Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар 200 дахь хоногоосоо гадаад хөрөнгө оруулалт, хувийн хэвшилдээ онцгой анхаарна

0
хуваалцах
252
үзсэн

Т.САЙХАН

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өнөөдөр /08.17/ гадаадын хөрөнгө оруулагчидтай зөвлөлдөх уулзалт хийж байна.  Энэ үеэр Ерөнхий сайд  төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх бодлогыг Монгол Улсын Засгийн газрын 200 дахь хоногоос зарлаж байгаагаа мэдэгдлээ.  

Төрийн ордонд болж буй тус уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын хамт оролцож байна. 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  “Засгийн газраас цар тахлын дараах үеийн эдийн засаг ямар байх, ямар бодлого баримтлах талаар хурдтай ажил хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулагчидтай мэдээлэл солилцох нь зүйтэй. Засгийн газрын 200 дахь хоног тохиож байгаа энэ үед цар тахлын амаргүй нөхцөл байдал үргэлжилж байна. Дэлхийн бүх Засгийн газар цар тахлын даван туулах сорилттой тулгарч, стратегиа хуваалцаж, хамтдаа ажиллаж байгааг тэмдэглэх нь зүй. 100 хоног тутам Засгийн газар ажлаа тайлагнаж байгаа. Харин 200 дахь хоног бол гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн түншлэлээр цар тахлыг даван туулахад онцгой анхаарна. Ардчилалд шилжсэн 30 жилийн хугацаанд эдийн засаг 10 дахин тэлсэн ч алдаа, оноо бий. Үүнд өөрсдөдөө дүгнэлт хийж засаж, залруулна” хэмээн онцоллоо.

Мөн Ерөнхий сайд дархлаажуулах ажилд тусалсан улс орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагад талархал илэрхийлээд, цаашдаа бусад улс орнуудын вакцинжуулах ажилд туслах болно гэдгээ тэмдэглэв.

Дэлхийн зах зээлд манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Тухайлбал, төмрийн хүдрийн үнэ  хоёр дахин, зэсийн үнэ 50 хувиар, алтны үнэ 19 хувиар, газрын тосны үнэ 13 хувиар өсжээ. Энэ өсөлт цаашид таван жилийн хугацаанд үргэлжлэх төлөв ажиглагдаж байгааг тэмдэглэж, хөрөнгө оруулагчдыг энэ үеийг ашиглахыг уриалав.

Түүнчлэн Оюутолгой төсөлтэй холбоотой ТЭЗҮ-ийн маргааныг шийдвэрлэх талаар хэлэлцээ хэвийн үргэлжилж байгааг хэлээд, цаашид том төсөлд аудит хийж явах шаардлагатай байгааг тодотголоо.

Эх сурвалж:www.polit.mn