Эхний шоуг 3 сая хэрэглэгч, хоёр дахь шоуг 5 сая хүн үзжээ. Энэ бол Каньегийн цомгоос олж байгаа ганц орлого биш. MRC Data-гийн тооцоолсноор долдугаар сарын дунд үеэс эхлэн наймдугаар сарын 9 хүртэл Вэстийн дууг сонсох нь 37% өссөн. Энэ нь багаар бодоход 350 мянган доллар нэмж орсон гэсэн үг. Үүнээс гадна, наймдугаар сарын 25-нд бие даасан аудио бичлэгүүдийг удирдах функцтэй өөрийн тоглуулагчаа танилцуулсан. Энэ нь дөрвөн өдрийн туршид 200 доллараар удаан хүлээсэн цомгийг сонсож болох цорын ганц талбар байсан. Жүжигчин Жастин Лабоиний хэлснээр “Канье цомгоо гаргах гэж яарахгүй байгаа. Учир нь тэрбээр шүтэн бишрэгчдэдээ яаралгүй, чанартай бүтээгдэхүүн хүргэхийг хүсэж байна” гэжээ.

Канье дэлхий даяар өөрийн бүхий л үйл хөдөлгөөнөө ажиглахад хүргэсэн. Өдөр тутмын үйлдэл, унтах, бэлтгэл хийх, найзуудтайгаа ярих гэх мэт. Бүтэн сарын турш тэр мэдээний гол баатар болж, цомог нь хамгийн их ярианы сэдэв болсон. Гэтэл цомог нь ямар болохыг хэн ч тааж хэлж мэдэхгүй. Тэр байхгүй зүйл дээр хэдэн саяын орлого олж, өөрийн хүрээлэгчдээ бас баяжих боломж олгожээ. Тйим ээ, одоо дэлхий даяараа Атлантад Mercedez-Benz стадион байдаг, улаан куртка нь түүний Gap-д зориулсан загвар, Кимийн хуримын даашинз бол Baleciaga-гийн сүүлийн 53 жилд гаргасан анхны хуримын даашинз гэдгийг хүн бүр мэддэг боллоо. Бүтээлээ туурвиж байхдаа, цомгийн нээлтээ шоу болгон хувиргаж, хажуугаар нь мөнгө олж тэр чадаж байна. Цомогийн 3 нээлт нь бүхэлдээ- зүрхэндээ байгаа хүнд ачааг хүлээж авч, тавьж явуулах байлаа. Тэр сүмийн хаалттай цомгийн нээлтэндээ ээжийгээ дурсан, Атланта хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон анхны шоуны үеэр “Акира” анимегийн дүр төрхөөр гарч ирэн, дараа нь хуяг өмсөж, диваажинд гарахын тулд дайны бурхан болж хувирдаг. Бурхантай уулзмагцаа бүх гүүрийг шатаадаг.

3. Энэ зураг бол- Донда Вэстийн хүүхэд насны зураг. Энэ зураг нь 2021 оны долдугаар сарын 22-нд болсон Donda Apple Music цахим үдэшлэгийн үеэр хамгийн сүүлд дэлгэцнээ харуулсан зураг юм.

 

 

Нэрт хөгжимчин

Шинэ цомог дээрээ ажиллаж эхлэхдээ бүх холбоогоо тасалсан. 2008 онд гарсан цомог нь түрүүчийн цомогуудаас тэс өөр. Ихэнх дуундаа автотюн ашиглан рэп унших биш, дуулахыг хичээдэг. Учир нь 2007 онд ээж нь нас барснаас хэдэн сарын дараа найз бүсгүй Алексис Фиферээс салдаг. TR-808 машины дуугаралтаар цомгоо нэрлэн, ихэнх дуу нь илүү электро поп, синти поп болжээ. Канье сонсогчдодоо өөрийн гашуудсан зүрх сэтгэл рүү өнгийж харахыг урьж, хип-хоп урсгалын чиг хандлагыг хэдэн жилийн өмнөөс тодорхойлсон.

2010 онд гаргасан 5 дахь бие даасан цомгоороо уй гашууг давж чадсан гэдгээ батлан, жинхэнэ солиорч эхэлсэн. Rolling Stone уг цомгийн талаар “хамгийн урам зоригтой”, “цэнгэлдэхийн рок, хип хопын бүх аялгуу, дисконы гялалзсан байдалтай”, “эрүүл ухаантай хүн ийм цомог гаргахгүй” гэж бичиж байлаа. Энэ цомог  Billboard-ийн зургаан ангилалд нэгэн зэрэг тэргүүлж, Pitchfork 10-аас 10 оноо өгч, “хамгийн шилдэг шинэ хөгжим” гэж нэрлэсэн. 2013 онд Вэстийн хамгийн ууртай цомог гарч, урд нь хийж байсан зүйлийг бас үгүй хийв. Вэстийн уур зөвхөн хөгжмөөр илэрхийлэгдээд зогссонгүй, дуу хоолойгоо сөөтөл нь хашгирч, ульдаг. Канье төгс зүйл хийх гэж сонсогчдоо тэвчээртэй хүлээлгэж сургасан. 2016 онд гаргасан цомгоо дараа засвар оруулж байсан. 2018 онд “Үе” цомог гаргасан. “Donda” бас нэлээн өөрчлөлтөнд орсон. Вэст бүтээлээ шаналж бичсэн. 2021 онд эхнэр, 4 хүүхдийнхээ ээж Ким Кардашьянаас салах болсон.

Канье “Donda” цомогтоо бүх хуучин найз нөхдөө дуудан оролцуулжээ. Бичлэгт Сайлин Жонсон, DaBaby, Francis and the Lights, Jay-Z, Marylin Manson, Vory, Fivio Foreign, Lil Baby, The weeknd, Ariana Grande зэрэг уран бүтээлчид уригдан оролцсон байна.  Ихэнх дууны продюсераар Майк Дин ажиллажээ.

“Donda” бол Канье Вэстийн амьдралаа ухамсарлах, эмгэнэлт үр дүнг хүлээн зөвшөөрөх гэсэн гайхалтай оролдлого юм. Цомогт ямар ч шинэлэг зүйл байхгүй, харин түүний бүх туршлагыг агуулсан. Цомог гарсаны 2 дахь хоногт 27 дуунаас 8 нь шууд хитэд орсон.  “Donda” бол Канье Вэсттэй олон жил хамт байсан зүйл юм. Энэ ачаа гар тээшинд багтахгүй ээ.

Сэм, Студио 21-ийн хөтлөгч “Өнөөдөр ням гараг. Канье бүх дэлхийг сүмд авчран, номлолын өмнө найрал дууны тайзан дээр гарч, дэлхийн хамгийн шилдэг хөгжимчдийг цуглуулжээ. Энэ түрэмгий, хар цагаан энергийн холимог надад их таалагдаж байна. Канье хамгийн дур булаам цомог гаргахыг шийдсэн бололтой. Энд бүх уран бүтээлч өөрсдийн оюун санаа, бурхадын тухай дуулж байна. Энэ бол гайхалтай” гэж Telegram хипкод каналд бичсэн байснаа дараа нь устгажээ.

Эх сурвалж: www.sobaka.ru