Шинэчилсэн журмыг танилцуулахад бэлэн болжээ

0
хуваалцах
467
үзсэн

Ц.МЯГМАРБАЯР

 

Ашигт малтмалын хайгуулын болон  ашиглах тусгай зөвшөөрлийг 2018 оноос эхлэн Ашигт малтмалын тухай  хуулиар  сонгон шалгаруулалтаар олгох зохицуулалт, өөрчлөлтүүд орсон. Хайгуулын ажил уг нь уурхай,  олборлолтын хэрэгжих төслүүдээс даруй 25-30 жилийн урьд  түрүүлэн хийгдэж ашигт малтмалын нөөцийг нарийвчлан тогтоосон байх учиртай юм. Ингэснээр  төсөл хөтөлбөрүүдэд  бодит хөрөнгө  оруулалтыг хийх, амжилттай явуулах, эдийн засгийн өндөр үр ашигтай байх ба хайгуулын ажил болон нөөц тогтоож ашиглалтад бэтлтгэх үйл явц тасралтгүй үргэлжлэн явагдаж байх ёстой.

“COVID-19”-өөс шалтгаалан сүүлийн хоёр жилийн хугацаанд  хайгуулын  тусгай зөвшөөрөл олгох  сонгон шалгаруулалт удаашраад байгаа бөгөөд геологийн хайгуулын ажилд оруулах бодит хөрөнгө оруулалт зогсонги байдалд ороод байна. Зөвшөөөрөл олгох явц удааширснаас шалтгаалж  сүүлийн гурван жилийн хугацаанд нийт зарлагдсан талбайн 67 орчим хувьд нь зөвшөөрөл олгогдоод байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох явцыг ил тод, хурдан шуурхай, зөрчил маргаангүй явуулах  зайлшгүй шаардлагатай байгаа учир салбарын яам болон АМГТГ, Үндэсний геологийн алба, мэргэжлийн холбоод хамтарч судалгаа, нөлөөллийг хийсний үндсэн дээр шинэчилсэн журмыг боловсруулж  хоёр удаагийн олон нийтийн хэлэлцүүлэгээр саналуудыг авч тусган Засгийн газарт танилцуулж зөвшөөрөл авч  батлахад бэлэн болоод байна.

Тодруулбал, Монгол Улсад өнөөдрийн байдлаар ашигт малтмалын хайгуулын  899 тусгай зөвшөөрлийг  геологийн хайгуул судалгаа хийдэг аж ахуйн нэгжүүд  эзэмшиж  байна. Энэ нь манай улсын нийт газар нутгийн зөвхөн 2.8 хүртэлх хувийг эзлэх талбай аж.

2018 оноос Засгийн газраас баталсан талбайн хэмжээнд Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын одоогийн хүчин төгөлдөр журмаар зохицуулан олгож байна. Сүүлийн арван жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо арав дахин багассан бол талбайн хэмжээ тав дахин буураад байгаа юм байна. Одоогоор  90 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хайгуулын төсөлд зарцуулсан байна гэж салбарын  яамнаас мэдээлсэн. Гэхдээ энэ хөрөнгө оруулалт нь  зөвхөн хувийн хэвшилийнхний  гаргасан хөрөнгө юм. Геологи хайгуулын ажил Эрсдэл дагуулдаг учир улсын төсвийн хөрөнгөөр хийгддэггүй билээ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох журмын шинэчлэлийн талаар салбарын яамны мэргэжилтэн болон экспертийн  байр суурийг хүргэе.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Бат: Журмыг шинэчилснээр  үнэлгээ хийх явц ил тод шуурхай болж хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

 

-Өмнөх журамд дутагдалтай зүйл олон байсан. Тухайлбал,  нийт зарлагдах талбайг багцалж дараалал үүсгэн зарласнаар  аж ахуйн нэгжүүдэд  жилийн турш ээлж дарааллаа хүлээх хүлээлтийг  үүсгэдэг байсан.

Шинэ журмын зохицуулалтаар нийт бэлтгэгдсэн талбайд сонгон шалгаруулалтыг нийтээр нь нэг удаа зарлаж үүнд аж ахуйн нэгжүүд хүлээлт үүсгэхгүйгээр хүсэлтээ өгөх боломжийг хангаж  байгаа.

Хоёрдугаарт, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу эхлээд техникийн үнэлгээ хийхэд их цаг зарцуулдаг байсныг халж  үнийн саналын үнэлгээг нээлттэйгээр эхлэн нээж  шийдвэрлэсний дараа нь техникийн үнэлгээг зөвхөн хянах, шалгах зэргээр явуулж  үнэлгээний хугацааг багасгаж байгаагаараа онцлог. Өөрөөр хэлбэл, урт хугацаанд үргэлжилсэн үнэлгээг богино хугацаанд  хийхээр  хялбаршуулсан.  Ингэснээр зөвшөөрөл олгох явц хурдасч хайгуулын төслүүдийн тоо бодитойгоор нэмэгдэнэ. Журмыг шинэчлэх гол зорилго нь  геологийн хайгуулын салбарт бодит хөрөнгө оруулалтыг богино хугацаанд шийдэхэд чиглэсэн. Удахгүй Засгийн газарт өргөн барьж танилцуулан зөвшөөрлийг авч батална. Шинэ журам батлуулсан өдрөөс  хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөр төлөвлөж байна.

 

Монгол Улсын зөвлөх инженер, докторант, эрхзүйч шинжээч Д.Гэрэлгуа: Журмынхаа шинэчлэлд хайгуулын талбайн хэмжилтийг нарийн мэргэжлийн хүнээр хийлгэхдээ гэрээгээр  биш гэж зааж өгөх хэрэгтэй

 

-Журмыг шинэчилж болно хамгийн гол нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хайгуул  хийх талбайн үнэлгээ, хэмжилт  хийдэг  уул уурхайн геодизийн мэргэжлийн макшедир инженерийг  журамд гэрээгээр авч ажиллуулахаар заасан нь учир дутагдалтай байдаг. Өөрөөр хэлбэл, хайгуулын  талбайг геологи болон ашиглалтын инженерүүд хэмждэггүй.  Үүнийг уул уурхайн геодизийн мэргэжлийн макшедир инженерүүд хэмжиж нарийн гаргадаг.  Гэтэл  салбар яам нь энэ мэргэжлийн хүмүүсээ авч ажиллуулдаггүйгээс  өнөөдөр улсаас зарласан хайгуулын талбай нь орон нутгийн иргэд болон малчдын өвөлжөө, хаваржааны эзэмшил газартаа давхцал үүсч төр иргэн хоёрын хооронд үл ойлголцол үүсдэг. Ингэснээр хайгуул хийх нэрийдлээр ашиглалт болдог гэсэн ойлголтыг орон нутгийн иргэдэд төрүүлснээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох явц үр дүн муутай байдаг.  Түүнчлэн орон нутгийн засаг захиргаа, иргэдээс асууж талбайгаа  нарийн хэмжиж зарлах байтал энэ мэдээлэл нь ил тод байдаггүй. Тиймээс  шинэ журамд хайгуул хийх талбайнхаа үнэлгээ болон хэмжилт хийдэг нарийн мэргэжлийн хүмүүсээ салбар яамдаа болон  мэргэжлийн байгууллагадаа  байршуулж ажиллуулах хэрэгтэй. Ийм нарийн мэргэжлийн 800 орчим хүн ажилгүй явж байна. Яагаад салбар яам энэ хүмүүсээ авч ажиллуулахгүй байна вэ гэвэл нарийн хэмжилтийн цаана олон булхай, луйвар илрэх учраас авч ажиллуулах сонирхолгүй байдаг. Нарийн мэргэжил гэдэг шүдний эмч нүдний эмч хийдэггүйтэй адил.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.18 ЛХАГВА № 161 (6638)