З.ЗАМИЛАН

Юм бүхэн харилцан хамааралтай, эргэх холбоотой, үйлийн үрийн хууль үйлчилдэг ертөнцөд хүмүүс бид амьдардаг. Таны шидсэн цаас газарт унаж, салхи түүнийг хийсгэсээр хаа нэгтээ аваачна. Салхиар туугдсан хогийг үхэр амандаа хивж, сүүний найрлагад нь хөөрхөөн амт, үнэр, зүй бус өөрчлөлт ороод байгааг судлаачид аль хэдийнэ баталчихсан байдаг. Хэрвээ санаж байгаа бол Зүүнхараа хавийн халамцуу үнээнүүд, Дарханы Хонгорын цианидад хордсон хүн, малын тухай шуугиан нэг хэсэг айдас болгоомжлол дагуулсан даа. Өнөөдөр ч гэсэн Улаанбаатар хот, тэр дундаа Туул гол хавиас сүү, цагаан идээг худалдаж авч, хэрэглэхгүй байх санамжийг ойр дотныхондоо аминчлан захиж суух нь цөөнгүй. Учир нь бидний өнөөдөр хүртэж буй бүхэн бидний харшил үүсгэж, бие махбодод шууд нөлөөлөл үзүүлдэг болохыг өдөр тутамдаа мэдрэх болсонд байгаа юм. Эхийн хэвлийд өсөлт нь зогсч, амьгүй болсон ураг, байнгын маажууртай, харшилтай хүмүүс, халдвар хамгааллын дэглэм алдагдахаас болгоомжилсон бидний амьдрал айдас хүйдэс дунд өнгөрөх боловч хорт хавдар тусаж байгаа хүмүүс манай оронд жилээс жилд нэмэгдэж байгаа нь аймшигтай.

Тодруулбал, Улаанбаатар хот орчимд 1 саяас дээш хүн ам оршин суудаг. Гэтэл Байгаль орчны газраас хийсэн судалгаагаар нийслэл орчмын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой гарчээ. Хөрс нь дундажаар 2.8 метр орчим гүндээ хүртэл бохирдож, газрын гүний ус эмгэг төрөгч бичил биеттэй байгааг судлаачид тогтоожээ. Бохирдлын эх үүсвэрийг таригч нь  хүн Та өөрөө. “Бид хаясан хогоосоо хордоод хайртай хүмүүсээ хорт хавдраар алдаад байна. Хорт хавдраар нас барж буй шалтгаануудын нэг нь хог хаягдал, гялгар уутны муу нөлөө. Гялгар уутыг шатаахад маш олон төрлийн хүнд металл агаарт ялгардаг. Үүний нэг нь хар тугалга юм. Энэ нь хүний биед огт байх ёсгүй зүйл. Хүний биед 5 мкг/дл-ээс дээш хар тугалга байхыг аюултай гэж үзнэ. Гэтэл монгол хүүхдүүдийн цусанд хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хар тугалгын тугалга хэмжээнээс 5 дахин их байгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар илрүүлсэн. Гялгар уут 400-1000 жил хөрс, усыг хордуулж, бохирдуулдаг, нэг ширхэг уут эргэн тойрныхоо 70 м тойрог газрыг түлж хордуулан шүлтлэг орчин үүсгэж, хөрсийг 10-20 см гүнд үхжүүлж, үржил шимийг бууруулдаг. Хөрс сэргэхэд 100 жил шаардагддаг” болохыг “Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн”-ийг санаачлагч, “Хоггүй Монгол” ТББ-ын тэргүүн М.Бүжинлхам  онцолж байна.

Монгол  орны бэлчээрийн мал аж ахуйг байгаль орчинд ээлтэй аргаар экологийн чиг баримжаатай хөтлөх явдал өнөөдөр манай улсын тулгамдсан асуудал болжээ. Байгалийн нөөцийг ухаалаг зохистой менежментээр ашиглах, сэргээн сайжруулахад төрийн бодлого үгүйлэгдэж байгаа нь нууц биш. Бэлчээрт суурилсан мал аж ахуйтай, дотоодын хүнс тэжээл, амьжиргааг түүгээрээ нөхөж амьдардаг нүүдэлчин монголчууд бидэнд хот, хөдөөгийн хаана амьдардгаас үл хамааран ялгалгүй бэлчээр, газар нутаг, хөрс, ус бүгд хамааралтай. Бэлчээр хамгаалалт, ашиглалтыг түр амраах, өнжүүлэх эсэх арга техник, талхагдалтын хэмжээ зэргийг эрдэмтэн судлаачдын багийн тусламжтайгаар Швейцарын Хөгжлийн хөгжлийн агентлаг(ШХА)-ийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл сүүлийн 17 жилийн хугацаанд судалж, 2015 оноос “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” хөтөлбөрийн хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дэргэд 21 аймгийн 320 сум, нийслэлийн 6 дүүрэгт бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ), улирлын бэлчээрийг төлөөлөх 5128 цэгийг байгуулан, тогтмол хяналт тавих сүлжээг бий болгожээ. “Бэлчээрийн сэргэх чадавх”-ыг 5 түвшинд ангилж, тоон үзүүлэлтээр тодорхойлж, , гэрэл зургаар баримтжуулан хянаж байна. Бэлчээр нутгийн хөрсийг хянах системыг үндэсний хэмжээнд байгуулж, 1303 мэргэжилтэнг бэлчээрийн газрын өөрчлөлтийг үнэлж хянах, мэдээлэх чиглэлээр бэлтгэн мэргэшүүлжээ. Бэлчээр, хөрсний урт хугацааны өөрчлөлтийг хянах системыг Ус цаг уур, орчны шинжилгээний газарт хүлээлгэн өгсөн байна.

Төслийн үр дүнд бэлчээрийг зөв ашиглах, соргогоор нь байлгах аргачлалыг  нэвтрүүлснээр сүүлийн таван жилд улсын хэмжээнд 20,6 сая га бэлчээрийг нөхөн сэргээж чаджээ. Энэ нь Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн ирээдүй, хүнсний аюулгүй байдлыг хангаж чадах хэмжээнд бэлчээрийн төлөв байдлыг сайжруулах чиглэлээр бодлого, менежментийг өөрчлөх ихээхэн боломж байгааг харуулж байна. Хамгийн гол нь эдгээр боломжийг алдчихгүй байх, үүний тулд шийдмэг, шуурхай ажиллах шаардлагатай байна. Иргэн бүр хариуцлагатай байж, өөрөөс гарч байгаа хогийг ангилан ялгаж, байгальд ээлтэй хэрэглээг нэвтрүүлэхэд анхаарал хандуулцгаая. “Хүн харахад сайхан ногоон тал харагдаж байвч яг үнэндээ яваад очиход мал, амьтанд таатай бус, ашиг шим багатай шарилж, хогийн ургамал зонхилсон байх тохиолдол олонтаа тааралддаг” гэсэн мэргэжилтний үгийг саная. Дөрвөн улиралд дураараа нүүх нутгаа бид өөрсдөө талхалж, дахин сэргэх боломжгүй болж байгаа юм биш биз?!!

Бэлчээр хүн бүрт хамааралтай учраас  юм. Хүн таны тарьсан хог байгальд хэдэн зуун жилээр багтаж шингэхгүй дагтаршиж, экологийн эргэлтийг саатуулж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сүйтгэсээр байгааг бодох цаг иржээ. Хүн хогоо ангилж хэвшсэнээр дэмий зүйлд мөнгө, цаг хугацаа зарцуулахаа болино. Өөрчлөлтийг өнөөдрөөс, өөрсдөөсөө өрөөсөө эхлүүлье. Адаглаад, хаа тааралдсан газартаа хог хаяхаа больё. Өрөөл рүү шидсэн чулуу өөр дээр унадагийг саная. Чиний тарьсан хог, үүсгэсэн уршгийг мал, амьтан иднэ. Түүний идсэнийг Чи иднэ. Байгалийн хууль ийм билээ.

Эх сурвалж: www.polit.mn