С.САРУУЛ

Жирэмсэн эмэгтэйчүүд коронавирусийн халдвараар хүнд өвчилж байгааг нийслэлийн Өргөө амаржих газрын АУ-ны доктор, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч Ш.Цэрэнсамбуу анхаарууллаа. Тэрбээр "Амаржих газрууд Улаан бүс буюу коронавирусийн халдвар авсан эхчүүдэд үйлчлэх тасгийг тусад нь гаргасан. Тухайлбал, Өргөө амаржих газар 30 ортой COVID-19-ийн тасгийг ажиллуулж байсан. Гэвч эхчүүдийн дархлаажуулалтад хамрагдах байдал бага байсантай холбоотойгоор жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах халдварын тархалт ихэссэн тул орыг 80 болгож нэмэгдүүлээд байна. Хэдийгээр коронавирусийн эсрэг вакцин нь сайн дурын үндсэн дээр хийлгэх ёстой ч жирэмсэн эхчүүд жирэмсний хоёрдугаар хагастаа заавал хамрагдах шаардлагатай. Учир нь коронавирусийн халдвар жирэмсэн эхчүүдэд ноцтой хүндрэл үзүүлж байна. Ялангуяа зүрх судасны өвчтэй, чихрийн шижин, таргалалттай болон элэг, бөөрний архаг өвчтэй эхчүүд амьсгалын дутмагшилд орж, ноцтойгоор хүндэрч байна. Цаашлаад амьсгалын замын дутмагшилттай холбоотойгоор дутуу төрөлт ихэслээ. Үүнийгээ дагаад кесар хагалгаа эрс нэмэгдэж, дутуу төрөлтөөс үүдсэн нярайн эндэгдэл ч өндөр боллоо” гэв.

Эх сурвалж: www.polit.mn