Ван Вэньбинь: COVID-19-ийн эх үүсвэрийг “Fort detrick”-ээс эхэлж судлах хэрэгтэй

0
хуваалцах
577
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

 

Өдгөө 214 сая хүн өвчилж, 4.4 сая хүн амиа алдаад буй COVID-19 цар тахлын эх үүсвэрийг дэлхийн эрдэмтэд өнөөдрийг хүртэл тогтоож чадсангүй.Халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотын вирусын лабораториос алдагдсан гэх таамгийг хэд хэдэн орон дэвшүүлсэн. Харин Хятадын эрх баригчид болон судлаачид энэ вирус сарьсан багваахайнаас далайн амьтдаар дамжин хүнд халдсан гэсэн тайлбарыг өгч байгаа. ДЭМБ-ын эрдэмтдийн баг Ухань хотын вирусын лаборатори болон халдвар анх тархсан далайн хүнсний захад судалгаа хийсэн. Энэ оны эхээр судалгааны дүнгээ танилцуулахдаа  далайн зах дээр худалдаалж байгаа амьтнаас гаралтай байж магадгүй гэсэн тайлбарыг өгсөн. Ингэхдээ Уханийн вирусын лабораториос COVID-19 санаандгүйгээр алдагдсан байх боломжгүй тухай тайландаа дурдаж байв. Гэвч зарим шинжээч тэдний энэ дүгнэлтийг эсэргүүцсэн. Мөн зарим эрдэмтэн  COVID-19 вирус Хятадаас өмнө Европын орнуудад бүртгэгдсэн гэсэн мэдээллийг өгч байв.

 АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Тагнуулын агентлагтаа вирусын эх үүсвэрийг 90 хоногт судлан эцсийн байдлаар тодорхой мэдээлэл бүхий тайлан гаргах үүргийг тавдугаар сард даалгасан. Тэгвэл АНУ-ын Тагнуулын албаныхан  цар тахлын эх үүсвэрийг тодорхойлж чадсангүй   гэсэн хариуг ерөнхийлөгч Жо Байденд өгчээ. Тус агентлагийн эрдэмтэд вирус амьтнаас хүнд халдсан, лабораториос алдагдсан гэсэн хоёр таамаг дээр зөрчилдөөд байгаа юм.Гэхдээ тайлангийн хураангуйг ойрын өдрүүдэд олон нийтэд ил болгохоор төлөвлөж байгаа аж.Хятадын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Тагнуулын албаны тайланг шинжлэх ухааны эсрэг үйлдэл хэмээн үгүйсгэлээ. Тэрбээр “АНУ ДЭМБ-ын хийсэн судалгааг үл тоон, дураараа аашилж өөрсдийн улс төрийн зорилгодоо нийцсэн тайлан гаргажээ” гэж ярьсан байна.

Халдвар далайн захаас илрэхээс өмнө Уханийн лабораторийн хэд хэдэн судлаач 2019 оны арваннэгдүгээр сард халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээллийг олон улсын хэвлэлүүд өгч байв. Үүний дараахан Хятадын эрх баригчид тус  лабораторит судалгаа хийлгэхээс татгалзсан нь олон нийтийн эргэлзээг нэмэгдүүлсэн юм.

АНУ-ын Үндэсний тагнуулын албаны дарга Аврил Хайнс зургадугаар сард “Бид “бууны сум”-ыг олно гэдэгтээ итгэлтэй байгаа ч хэзээ ч олдохгүй байх магадлалтай” гэж ярьсан юм. Ихэнх судлаач вирусын эх үүсвэрийг тодорхойлсон эцсийн нэгдсэн дүгнэлтэд хүрэхийн тулд цаг хугацаа их орно гэж үзэж байгаа юм. Энэ тухай Стэнфордын их сургуулийн микробиологич Дэвид Релман “Бид судалгаагаа зогсоох, түр завсарлах тухай бодох хэрэггүй. Харин хүчин зүтгэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж “Washington Post” сонинд ярьжээ.

Хятадын зүгээс вирусын эх үүсвэр АНУ-ын цэргийн байгууламж “Fort Detrick”-ээс гаралтай гэсэн санааг цухуйлгаад амжсан. “Fort Detrick” нь Эбола, салхин цэцэг болон бусад вирусын судалгааг хийсэн биологийн лабораториудтай, АНУ-ын биологийн зэвсгийн хөтөлбөрийн төв байгууламж юм.Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн ажилтан Ван Вэньбинь лхагва гарагт “АНУ ДЭМБ-ын судлаачдыг урьж, вирусын эх үүсвэрийн судалгааг “Fort Detrick”-ээс эхлүүлэх хэрэгтэй” гэж ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.27 Баасан № 168 (6645)