С.УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин “Өөр мэдээ” булангийнхаа зочноор залуу дуучин Г.Алтанхишигийг урилаа.

 

-Г.Алтанхишигийн анхны уран бүтээл “Цас” дууг ялангуяа залуучууд андахгүй. Сургуулиа төгссөн жилээ анхны бие даасан бүтээлээ туурвисан билүү? 

-Би 2015 онд СУИС-ийг Эстрад дуу дуулаачийн мэргэжлээр төгссөн. Сургуульдаа орчихоод бусад уран бүтээлчид шиг гоё дуу хийнэ дээ гэж боддог байлаа. Дуу хөгжимд маш их сонирхолтой учраас салж чадахгүй. Одоо бодоход анхны уран бүтээл маань их дурсамжтай санагддаг. Ангийнхаа залуугаар хөгжмийн найруулга, клипээ хийлгээд “Цас” дуугаа дуулсан. Анхны юм бүхэн дурсамжтай, давтагдашгүй байдаг шүү дээ. Одоо сонсохоор  гоё санагддаг.

Манай удамд, аав, ээжийн хоёулангийнх нь талд дуулах авьяас бий. Яг урлагийн мэргэжлийн хүмүүс биш ч гэсэн сайхан дуулчихдаг. Тэр авьяас надад өвлөгдсөн юм болов уу. Багаасаа дуулж, бүжиглэж урлагт ойр өссөн болохоор яалт ч үгүй л урлагийн мэргэжилтэй холбогдсон. Аав, ээж маань ч маш их дэмжсэн. Урлагийн холбогдолтой арга хэмжээ болгон дээр ээж нүүрийг минь будчихаад хөтөлж явдаг байлаа.

-Арван жилдээ сургуулийнхаа урлагийн тэмцээний шагналыг “түүдэг” байжээ. Анхны тайз ямар байсан бол?

-Анх тайзан дээр гарахад жаахан байсан болохоор тухайн үед ямар байсныг тод санадаггүй юм. Ямар ч байсан маш их баярлаж, догдолж, сандарснаа бүдэг бадаг санадаг. Анх дөрөвдүгээр ангидаа дуулж эхэлсэн. Дуу хөгжмийн багш маань миний авьяасыг нээсэн гэж боддог. Дөрөвдүгээр ангид байхдаа тайлан тоглолтод дуулаад тэрнээс хойш улам сонирхолтой болсон. Яргуй, Дуулах өв, Эстрадын дуучин гээд тэмцээн алгасахгүй орно. Гэхдээ дуулахаас илүү бүжиглэдэг. Арваннэгдүгээр анги төгсөөд авсан медалиудаа харсан чинь ихэнх нь бүжгийн тэмцээнийх байсан шүү.Тэгээд ямар ч эргэлзээгүйгээр СУИС-д шалгалт өгсөн. Бүжиг, дуугаар хоёулангаар нь шалгалт өгөхөөр бүртгүүлээд очтол эхлээд дууны шалгалт авсан юм. Тэгээд дууны шалгалтдаа тэнцэнгүүтээ бүжгээ орхиод эстрадын дуу дуулаачийн ангид орчихсон. Эхэндээ бол бүжигчний ангид орох сонирхолтой байсан л даа.

Арван жилд байхдаа дуу хөгжмөөс бусад хичээлээ нэг их хийж, шамдаагүй байх. Боломж л гарвал дуулж, бүжиглэдэг байсан болохоор дуучин мэргэжилдээ анхнаасаа л маш их дурлаж, сонирхлоороо л урлагийн хүн болсон.

-Сургуулиа төгсөөд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд юу амжуулав. Хэд хэдэн хандивын тоглолтод оролцож байхтай таарсан шүү?

-Сургуулиа төгссөнөөс хойш мэргэжлээрээ уран бүтээлээ хийж байна. Зургаан жилийн хугацаанд чамлахааргүй ажиллаж, 4-5 уран бүтээл хийсэн. Мөн ихэнх хугацаанд нь тоглолтоор орон нутаг руу явсан.  21 аймгаараа тойрсон. 330 сумынхаа ихэнхэд нь очиж уран бүтээлээ хүргэсэн. Өөрөө хөдөө төрж өссөн болохоор тэр үү орон нутгаар явж тоглолт хийх их дуртай. Ер нь жилийн дөрвөн улирал л орон нутгаар явж ая дуугаа өргөдөг дөө.

Хөлс мөнгө гэхгүйгээр хандивын тоглолтод аль болох идэвхтэй оролцохыг хичээдэг. Залуу хүний хувьд бусдад тусалж, жаахан ч гэсэн дэм болж чадах зүйл маань дуу дуулах учраас татгалздаггүй. Цаг заваа зохицуулаад дуулаад өгчихдөг. Нэг ч гэсэн хүнд тусалж, хүмүүсийн талархлын үгийг сонсоход сэтгэл сайхан болчихдог. Дуучин хүн хүмүүст баяр жаргал бэлэглэж, байнга л инээд хөөр түгээдэг.

Дурлаж сонгосон мэргэжил маань дуучин учраас маш их кайф авдаг. Ер нь дуртай ажлаа хийнэ гэдэг сайхан. Амьдралаа дуу хөгжимгүйгээр төсөөлж чададгүй. Сайхан мэргэжилтэй, зөв яваадаа байнга залбирдаг.

-Эстрадын дуучнаар төгссөн хэрнээ ардын дууг их гоё дуулдаг. Аль алиныг нь дуулахад эсрэг тэсрэг өнгө шаардахгүй юу?

-Хөдөө төрж өссөн болохоор ч тэр үү ардын дуу дуулах их дуртай. Тэгэхээр дуу дуулах хүртэл хүний амьдралын орчинтой холбоотой юм шиг. Эстрад дуу дуулаачийн мэргэжлээр төгссөн ч яагаад ардын дууг орчин цагийн өнгө аястай хослуулж болохгүй гэж. Дээр үеийн сайхан дуунуудыг сэргээж орчин үетэй холбохыг хүсдэг. Аль ч төрлийн дуу руу хувираад дуулчихдаг дуучид олон байдаг.

Сүүлд би “Санаад л байна” гээд поп төрлийн дуу дуулсан. Мөн “Би чамд хайртай” дууг сэргээж орчин үеийн хэмнэлд орууллаа. Дараагийнхаа уран бүтээлийн ажилдаа орчихоод явж байна даа.

 -Олон ястны өлгий нутаг Ховд аймаг онцлогтой. Тэр дотроо дуу хуур, урлаг нь бас онцлогтой байх?

-Манай аймаг 13 ястантай. Би өөрөө захчин үндэстэн. Үндэстэн болгон өөр өөрийн аялгатай. Анх оюутан болоход ангийнхан шоолдог байлаа. Нутгийн аялага, хэллэгтэй дээр үеэс уламжлагдаж ирсэн дуунууд бий. Тухайлбал, захчингууд  дуу хуураас илүү бие биелэгээ их хийдэг. Уран нугаралт, хөөмий гээд ардын өв соёл манай нутагт л байна даа. Хөөмийг геннист бүртгүүлсэн.

-Сүүлийн хоёр жил цар тахлаас болж хөл хорионд байлаа. Тэр дундаа урлаг соёл чөлөөт уран бүтээлчид нам зогссон гэж хэлж болно. Хөл хориог хэрхэн ашиглав?

-Хэдийгээр хөл хориотой, урлаг соёлын арга хэмжээ бүрэн зогссон ч өөрийнхөө хувьд ганц, хоёр уран бүтээл дээр ажиллалаа. Байнга ийш тийшээ тоглолтоор явж байгаад гэнэт бүх юм зогсохоор бачимддаг юм байна лээ. Цар тахлын ихэнх хугацааг гэртээ өнгөрүүлж, гэрийн эзэгтэйн хувьд сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулж байна даа.

Урлагийн хүн онцлогтой. Ямар ч асуудалтай байсан тайзан дээр гарахдаа бүгдийг мартаад, инээгээд дуулах ёстой. Үзэгчдэд эерэг энерги өгч халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, соёл түгээх үүрэгтэй. Тиймээс гаднаасаа сайхан харагдахаас гадна сэтгэлзүйгээ бэлтгэх ёстой. Хүн л юм хойно хэцүү үе бий. Бухимдана, уурлана, гуниглана. Тэр бүхэнд хатуужилтай, тэвчээртэй, сэтгэлзүйн бэлтгэлтэй байхыг багш нар маань сургасан. Би их уян зөөлөн хүн болохоор юм л бол амархан уйлчих гээд байдаг. Гэхдээ нэгэнт л урлагийн замыг сонгосон учраас хойш суух, шантрах эрхгүй. Хөдөөгүүр явахад даарч хөрнө, хоолой өвдөнө гээд бэрхшээл бий. Гэхдээ л бүх цаг үед сайхан байх ёстой.

-Залуу хүний хувьд салбартаа, нийгэмдээ ямар хувь нэмэр оруулахыг хүсдэг вэ. Ирээдүйд үр хүүхэд маань амьдрах нийгмийг сайн сайхан бүтээхийн тулд залуучуудын манлайлал чухал шүү дээ?

-Дүү нартаа, үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал болж, өмнөх ажлаа маш сайн хийж зөв явахыг хичээдэг. Сурсан мэдсэнээрээ хүмүүст баяр жаргал бэлэглэж, урлагаар соён гэгээрүүлэхийг хүсдэг. Хүмүүс ч соёл урлагийг өөр өнцгөөр харж, таньж мэддэг болсонд баяртай байдаг. Мэдээж ирээдүйд бидний үр хүүхэд амьдрах нийгэм аюулгүй, амар тайван байгаасай. Ийм болгохын тулд залуучууд бидний үүрэг ч чухал.

-Чөлөөт уран бүтээлчид төрийн дэмжлэг, бодлогын гадна орхигдож байна хэмээн урлагийн салбарынхан эхнээсээ дуугарч эхэллээ. Залуу уран бүтээлчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Чөлөөт уран бүтээлчдийг дэмжих, хэдийгээр цар тахалтай байгаа ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад урлаг соёлын арга хэмжээг нээгээсэй гэж бодож байна. Барьцаж байгаа юм биш. Гэхдээ кино театр, караоке гээд бүгд л ажиллаж байна. Энэ мэтээр залуу хүний хувьд үзэл бодлоо илэрхийлмээр үе байдаг. Уран бүтээлчдээ дэмжиж байгаа ч яг очоод дуу хоолойгоо илэрхийлж амжихгүй л байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.10 БААСАН № 178 (6655)