Д.Тэгшбаяр: Бизнесийн байгууллага бүрийн үйл ажиллагаанд авлига нөлөөлдөг

0
хуваалцах
256
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

 

Бизнесийн салбар дахь авлига болон ёс зүйн асуудлаар “Транспэрэнси интернэшнл Монгол” ТББ-ын зөвлөх, хуульч, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, комплаенсийн мэргэжилтэн Д.Тэгшбаяртай ярилцлаа.

 

-Бизнесийн орчин дахь авлигыг зогсоох “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлжээ. Манай улсын бизнесийн байгууллагуудад авлига хэр их байдаг юм бэ?

-МҮХАҮТ, “Транспэрэнси интернэйшнл Монгол” ТББ болон Рио Тинто Монгол компани хамтраад Монгол Улсад бизнесийн шударга байдлыг бэхжүүлэх, бизнесийн таатай орчныг дэмжих зорилгоор “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийг санаачлан, хамтран хэрэгжүүлэхээр болж энэ оны дөрөвдүгээр сард талууд санамж бичиг зурсан.

МҮХАҮТ-ын дэргэд Бизнесийн ёс зүйн төв байгуулагдаад 100 гаруй компанийг оролцуулсан судалгаа хийж үзсэн.Компаниудын 59 хувь нь авлигыг үл тэвчих дотоод зохицуулалтгүй, 30.4 хувь нь ёс зүйн дүрэмгүй, 75.5 хувь нь авлига, дотоод ашиглан, залилан үүсэх эрсдэлээ тодорхойлдоггүй, 56 орчим хувь нь гомдол хүлээн авах, шүгэл үлээх тогтолцоо бүрдүүлээгүй, ашиг сонирхлын зөрчил илэрвэл компаниудын 62.7 хувь нь хэрхэх нь тодорхойгүй байна.  Гэсэн атлаа бүх компаниуд авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил, залилан, хөрөнгө шамшигдуулах зэрэг нь тэдний үйл ажиллагаанд бодитой нөлөөлж байна гэж хариулсан байдаг. Удирдлагуудын 48 хувь, менежерүүдийн 38 хувь, доод шатны ажилтнуудын 20 хүрэхгүй хувь нь ёс зүйн ямар нэгэн сургалтад хамрагдсан байна. Энэ юуг харуулж байна гэхээр ААН-үүд харилцан адилгүй бодлого журам, зарчим хэрэгжүүлдэг, мөн ёс зүй, бизнесийн хариуцлага гэдэг ойлголт харилцан адилгүй байгааг харуулж байна. Ойлголтын хувьд ч хэт ялгаатай, маш цөөн ажилтан ёс зүй, хариуцлагын талаарх ойлголтыг олж авсан байна. Бидэнд нэгдсэн стандарт гаргаж өгөөд мөрдөхийг шаардсан зүйл алга. Хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчид, даатгал шаардахгүй учраас өөрийн чадавхи, боломжоороо яаж ойлгосноороо л хэрэгжүүлж байна. Ер нь хууль зөрчихгүй л бол нэмэлт ажил хийх шаардлага компаниудад гардаггүй гэж харагдаж байна. Нөгөө талаас байгууллагад тогтолцоо бүрдүүлэхэд бодлого, ёс зүйн дүрэм, үйл ажиллагааны журмуудаас гадна удирдлага, хамтран ажиллагсадын зан төлөв нөлөөлдөг. Хувь хүнд гэр бүлийн хүчин зүйлс, хүмүүжил, шашин шүтлэг, ёс суртахуун, хувийн үнэлэмж, хэрэгцээ, боловсрол, мэдлэг, мэдээлэл зэрэг нөлөөлж байдаг. Мөн төрийн зохицуулалт, улс төр, уламжлал, нийгмийн ёс зүй, төлөвшил, орчин гэсэн зүйлс нөлөөлнө. Ёс зүй, хариуцлагын тухай ойлголт нийгэмдээ ч төлөвшөөгүй, давхар стандарт байнга үйлчилж байдаг орчинд нэг байгууллага хэм хэмжээ тогтоож, тогтолцоогоо бүрдүүлэх хүндрэлтэй. Гэхдээ бизнесийн хариуцлага, соёлыг төлөвшүүлж чадсан, удаан оршин тогтнож, өргөжин тэлж байгаа жишээнүүд манайд олон байна.

-Тэгвэл бизнесийн орчин дахь авлигыг  зогсоох арга зам нь юу вэ?

-Сүүлд хийсэн судалгаагаар төрийн албан дахь авлигын нөхцөл байдал бага зэрэг буурсан ч хувийн хэвшил дэх авлигын түвшинтэй харьцуулахад өндөр хэвээр байгаа нь бизнесийн орчинд шууд нөлөө үзүүлж байна гэж гарсан. Бизнесийнхэний хамгийн түгээмэл бөгөөд тэргүүлэх зовлон нь шударга өрсөлдөх боломж бага. Хоёрдугаарт, төрийн худалдан авалтад оролцох сонирхолтой ч авлигын асуудал дагалддаг. Гуравдугаарт, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналтын байгууллагын дарамт өндөр байгаа нь хээл хахууль өгөх нөхцөлийг бүрдүүлсээр байна гэж үзсэн байна. Мэдээж өөр асуудал бий. Олон улсын түвшин тогтоох судалгаануудаар ч сүүлийн хэдэн жилд нэг их сайжирсан үзүүлэлт харагдахгүй байна. Гэтэл 2020 оноос хойш цар тахал газар авч ЗГ-аас Коронавируст халдвар (covid-19)-ийн цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай хууль батлагдан төрийн үйл ажиллагаа шилэн бус байна. Энэ нь өмнөх жилүүдэд хувийн хэвшилд тулгамдаж байсан төрийн байгууллагуудтай холбоотой эрсдэл, авлига, шударга бус байдлыг хадгалаад, нэмээд бизнес эрхлэх орчинг улам “тэвцвэргүй өрсөлдөөнтэй” болгож байх магадлалтай. Тиймээс бизнесийн шударга байдлыг бүрдүүлэхэд төр өөрийн үүргийг гүйцэтгэж, мэдээллийн ил тод байдлыг хангах, бизнес эрхлэгчид шударга өрсөлдөх, өөрсдийн эрсдэлийг бууруулах, мэдээллийг баталгаажуулах зэрэгт ашиглаж болох цахим мэдээллийн санг зохистой түвшинд бүрдүүлэх чиглэлд түлхүү анхаарвал хувийн хэвшлийн компаниудад ёс зүйг өөрсдөө төлөвшүүлэх мөн бусдаас шаардахад ач холбогдолтой гэж харж байна. 

-Ер нь бизнесийн ёс зүйд юу юу багтах вэ?

-Бизнесийн ёс зүй их өргөн утгатай. Нэг талаас төр бизнесийн байгууллагад хууль тогтоомжоороо хэм хэмжээний шаардлага тавьдаг бол нөгөө талаас нийгэм аливаа бизнесээс тодорхой зарчим шаарддаг. Хүлээлтэд нийцэхгүй бол зах зээлд орон зай эзлэх боломжгүй. Харин хууль зөрчвөл мөн хязгаарлалтууд бий болдог. Энэ хоёрын заагт байгууллага оршин тогтнохын тулд хууль тогтоомж, нийгмийн хүлээлтэд нийцэх бараа, ажил, үйлчилгээг өөрийн стандарт, технологиор, тогтсон бүтцээрээ дамжуулан хэрэглэгч, үйлчлүүлэгчид хүргэх шаардлага үүснэ. Бизнесийн ёс зүй гэдэг бол хууль, стандарт, нийгмийн хүлээлтэд нийцсэн бараа, ажил, үйлчилгээг хүргэхэд зөв, буруу шийдвэр, үйлдэл, үйл ажиллагааг ялгах чадавхийг бий болгох тогтолцоо бөгөөд тасралтгүй үргэлжлэх процесс юм. Үүнийг нэг хүн дангаараа бий болгох боломжгүй. Байгууллага бүтцээрээ дамжуулж тогтоож, төлөвшүүлдэг ойлголт юм. Байгууллагын бүхэл бүтэн тогтолцоо, тогтвортой ажиллагаа, ажлын үр дүн, харилцагчидтай үүсгэх итгэлцэл, эцэстээ ашигт ажиллагаатай холбоотой учраас тогтсон бодлого, дадал, хандлагаар бий болж төлөвшдөг, удирдлага, хяналт болон бүх нэгжид хамаарах асуудал болж таарч байгаа юм. Энэ хүрээнд комплаенс буюу хууль, стандарт, дүрэм, журамд хянан нийцүүлэх, хөрөнгө оруулагч, харилцагчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гомдол шийдвэрлэх, шүгэл үлээх, хараат бус удирдлага, ашиг сонирхлын зөрчил, бэлэг, дурсгал авах өгөх, бусдаар дайлуулах, бусдыг дайлах, аюулгүй ажиллагааг хангах, ил тод байдал гэх мэт олон асуудал багтана.

-Аж ахуй нэгжүүдэд бизнесийн ёс зүйн нэгдсэн ойлголт дутмаг байгаагийн гол шалтгаан юу вэ?

-Бусад орны туршлагыг харахад бизнесийн байгууллага хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчдийн шаардлагыг маш их чухалчилж байна. Аль аль нь мэргэшсэн байх нь түгээмэл учраас харилцагчдын итгэлийг олж авах зорилгоор хууль тогтоомж, стандартаас гадна хөгжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж, сайн туршлагыг нэвтрүүлж, мэдээллээ ил тод болгож улмаар нийгмээс нууж хаах зүйлгүй, авсан мөнгөө авлига, хээл хахуульд өгөхгүй, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй,хариуцлагатай бизнес гэдгээ баталгаажуулахад ач холбогдол өгдөг. Баталгаажуулж чадсан байгууллагад санхүүжүүлэгч итгэлтэйгээр хөрөнгө оруулж, өөрсдийнхөө эрсдэлийг бууруулдаг байна. Зээлийн хүүний хувьд ч эрсдэлээсээ хамаарч уян хатан байх нөхцөлтэй. Цаашлаад даатгалын эрсдэл нь ч буурдаг. Магадгүй энэ шалтгааны улмаас зах зээл нь аажмаар сайн, муу бизнесийг ялгаад, тухайн зах зээлд оршин тогтнох суурь нь бизнесийн ёс зүй, хариуцлага болж байгаа юм. Манай нөхцөл арай өөр. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч, даатгал, бизнесийн байгууллагын хоорондын хамаарал нь бага байна. Зах зээл хөгжөөд 30 хүрэхгүй жилийн хугацаанд бид олон улсын хэдэн зуун жил хөгжөөд төлөвшүүлсэн тэр нийгэм рүү тэмүүлж байгаа. Гэхдээ мэдээж суралцах зүйл их болохоор тогтолцооны хувьд эдгээр салбаруудын хоорондын харилцан хамаарлыг сайжруулах шаардлагатай.

-Бизнесийн ёс зүй,шударга байдлыг дэмжиж ажиллах нь компаниудад ямар үр өгөөжтэй  вэ?

-Бизнесийн хариуцлага сайн байгууллагад маш олон давуу тал бий болдог. Жишээ нь гадны улс орнуудын жишээн дээр хэлсэнчлэн олон улсын бизнесийн ёс зүй, хариуцлагын стандарт шаардлага хангаж байвал хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, санхүүжилт босгох, зээлийн хүүг бууруулахад давуу тал болдог. Харилцагчид, үйлчлүүлэгчид тэдний хүлээлтэд нийцсэн, ёс зүй, нийгмийн хариуцлагатай бизнест л илүү итгэл үзүүлдэг учраас бизнес тогтвортой байх модельд ч ашигладаг. Хамгийн гол нь ажилтнуудын хариуцлагыг ухамсарлуулж, системийг бүрдүүлдэг учраас тухайн байгууллагын төлөвшсөн соёл, ашиггүй ажиллагаа, зардлыг бууруулж, хариуцлагыг бий болгодог давуу талтай. Харин бизнесийн ёс зүйг төлөвшүүлэхгүй бол тухайн байгууллагын шийдвэр, хэрэгжилт давхар стандартаар явна. Өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчил үүснэ, хөрөнгө завшигдана, хэнийг ч үзэмжээрээ урамшуулна, шийтгэнэ, хариуцлага тооцож болно. Үүнд тавих стандарт тогтохгүй учраас зөрчилдөөн байнга үүснэ гэсэн үг. Гэтэл байгууллага гэдэг бүтэц, бүтэц гэдэг хамт олон байдаг.   

-Байгууллага бүр ёс зүйн дүрэм журамтай байх ёстой юу. Үүндээ юуг тусгах ёстой вэ?

-Судалгаагаар манай компаниудын 69.6 хувь нь ёс зүйн дүрэмтэй байна. Байгууллага ямар байдлыг ёс зүйтэй гэж хүлээн зөвшөөрөх, юуг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тодорхойлоогүй байх нь эрсдэлтэй. Жишээ нь, манай нөхцөлд судалгаагаар “Нийгмийн ёс зүйгүй тэгш бус өрсөлдөөн тендерүүд дээр их гардаг учраас шударгаар өрсөлдөхөд амаргүй байна”, “Хэрэглэгчид худал мэдээлэл өгч барааны үнийг хөөрөгдөн борлуулдаг явдал манай бизнест их нөлөөлдөг”, “Бизнес хийх явцад авлига, kick back өгөх дарамт ирж байна” гэх хариулт өгсөн байсан. Энэ тохиолдлуудад хэрхэх нь ёс зүйн дүрэмдээ байх ёстой атал дээр хэлсэнчлэн 59 хувь нь авлигын эсрэг зохицуулалтгүй учраас нийгмийн ёс зүйгүй байдлыг өөхшүүлэх нөхцөл бүрдүүлж байхыг үгүйсгэхгүй. Зүй нь дүрэмд зааснаар арга хэмжээ авах зааврыг нь урдчилаад өгсөн байх ёстой. Цаашлаад өөрсдөө буруудах, улмаар компанийн нэр хүнд унах гэсэн аюул ар араасаа гарна. Бизнест компанийн нэр хүнд бол баталгаа л байх ёстой.

Хуулиар заавал ёс зүйн дүрэмтэй байна гэж заагаагүй боловч ёс зүйн дүрэм нь байгууллагын соёлыг төлөвшүүлэх үндсэн баримт бичиг болдог учраас ёс зүйн дүрэмтэй байхыг зөв гэж үздэг.  Бүх байгууллагад тохирсон стандарт гэж байдаггүй. Байгууллага бүр өөрийн онцлогтой учраас ёс зүйн дүрэмд шаардлагатай гэж үзсэн зарчмуудыг тодорхойлж болно.Энэ бодлогын хэрэгжилт удирдлага нь бусад ажилтнууддаа үлгэрлэж байж хэрэгждэг, дээрээс доош чиглэлтэй тогтолцоо буюу байгууллагын бүтэц бүрдүүлэх, соёл төлөвшүүлэх хамгийн чухал бодлого гэж үздэг. Ёс зүйн дүрэм бол хамгийн дээд удирдлагаасаа авахуулаад бүх ажилтанд хамаардаг учраас том компаниудад гүйцэтгэх захирал нь биш ТУЗ нь батлах ёстой, тухайн байгууллагын хүн нэг бүрийг мэргэжлийн түвшинд, шударгаар ажиллах, тухайн байгууллагад хамаарах хугацаанд биеэ хэрхэн авч явахыг нь зааж өгсөн, болох, болохгүйн зарчмыг тодорхойлсон бодлого юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.8 ЛХАГВА № 176 (6653)