Австралийн “Covid Zero” бодлого дельта вирусыг “ялсангүй”

0
хуваалцах
351
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

 

Австрали улсын Засгийн газар хилээ хааж, гадаадын орнуудаас жуулчин хүлээж авахгүйгээр цар тахлыг дарах “Covid Zero” бодлого баримталж байгаа. Ийм бодлогыг Хятад, Шинэ Зеланд улс цар тахалтай тэмцэхдээ баримталж байгаа юм. Эхэндээ “Covid Zero” үр дүнгээ өгч, Австрали цар тахалтай амжилттай тэмцэж буй улсуудын нэгд тооцогдож байв.Гэсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд дельта хувилбараас үүдэн тус улсын томоохон хотуудад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, “Covid Zero” бодлогоосоо ухрахад хүрчээ. Энэ талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

“Дельта хувилбарыг хэн ч удирдаж чадахгүй”

 

Австралийн хамгийн том хот Шинэ Өмнөд Уэльс мужийн нийслэл Сиднейд зургадугаар сарын сүүлчээс эхлэн хөл хорионы хатуу дэглэм тогтоосон ч  халдварын тоо буурсангүй. Улмаар өнгөрсөн амралтын өдрүүдээр халдварын тоо оргилдоо хүрлээ.  Тухайлбал, Шинэ Өмнөд Уэльс мужид бямба гарагт 825, ням гарагт 830 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас баржээ. Үүнээс үүдэн Сидней, Мельбурн, нийслэл Канберра хот хөл хорио тогтоогоод байгаа юм.

Шинэ Өмнөд Уэльс мужийн захирагч Глэдис Бережиклиан “Дельта хувилбарын улмаас Австралид халдварын тохиолдол өмнө нь байгаагүйгээр нэмэгдлээ. Хатуу хөл хорио тогтоосон ч халдвар тархаж байгаа нь үнэн. Тиймээс бид өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд гэртээ байж, вакцинд хамрагдах хэрэгтэй. Ер нь бид дельта хувилбартай дасан зохицож амьдрах хэрэгтэй болно. Шинэ Өмнөд Уэльс мужийнхан бусад мужаас арай эрт үүнд суралцаж байна. Учир нь дельта хувилбар бол хэн ч удирдаж чадахгүй  вирус юм. Бид 99 хувийн зөв зүйл хийлээ ч, хамгийн шаргуугаараа тэмцлээ ч дельта вирусыг ялж чадахгүй. Дельта байгаа цагт  хөл хориог цуцалбал “Covid Zero” бодлого хэрэгжих боломжгүй. Харин вакциндаа хамрагдах нь бид эрх чөлөөтэй болох хамгийн шилдэг арга зам юм” гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Зургадугаар сарын сүүлээр хөл хорио тогтоосноос хойш тус мужид сүүлийн хоёр сарын турш дельта хувилбар маш хурдацтай тархаж байна.  Тиймээс тус муж өнгөрсөн баасан гарагаас хөл хориогоо есдүгээр сарын сүүлч хүртэл сунгасан юм. Ингэхдээ өглөөний 05:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл шөнийн хөл хорио үйлчлэх юм. Хөрш Викториа мужид бямба гарагт 61 тохиолдол бүртгэгдсэний дараа эрх баригчид нийслэл Мельбурн хотоос бусад хотод бүхэлд нь хөл хорио тогтоож байгаа зарласан. Иргэд эмийн сан, хүнсний дэлгүүр орох, вакциндаа хамрагдах, дасгал хийх гэсэн зайлшгүй шалтгаанаар л гэрээсээ гарах юм.

 

Австралийн хүн амын  30 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагджээ

 

Шинэ Өмнөд Уэльс мужийн 16-гаас дээш насны хүн амын 70 хувь нь аравдугаар сарын сүүлээр, 80 хувь нь арваннэгдүгээр сарын дундуур гэхэд вакциндаа хамрагдана хэмээн таамаглаж байна. Одоогийн байдлаар тус мужийн хүн амын 59 хувь нь нэгдүгээр тундаа, 31 хувь нь бүрэн тундаа хамрагдсан нь үндэсний хэмжээнд сайн үзүүлэлтэд тооцогдож байна. Мужийн захирагч Глэдис Бережиклиан зургаан сая тун вакцинд иргэдээ хамруулсны дараа хөл хориог цуцлахаа амласан юм. Тус мужид даваа гарагт 818 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин нас баралтын тоо буурчээ.Харин Викториа муж лхагва гараг буюу өнөөдрөөс эхлэн 16-аас дээш насныхнаа Pfizer  вакцинд хамруулж эхэллээ. Тус муж таван долоо хоногт нэг сая тун вакцинаар иргэдээ дархлаажуулах зорилт тавьжээ.

 Мельбурнд төвтэй Дохерти хүрээлэнгээс гаргасан мэдэгдэлд “Вакциндаа хамрагдах тусмаа бид вирустай хамт амьдрахад хялбар болно. Үүнд ханиад, томуу гэсэн бусад вирус ч багтана. Нийт хүн амын 70 хувь нь вакциндаа хамрагдчихвал өдөрт хэдэн зуун тохиолдол бүртгэгдсэн ч хөл хориог сулруулах боломжтой” гэж бичжээ. Одоогийн байдлаар Австралийн 25 сая хүн амын  30 хувь нь бүрэн тундаа, 53 хувь нь эхний тундаа хамрагджээ.Энэ нь Их Британийн 60 хувь, АНУ-ын 50 хувьтай харьцуулахад маш бага үзүүлэлт юм. Гэхдээ Австрали мягмар гарагийн байдлаар 45734 хүн халдвар авч, 984 хүн нас барсан үзүүлэлтээр 122-т жагсжээ. Энэ нь бусад хөгжингүй оронтой харьцуулахад маш бага үзүүлэлт юм. Тус улс вакцины нийлүүлэлт багаас шалтгаалан дархлаажуулалтыг орой эхлүүлсэн юм.

 

Хүн амын 70-80 хувь нь вакциндаа хамрагдсан үед хөл хориог цуцална

 

Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон “ABC’s Insiders”-т өгсөн ярилцлагынхаа үеэр “Хорио цээрийн дэглэмээ цуцлах үед халдварын тохиолдлын тоо өсөх нь тодорхой. Энэ бол гарцаагүй үзэгдэл. Австралийн Засгийн газар халдварын тохиолдлыг бууруулахаас илүүтэй хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоог бууруулахад илүү анхаарал хандуулахаар төлөвлөж байна.Хүн амын 70-80 хувь нь вакциндаа хамрагдсан үед хөл хориог цуцалж эхэлнэ. Бид хөл хорионд үүрд амьдрахгүй. Харин коронавирустай зэрэгцэж амьдрах тухай асуудал юм” гэж ярьжээ.

Мөн “Daily Telegraph” сонинд Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон “Халдварын тоо өсөж байгаа нь хөл хориог цуцлах бидний төлөвлөгөөнд саад болохгүй. Удахгүй  бид бүх зүйлээ нээнэ. Одоогийн нөхцөлд халдварын тооноос илүү хүмүүсийг хүндээр өвчлүүлж, нас баруулахгүй байхад анхаарч, олон хүнийг вакцинд хамруулж, халдварыг дарах үндэсний стратеги бидэнд хэрэгтэй. Өдөрт 30 эсвэл 800 хүнээс халдвар илрэх нь чухал биш. Хөл хорионы улмаас орлого тасалдсан ч эрүүл мэндийнхээ төлөө үргэлжлүүлэхээс өөр аргагүй. Гэхдээ энэ хөл хорио удаан хугацаагаар үргэлжлэхгүй” гэж ярьсныг онцолжээ.

 

Хөл хориог цуцлахыг шаардан жагслаа

 

Дельта хувилбараас үүдэн цар тахлын гуравдугаар давалгаатай нүүр тул­сан австраличууд Мельбурн, Сидней, Брисбен хотын гудамж талбайд бямба гарагт жагсаж, хөл хорионы хатуу дэглэмээ цуцлахыг эрх баригч­даас шаардсан байна. Тодруулбал, Викториа мужид бүхэлд нь хөл хорио тогтоохоор зарласнаас хэд­хэн цагийн дараа маскгүй жагсаг­чид Мельбурнийн Бизнесийн төв дүүргээр дамжин алхахдаа цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэн юм. Энэ үеэр  цагдаа нар  хэдэн зуун иргэнийг баривчилж, долоон цагдаагийн ажилтан бэртжээ. Тухайлбал, Мельбурн хотод 4000 хүнээс бүрдсэн жагсаалын цуваа цагдаагийн шугам руу нэвтэрснээр морьт цагдаа нар жагсагчдын эсрэг чинжүү шүршигч ашигласан байна. Улмаар 218 хүн баривчлагдаж, долоон офицер шархаджээ. Харин хөл хориог нэг сараар сунгасан Сидней хотод жагсагчдыг тараахын тулд 1500 цагдааг дайчилсан бөгөөд нэг цагдаа гэмтэж, 47 хүнийг баривчилсан байна.Мельбурн хотын цагдаагийн газар энэ удаагийн жагсаалыг сүүлийн 20 жилийн түүхэнд гараагүй хатуу тэмцэл байсныг мэдээлсэн юм. Жагсагчид хөл хорионы хатуу дэглэмийг эсэргүүцснээс гадна “Вакцин бол хуйвалдаан” хэмээн хашгиралдаж байв.

Австрали улс вакцинжуулалтаа хурдасган, хөл хориогоо цуцлан эрх чөлөөтэй болох дөрвөн үе шаттай төлөвлөгөөг долдугаар сард танилцуулж байв. Хамгийн эхний A шатанд хотын том хэсгүүдэд хөл хорио тогтооно. B шатанд насанд хүрсэн хүн амын 70 хувь нь вакцинжуулалтдаа хамрагдаж, вакциндаа хамрагдсан нь илүү их эрх чөлөөтэй болох онцгой эрх эдэлнэ. Зул сарын баярын үеэр B шатанд  хүрнэ гэдгийг ерөнхий сайд Моррисон мэдэгдсэн. Харин  C шатанд хүн амын 80 хувь нь вакциндаа хамрагдаж хилээ үе шаттайгаар нээж эхлэх юм. Одоогийн байдлаар тус улс А шатнаасаа гарч чадаагүй явна.

Эх сурвалж: “Зууны эмдээ” сонин

2021.8.25 ЛХАГВА № 166 (6643)