С.САРУУЛ

Монголын Боксын холбоо өчигдөр хуралдаж, МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасах шийдвэр гаргажээ. Энэ талаар тус холбооноос мэдээлэл хийхдээ “Тамирчдын хүлээсэн ёс зүйн асуудлыг хэлэлцсэн бөгөөд МУГТ Э.Цэндбаатар нь удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан тул Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр ДАШТ-ий сонгон шалгаруулалт болон Монголын шигшээ багаас хассугай гэсэн шийдвэр гаргасан” гэдгийг МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг хэллээ. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Энхтөр “Бокс бол ёс суртахуун, дэг жаягийн өндөр стандарттай спорт юм. Хэдийгээр мундаг гавьяатай тамирчин ч гэлээ ийм олон удаагийн давтамжтай алдааг нь бид зүгээр өнгөрөөж чадахгүй.  Ийм учраас удирдах зөвлөл  уг шийдвэрийг гаргасан. ДАШТ-ий сорилго болох гэж байхад ийм алдаатай байвал тамирчид ямар амжилт үзүүлэх юм. Тамирчин хүн гавьяа байгуулахаас гадна улс орон, нийгэмдээ зөв хүн болж төлөвших ёс зүйтэй байх шаардлагыг тавьдаг. Э.Цэндбаатарыг үлгэр дуурайлал болгодог залууст муугаар нөлөөлбөл яах вэ. Өндөр зэрэглэлтэй тамирчдад арга хэмжээ авч чадахгүй мөртлөө багачуудыг залуучуудыг загнах үндэслэл байхгүй. Гавьяат ч бай,  хөдөлмөрийн баатар бай адил хариуцлага хүлээх ёстой. Цаашид улам хатуу сахилга баттай байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn