Олимпийн медальтнуудыг "Алтан од”-оор шагналаа

0
хуваалцах
386
үзсэн

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

“Токио-2020” зуны олимпоос медаль хүртсэн  М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт олимпийн медальтны энгэрийн тэмдгийг гардуулан өгч, МҮОХ-ны дээд шагналаар шагналаа. Олимпийн мөнгөн медальт Саид Моллайе Герман улсад байгаа тул түүнийг төлөөлж Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар энгэрийн тэмдгийг нь гардаж авлаа. Мөн МҮОХ-ны Гүйцэтгэх  зөвлөлийн шийдвэрээр МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнасныг гардуулсан юм.  Шагнал гардуулах ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд биечлэн оролцсон бол МҮОХ-ны гишүүд цахимаар оролцсон байна. Олимпоос медаль хүртсэн тамирчид медалиа байнга зүүгээд явах боломжгүй байдаг. Тиймээс тухайн хүн олимпийн медальт тамирчин болохыг батлах энгэрийн тэмдгийг ОУОХ-ноос гардуулдаг учиртай. Энэ тэмдэг нь тухайн тамирчныг олимпийн медальтан болохыг батлахаас гадна тамирчны амжилт, ялалтын үнэ цэнийг өндөрт өргөдөг онцгой дурсгал юм. Тэмдэг бүр нь серийн дугаартай, дахин давтагдашгүйгээрээ онцлогтой. Саид Моллайн энгэрийн тэмдэг 200962, М.Уранцэцэгийнх 201762, Ц.Цогтбаатарынх 201818, Б.Болортуяагийнх 202329 гэсэн дугаартай ажээ. Мөн эх орноо төлөөлөн өрсөлдсөн 43 тамирчинд олимпод оролцогчдын энгэрийн тэмдэг гардуулж өгөх ёслолыг цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Монголын олимпод оролцогчдын холбооноос зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: www.polit.mn