Ч.ЗОТОЛ

 

“Зууны мэдээ” сонин ”Монгол ардын дуу” булангаараа монгол ардын аман зохиолын нэг том өв болох ардын дууны талаар судлан сурвалжлан бичдэг билээ. Энэ удаа Төв аймгийн Мөнгөнморьт сумын Соёлын төвийн номын сангийн эрхлэгч П.Оюунжаргалтай ярилцлаа. Тэрбээр төв халхын уртын дууны  баянбараат хэмээх мартагдсан аялгууг сэргээн дуулж яваа ардын авьяастан юм.

 

-Монгол ардын уртын дууг хэнээс  анх өвлөж, дуулж сурсан бэ?

-Миний аав Л.Пүрэвдорж гэж улсын анчин, малчин хүн байсан. Уртын дуу, тэр дотроос Дарьгангын “Жаахан шарга”-ыг  сайхан дуулна. Найр хуриманд уригдаж, айлууд тогоо нэрж, айраг сөгнөн даалуу тоглохдоо аавыг дуулуулна. Би  дагаж очоод сонсоод сууна. Тэгж явсаар сонсголоороо уртын дууг дуулж  сурсан. Ээж минь сайхан хоолойтой, ямар ч дууг сайхан дуулдаг байсан. Би 1985  онд  “Жаахан шарга” дуугаар Бүх ард түмний урлагийн наадамд сумаасаа шалгарч аймагтаа очиж байлаа. Аймгаас хот руу явахад театрын найруулагч “Чиний хоолойд  буриад дуу тохирно” гэж  зөвлөсөн. Түүнээс хойш  ардын  богино дуу, буриад дуу, зохиолын дуу дуулж, дууны  уран бүтээл хийх болсон. Би өөрийгөө  ээжийнхээ цангинасан хоолойг авч төрсөн, ааваасаа уртын дууг хэрхэн дуулах, нугалаа, цохилго ямар байдгийг сурсан гэж боддог. Аав, ээж хоёрынхоо дуулахыг сонсоод дуучин болно гэж мөрөөдөж малын бэлчээрт дуулж өссөн. Мэргэжлийн хүмүүс намайг “Задгай хоолойтой юм. Мэргэжлийн сургуульд оруулж, гарын багштай болгочихвол уртын дуу сайхан дуулах хүүхэд байна” гэдэг байсан. Хөдөө  амьдарч байсан болохоор урлагийн  сургуулиар яваагүй. Гэхдээ ээж, ааваас өвлөсөн авьяасыг зэврүүлэлгүй уралдаан тэмцээнд байнга оролцож,  дууны аялгуу хийж ирсэн. Урын сандаа 30-аад бүтээлтэй, үг, аяыг нь өөрөө бичиж дуулсан.

-Саяхан “Хэрлэнгийн Баръя”  наадамд таныг  баянбараат, төв халх  аялгууг хольж  өвөрмөц   дуулсан гэж шүүгчид дүгнэсэн. Энэ нь нутгийн онцлог уу?  

-Төв аймгийнхан уртын дууны “Баянбараат аялгуу” гэж том өвийн эзэд. Төв халхын аялгууг авч ирсэн ардын авьяастнуудын нутаг гэдгийг би түрүүнд хэлсэн.  Аймгийн  90 жилийн ойгоор “Дөмөн” хэмээх уртын дууг 90 уртын дуучин баянбараат аялгуугаар дуулахад оролцож байлаа. Энэ бол  миний сурсан хоёр дахь уртын дуу.Түүнээс хойш уртын дуугаа дуулж байя гэж бодох болсон. Уртын дууг хүн хэдэн ч наснаас  сурч болно. Би 50 хүрээд уртын дуугаа сурч, суралцаад явж байна. Аав минь  уртын дууг өөрийн  ааваас сурсан бол би ааваасаа  өвлөж,  үе дамжуулан уламжлан  тээж явна. Өөрөө сайн сураад цаашид хүүхдүүддээ зааж өгнө. Аавыгаа амьд сэрүүнд, 2001 онд “Хан Хэнтийн дуулал”  анхны тайлан тоглолтоо хийхэд “Уртын дууг нэг л буруу сурвал яагаад ч зөв болгож чаддаггүй юм шүү” гэж захисан. “Дөмөн” дууг сурахад манай нутгийн  уртын дуучин Ц.Цагаан-Өвгөн “Уртын дууны нугалаа, аян дан ойролцоо. Хольж хутгаж буруу сурвал тэр чигээрээ тогтчихдог гэмтэй. Тиймээс багштай болоорой” гэсэн. Гэвч би өөрөө л судалж, сурч явна. “Дөрвөн настай Халиун”,  “Алсын газрын зэрэглээ”-г дуулж сурсан. “Хэрлэнгийн Баръяа” наадам болохыг  зургаа хоногийн өмнө мэдсэн. Манай аймагт тэр дууг мэддэг хүн байгаагүй учир Ардын жүжигчин Ч.Шархүүхэн гуайн  бичлэгийг сонстол айхтар том дуу тул  сүрдэж, чадахгүй юм байна гэж айсан.  Дараа нь Дундговь аймгаас төрсөн нэртэй дуучдын нэг, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Дүнжмаагийн боржигон аялгуугаар дуулсныг  олж сонссон.  Боржигон аялгуу нь  баянбарааттай ойролцоо, чимэглэл, нугалаа олонтой. Тэр нь миний хоолойд тохирох юм шиг  санагдаж зориг ороод  дуугаа бэлдэж оролцсон.

-Баянбараат аялгуу их эртний, ая дан нь шашны маягтай  учраас том дуучид ч дуулахаас зүрхшээдэг байсан гэдэг. Эртний тэр  ая данг  энэ цагт  гаргаж ирэхийг хичээж эрэл хайгуул хийсэн юм байна. Судалгааг яаж хийв?

-Төв аймгийнхан  уртын дууны “Баянбараат аялгуу” гэж том өвийн эзэд. Төв халх аялгууг өвлөн авчирсан ард түмэн  гэдгийг би түрүүнд хэлсэн. Энэ ая данг хадгалж ирсэн ард түмэн дотор ажиллаж, амьдарч байгаа маань тэр өв соёл бидний зүрх, тархинд  шингэж,  түүнийг өвлөн дуулж хуурдаж явна гэдэг нэг  эд эс нь болоод явж байна гэсэн үг юм. Баянбараат аялгуу Төв аймгийн Баянцагаан, Мөнгөнморь, Дундговийн Дэрэн сумын чиглэлд их тархсан гэж сонсч байлаа. Баянбараат аялгуу богино богинохон цохилготой, үг аяыг огцом огцом салгаж авч дуулдаг. Бас олон нугалаа, чимэглэл ихтэй. Гэтэл Хэнтий, Сүхбаатарын чиглэлийнхэн Ардын жүжигчин  Ш.Чимэдцэеэ, Ч.Шархүүхэн гуайн дуулахыг сонсоход  нь их уужуу тавиу дуулдаг.Хурдан мориор бол  амьсгаа нь задарсан хүн л дуулахаар. Ер нь бол би саяын наадамд байр эзлэхийн тулд бус дуу сурч туршлага судлахыг зорьсон. Уртын дууг сурахад түүх, судрыг нь судлалгүй,  үгийг нь мэдэхгүйгээр дуулна гэж байхгүй. Иймд “Хэрлэнгийн Баръяа”-г сурахын өмнө  дууны түүхийг  судалсан. Хан Хэнтийн ар бэлээс эх авч  урсдаг Хэрлэн голоо магтсан, хүндэтгэл өргөсөн, нутаг усаа саналзсан хүний сэтгэлийн дотоод мөн чанарыг илэрхийлсэн. Эх нутгаасаа салж хагацахгүй байх сан гэсэн утгатай. Шүүгчид биднийг дуугаа  өөрийнхөөрөө дуулахыг гол болго гэсэн. Тэгж хичээснийг минь    өвөрмөц дууллаа гэж дүгнэсэн болов уу.

-Тэр өвөрмөц тал  нь юу байв. Та ямар онцлогийг нь гаргаж дуулав ?

-Манай Мөнгөнморьт  сум Хэрлэнгийн эхэнд байдаг. Сая  Хэнтийд очоод харахад сул шороо ихтэй булингартай  урсдаг  юм байна. Гэтэл  манай сумаар дамжин өнгөрөхдөө харгиа боргио ихтэй  ширүүхэн урсгалтай, ус нь  тунгалаг. “Хэрлэнгийн Баръяа” –г дуулахдаа Хэрлэн голынхоо харгиа, боргион аясаар дууны ая данг гаргахыг хичээсэн, тэр нь богинохон цохилго, чимэглэл нугалаа олонтой  боржигон, баянбараат аялгуутай маань зохицож байгаа юм. Дууныхаа үгийг сурч, дуулах аян данг мэдчихэд бусдыг дууриах бус Хэрлэн голынхоо  ургал, харгиа, боргион аясаар нугалаа, цохилгыг тааруулан  дуулж болох юм шиг санагдсан. Ийм сэтгэмж надад төрсөн, тэр л  дуугаа дуулж байхад дотор сэтгэлд бодогдоод байсан.  Цаашид ч ийм оролдлого хийгээд үзье гэж бодож байна.

-Уртын дууг мартуулахгүй байх, судалж суралцахын тулд бид яах ёстой вэ?

 -Уртын дууныхаа өв уламжлалыг бүдэгрүүлэхгүйн тулд Хэрлэн голын дагуу, ай савд нь оршиж буй нутгийн залуус  “Хэрлэнгийн Баръяа”-гаа дуулж сураарай. Нутгийнхаа онцлогийг харуулсан ая данг нь судалж өөртөө шингээж аваарай. Цаашид нутаг нутгийн өвийг тээж яваа дуучдыг  нээж гаргах, сурталчлан таниулахад төр бодлогоор анхаараасай. Хэдэн зуун жил өнгөрсөн ч уртын дуу хэзээ ч устахгүй. Уртын дуу байгаа цагт Монгол минь мөнх оршино.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.10 БААСАН № 178 (6655)