Т.САЙХАН

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.Түүний байр суурийг хүргэж байна.

 

 -Засгийн газрын хуралдаанаар эдийн засагтай холбоотой ямар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бэ?

-Төрийн банк болон Хөгжлийн банкны хөгжлийн концепц чиг үүргийг нэмэлтээр  эрчимжүүлэх танилцуулгыг хийлээ. Товчхон дурдвал, дундаж давхаргыг шинээр бий болгох асуудлыг “Алсын хараа-2050” хөтөлбөрт суулгасан. Энэ хүрээнд Төрийн банкийг нийгмийн дундаж давхаргад илүү үйлчлэх бага орлоготой хэсгийг бойжуулж тэдгээрт шаардлагатай санхүүгийн үйлчилгээг үзүүлэх банк болгоно.  Ингэснээр Төрийн банкнаас үзүүлж байгаа үйлчилгээний цар хүрээ илүү тэлнэ. Харин Хөгжлийн банкийг цаашид экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлнэ. Учир нь, Монгол Улсад худалдааны санхүүжилт дутагдалтай байна. Ингэхдээ Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна.

-Хөгжлийн банкны үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар ямар бодлого баримтлах вэ?

-Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл гурван  их наяд төгрөг байгаагаас нэг их наяд төгрөг нь чанаргүй зээл.  Иймд шинэ зээл өгөх чадамжгүй.  Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй учраас Монголбанк тус банкинд хяналт шалгалт хийж байна. Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй тул Хөгжлийн банкийг байгуулсан. Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ. Гэхдээ бүтцийн өөрчлөлт гэдэг нь хүний асуудал биш. Бланс болон актив дээр хийгдэх өөрчлөлт юм. Өөрөөр хэлбэл чанаргүй зээлтэй маш хурдан тэмцэж төлүүлэх, цаашид Хөгжлийн банкийг хэвийн үйл ажиллагаанд нь оруулахад шаардлагатай бүтцийн өөрчлөлтийг хийх юм.  Мөн Засгийн газар Төрийн өмчийн газруудад бүтцийн өөрчлөлтийг гурван чиглэлээр хийх санал гарсан. Үнэхээр стратегийн чухал ач холбогдолтой төрийн өмчийн ААН-ийн үйл ажиллагааг дэмжинэ. Хоёрдугаарт тухайн ААН нь төрийн өмчийн оролцооны шаардлагагүй бол бирж, хувьцаат компани болгох хэлбэрээр олон нийтийн хяналтад оруулж үр өгөөжийг нь нэмэгдүүлэх сайн туршлагууд ч байна. Гуравдугаарт, үр ашиггүй, алдагдалтай ажилладаг компаниудыг татан буулгая гэсэн гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд төвлөрсөн байдлаар төрийн өмчийн хороог шууд удирдах бүтэцтэй явж ирсэн.

-Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна.  Энэ үед цалин тэтгэвэр нэмэх боломж бий юу?

-Цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг ярихад эрт байна. Яг өнөөдрийн байдлаар 2022 оны төсвөө боож эхэлж байна. Хуулийн хугацаандаа буюу аравдугаар сарын 1-н гэхэд ирэх оны  төсвийн төслийг УИХ-д өргөн барина. Тэр үед илүү тодорхой болно.

-НӨАТ-ыг тэглэнэ гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-НӨАТ тэглэх асуудал яригдаагүй.  НӨАТ-ыг тусгай хуулиар зохицуулагддаг. Засгийн газар УИХ-д ийм хуулийн төсөл оруулах ямар ч төлөвлөгөө байхгүй. Монгол Улсын хувьд  харин ч бага татвар авдаг. НӨАТ-ын буцаан олголт өгдөг улс дэлхийд байхгүй. Цаашдаа сонгодог утгаараа үргэлжилнэ. Сангийн яам, Засгийн газар НӨАТ-ын системээ сонгодог утгаараа нь хадгална гэсэн байр суурьтай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.19 ПҮРЭВ № 162 (6639)