Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа монголын түүхэнд наймдугаар сарын 25-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Монгол Улсад Залуучуудын байгууллагыг үүсгэн хөгжүүлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Манай улсад “Бошгыг халах залуучуудын эвлэл”-ийг 1921 оны наймдугаар сарын 25-ны өдөр байгуулж, тэр цагаас хойш эл өдрийг Монголын залуучуудын өдөр болгосон юм. Их зохиолч Д.Нацагдорж тус байгууллагын анхны дарга байсан бөгөөд энэ өдөр Монголын залуучуудын хөдөлгөөн үүссэн төдийгүй тэд үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж, дуу хоолойгоо албан ёсоор нэгтгэсэн түүхэн тэмдэглэлт өдөр юм. Залуучуудын байгууллага нь хожмоо Монголын Хувьсгалт залуучуудын Эвлэл болж, тэр үеийн нийгмийн харилцааг эрс өөрчлөн шинэчлэх хувьсгалт үйл хэргийг эрхэм зорилтоо болгон анхны үндэс сууриа тавьж байв. Монголын Залуучуудын байгууллага улс орны хөгжлийн үе шат бүрт нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээнээс хамааран, үе үеийн залуучуудын бүтээлч, идэвхтэй үйл ажиллагаагаар  намтар баян түүхтэй. Энэ их түүхийн үргэлжлэл болсон Монголын Залуучуудын Холбоо жил бүрийн наймдугаар сарын 25-ыг "Монголын залуучуудын өдөр" болгон тэмдэглэсээр  ийнхүү 100 жилийн ойтойгоо золгож байна. Монголын залуучуудын өдрийг баяр цэнгүүн гэж хүлээж авахаас илүүтэй залуучууд зорилгоо тодорхойлдог, алдаа оноогоо дүгнэж, тодорхой асуудал хөндөж гарц шийдэл ярилцдаг, нэгдэж сайн санааны үйлс хийдэг, бүтээдэг тийм л өдөр болгон тэмдэглэсээр ирсэн юм.

Эх сурвалж www.zms.mn