Уул уурхайн компаниудаас өгсөн хандивын зарцуулалт ил тод биш байна

0
хуваалцах
346
үзсэн

Ц.БАЯР

 

Олборлох үйлдвэрийн ил тод байдал санаачилга / ОҮИТБС/-ын цахимд тайлагнах үүрэгтэй 2240 тусгай зөвшөөрөлтэй компаниас энэ оны зургадугаар сарын байдлаар тайлангаа ирүүлсэн 1419 компани байна. Энэ нийт компанийн 63.3 хувийг эзэлж байгаа аж. Ихэнх компани хайгуулийн тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Хуулийн дагуу гурван жил тутамд сунгалт хийх ёстой. Зарим компани байгуулагдаагүй хэрнээ Х зөвшөөрөл авсан, сунгалтаа хууль бусаар хийлгэсэн. Төлбөр төлөлтөд зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг  “Кинг даймонд” компани хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтыг хууль бусаар хийлгэсэн нь нээлттэй датаа өгөгдлөөр шалгахад илэрсэн аж. Тус компани 2008 онд Х зөвшөөрөл авсан гэх атлаа http://opendata.burtgel.g ov.mn/ дата өгөгдлийн мэдээллээр 2011 онд байгуулагдсан түүхтэй байх жишээтэй. Түүнчлэн хайгуулын төлбөр төлсөн байдлаар нь шалгахад тайлант хугацаагаар санхүүгийн жил нь 11-12 дах жилээр тооцсон байгаа нь тус компани 2008 онд Х зөвшөөрөл авсан нь нотлогдож  байна. Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтыг хуурамчаар авсан байх хардлага төрүүлж буй юм. Нөгөөтэйгүүр, уул уурхайн компаниуд 2020 онд 45.9 тэрбум төгрөгийн хандив тусламжийг ТББ, Хөгжлийн сангуудаар дамжуулан өгсөн байна. Хандив тусламжийн мөнгийг юунд зарцуулсан нь ил тод биш байгааг  /ОҮИТБС/-ын цахимаар ирсэн тайлан болон нээлттэй өгөгдлийн сангуудаас татаж үзэхэд ажиглагдсан байна. Энэ нь сүүлийн долоон жилийн хандивтай харьцуулахад хамгийн өндөр байгаа аж. Улсын хэмжээнд хамгийн өндөр хандив авдаг аймаг гэвэл Өмнөговь, Дорноговь, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий аймаг хүртдэг байна. 2019 онд 33 гаруй тэрбум төгрөг төвлөрсөн байна. Гагцхүү энэ мөнгө хаана, хэнд, юунд зарцуулагдсан нь тодорхой бус байна. Төрийн байгууллагуд төсвийн хуулийн хүрээнд боловсрол, эрүүл мэнд, соёлын үйлчиглгээнд зарцуулдаг бол сонгуулийн үеэр ТББ-аар дамжуулан хандивласан  хандивын тооцоо ил болдоггүй. Дээрх хандивын 60 хувь нь “Говийн Оюу “ Хөгжлийн сангаар  дамжсан ч 40 орчим хувь нь юунд зарцуулагдсан нь бас л тодорхой бус. Энэ нь их хэмжээний мөнгө хяналтгүйгээр зарцуулагдаж байна хэмээн Монголын ОҮИТБС-ын Харилцааны мэргэжилтэн З.Цэлмэг хэлж байна.

ОҮИТБС-ын 2019 оны стандарт нь эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааны үе шат бүрийг ил болгож, Засгийн газар, компанийн хариуцлагатай, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх замаар сайн засаглалыг төлөвшүүлэх зорилготой.

Компанид  тусгай зөвшөөрөл, үйлдвэрлэл, борлуулалт, нийгэм, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, төсөл, ажиллах хүчний мэдээллээ ил тод болгох. Түүнчлэн тухайн компани төлсөн төлбөрөө, Засгийн газар хүлээн авсан орлогоо тайлагнаж олон нийтэд мэдээлдэг байх.  Харин Засгийн газар  улсын төсөв, Хөгжлийн сан, ОНХС-ийн зарцуулалт, Төрийн өмчийн компаниудын төрийн эзэмшил, төсвийн шинжтэй зардлын ил тод байдлыг хангах үүрэгтэй. Тэгвэл энэ үүрэг хангалтгүй байгааг тус санаачилагаас дүгнэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.1 ЛХАГВА № 171 (6648)