Б.БЯМБАЖАРГАЛ

 

Жижиг, дунд үйлдвэрийн газраар дамжуулан хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох, Хоршооны тухай хуулийг сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгууллаа. НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилттай “Зах зээл ба бэлчээрийн удирдлага” төсөл нь 2018-2021 оныг хүртэл сонгогдсон зургаан аймагт хэрэгжиж эхэлсэн. Төслийн хугацаа энэ онд дууссан ч цар тахлын нөхцөл байдлыг тооцон 2023 он хүртэл сунгасан байна. Энэ төслийн хүрээнд малчид, хөдөө аж ахуй эрхлэгчдийн нөхцөл байдал, эрэлт хэрэгцээнд тулгуурлан найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэн малчдад хүлээлгэн өгчээ. Мөн төслийн зорилтот бүлэг болох малчдыг дэмжих зорилгоор хоршоодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж эргээд гарах үр өгөөж нь малчдад хүрэх боломж нөхцөлийг бүрдүүлнэ гэж төслийн багийнхан тооцоолсон байна. Тиймээс ЖДҮ-ийн газраар дамжуулан хөдөө аж ахуйн хоршоодод хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох ажлыг эхлүүлж 11 хоршоонд олгохоор болжээ. Энэ талаар ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Хоршоодод олгож буй хөнгөлөлттэй зээлийг таван жилийн хугацаатай, эхний нэг жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй байхаар шийдвэрлэсэн. Энэ зээлийг Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сан, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулагдсан “Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд олгож байгаа. 810 сая төгрөгийг хоршоодод олгох шийдвэр гарсан. Сүүлийн үед Засгийн газар, УИХ-аас хоршоодыг дэмжиж ажиллаж байна. Монгол Улс бол хөдөө аж ахуйн орон. Хоршоодыг дэмжиж, эдийн засгийн дэмжлэг олгох, хоршоод өөрсдөө менежментээ боловсруулдаг байх шаардлагатай байсан. Тиймээс Засгийн газраас 2019 онд хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг баталсан. Мөн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга, УИХ-ын тогтоолыг баталсан. Энэ хүрээнд сум хөгжүүлэх санг хоршоо хөгжүүлэх сан болгож, энэ сангаас хоршоонд хамгийн түрүүнд зээл олгодог байхаар тусгасан. Мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хоршоонд зориулсан шинэ бүтээгдэхүүн гаргахад анхаарч ажиллана. Цаашлаад улсын төсвөөс орон нутагт байгаа иргэд, малчид хоршоогоороо дамжуулан түүхий эдээ үндэсний үйлдвэрлэлүүд болон гадны зах зээлд гаргадаг болох бүтцийг байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн энэ арга хэмжээгээр хоршооны гишүүд, дарга нарт шинэ батлагдсан хуулийг танилцуулж байна. Цар тахалд хамгийн их өртсөн, эрсдэлд орсон салбар нь ЖДҮ эрхлэгчид. Тиймээс хөнгөлөлттэй зээлийг хоршоодод хамгийн уян хатан нөхцөлтэй байхаар зохицуулж байна” гэв.

 

ХОРШООДОД 3-10 АЖЛЫН БАЙР ҮҮСНЭ ГЭЖ ТООЦООЛЖЭЭ

Өнөөдрийн байдлаар 16 хоршоо төслийн танилцуулгаа явуулж зээл авах хүсэлт ирүүлснээс 11 хоршоо шалгарч хөнгөлөлттэй зээл авч байгаа юм. Нэг хоршоо дээд тал нь 2.5 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой. Өнөөдрийн байдлаар 810 сая төгрөгийн зээлийг 11 хоршоонд олгож байна. Ингэснээр хоршоодод дундажаар 3-10 шинэ ажлын байр үүснэ гэж тооцоолж байгаа аж. Энэ талаар Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа “ЖДҮ-ийн сангаас анх удаа зөвхөн хоршоодод хөнгөлөлттэй зээл олгож байна. Энэ зээл нь таван жилийн хугацаатай, таван хувийн хүүтэй. Урт хугацааны зээл учраас хоршоодын үйл ажиллагааг дэмжихэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгаа. Цар тахлын улмаас хөдөө аж ахуйн зарим салбарт тээвэрлэлт, ажиллах хүчний асуудал үүсэж байна. Мөн хоршоод  өмнө нь өөрийн гэсэн хөрөнгөгүй, хөрөнгө нь гишүүдийн нэр дээр тараан бичигддэг байсан учраас арилжааны болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авах боломжгүй байсан. Тиймээс шинэ хуульд хоршоодын өөрийн хөрөнгийг тодорхой зааж өгсөн байгаа. Мөн хоршоодод хийх шаардлагатай зохион байгуулалтын асуудлыг илүү тодорхой болгосон” гэсэн юм. Шинэ хуульд хоршооны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг оруулсан байна. Ингэснээр төрөөс тодорхой хэмжээнд хоршооны үйл ажиллагааг дэмжсэн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болжээ. Мөн энэ оны тавдугаар сард УИХ-аас 40 дүгээр тогтоолыг баталж хоршоонд шаардлагатай заалтуудыг тусгажээ.

 

ШИНЭ ХУУЛИАР ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЧЕНЖЭЭР ДАМЖУУЛАХГҮЙ

 

Хоршооны хуульд тусгасан онцлох заалт нь малчид, тариаланчид бэлтгэсэн түүхий эд, бүтээгдэхүүнээ ченжээр дамжуулахгүй, шууд хоршоодод өгч үндэсний үйлдвэрлэгч нарт нийлүүлэх аж. Энэ талаар Дорнод аймгийн Баяндун сумын “Нутгийн хөгжил” хоршооны дарга М.Мөнхзориг “Төслийн хүрээнд 50 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч байна. Манай хоршоо 175 гаруй гишүүнтэй, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Цар тахлын үед хүндрэлтэй олон асуудал гарсан. Хоршооны тухай хуулиар тулгамддаг олон асуудлыг шийдсэн шинэ заалтууд орсон гэж үзэж байгаа. Тухайлбал, сум хөгжүүлэх санг хоршоог хөгжүүлэх сан болгон оруулснаар хоршоодыг дэмжих боломжтой болсон. Мөн хоршоонд 100 хувь төвлөрөх ёстой байсан мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний 50-60 хувийг ченжүүд авдаг байсан. Энэ асуудлыг шийдэж ченжээр биш зөвхөн хоршоодоор дамжих болсон. Ингэснээр хоршоодод түүхий эд 100 хувь төвлөрч  хоршооны үйл ажиллагаа сайжирна гэж үзэж байна” гэв.

Хоршооны тухай шинэ хуульд үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн шинэ заалтууд тусгагдсан талаар зохион байгуулагчид болон хоршоодын төлөөллүүд хэлж байна. Хоршоог хөгжүүлснээр эдийн засагт болон орон нутгийн хөгжилд сайнаар нөлөөлөх чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.9 ПҮРЭВ № 177 (6654)