Олон улсын жишгээр виртуал хөрөнгийн хуультай болно

0
хуваалцах
488
үзсэн

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Өнгөрсөн долоо хоногт Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба, Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороод хамтран Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэх, олон улсын крипто вальютын зохицуулалт, чиг хандлагын талаар мэдээлсэн. Хэрэв Монгол Улсад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хууль батлагдвал крипто вальютын аливаа үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Ингэснээр ФАТФ-ын техник хэрэгжилтийг хангах, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих эерэг нөлөөтэй гэж үзэж байгаа. Үүний хүрээнд ФАТФ-ын зөвлөмжийн 15-т заасны дагуу улс орнууд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Манай улс төдийгүй дэлхийн 81 орон ФАТФ-ын зөвлөмжийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн хүрээнд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгчдийн үйл ажиллагааг зөвшөөрч, зохицуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Үүний үр дүнд эдгээр орны гадаад хөрөнгө оруулалт сайжирж, дижитал өрсөлдөх чадвар өссөн олон эерэг үзүүлэлт гарчээ. Тэгвэл улс орнууд виртуал хөрөнгийг хэрхэн зохицуулдаг талаар тоймлон хүргэе.

 

Японд крипто вальютаас олсон ашигт татвар ногдуулдаг

 

Япон 2016 оны тавдугаар сарын 25-нд Виртуал хөрөнгийг зохицуулах хуулийг баталж 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Японы Санхүүгийн үйлчилгээг зохицуулах агентлаг (FSA) нь виртуал хөрөнгөд бусад вальютын адилаар эрх зүйн статус олгож, төлбөрийн хэрэгслийн нэг хэлбэрээр ашиглахыг зөвшөөрсөн шинэ хуулийг гаргасан байна. Тиймээс Японы виртуал хөрөнгийн үйлчилгээний салбар нь бусад улс оронтой харьцуулахад эрчимтэй хөгжиж одоогийн байдлаар 3.5 сая зах зээлийн идэвхтэй оролцогчтой томоохон салбарын нэг болсон байна. Мөн Япон улс нь биткойны дэлхийн хамгийн том зах зээл бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сард Японы үндэсний татварын газар нь крипто вальютаас олсон ашгийг тусад нь ангилж, хөрөнгө оруулагчдад зохих татвар ногдуулах шийдвэр гаргасан.

 

Тайландын төвбанкнаас крипто вальютаар гүйлгээ хийхгүй байхыг хүсэв

 

Тайландын Төвбанк мэдэгдэл гаргаж виртуал хөрөнгө буюу крипто вальютын гүйлгээ хийхээс татгалзаж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг хүссэн байна. Тайландад крипто вальют нь хууль ёсны төлбөрийн хэрэгсэл биш гэж Төвбанк нь мэдэгдэж, эдгээрийг мөнгө угаах, терроризмыг дэмжих хууль бус үйл ажиллагаанд ашиглаж болзошгүй гэж санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Сүүлийн саруудад Тайландын Засгийн газраас крипто вальютыг бүхэлд нь хориглохгүй бөгөөд үүнтэй холбоотой зохицуулалтын тогтолцоог боловсруулж байгаагаа мэдэгдсэн байна.

 

Турк улс крипто төлбөр хийхийг хоригложээ

 

“Yahoo finance”-ийн мэдээлснээр Туркийн Төвбанк энэ оны дөрөвдүгээр сараас крипто вальютаар төлбөр хийхийг албан ёсоор хоригложээ. Албаны хүмүүс крипто вальютын гүйлгээ, төлбөр тооцоо нь оролцогч талуудад нөхөж баршгүй алдагдал авчирах боломжтой, түүнчлэн крипто төлбөрийн тархалт нэмэгдэж байгаа нь тус улсад батлагдсан төлбөрийн хэрэгсэлд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлж хориг арга хэмжээ авч байгаагаа мэдээлсэн байна. Мөн санхүүгийн эрх баригчид крипто вальютын арилжааны платформ, биржүүдээс хэрэглэгчийн мэдээллийг дамжуулахыг шаардаж виртуал хөрөнгийн зах зээлийг ашиглан терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор авч байгаа гэж мэдэгджээ.

 

Ихэнх улсын Төвбанк виртуал хөрөнгийн зах зээлийг хянаж байна

 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ, хуулийн зохицуулалт хийсэн 32 орноос 43.2 хувь нь төвбанкаараа дамжуулж крипто вальютын үйлчилгээ эрхлэгчдээ хянадаг бол 37.5 хувь нь санхүүгийн зохицуулагч байгууллагаараа, 19.3 хувь нь хосолсон буюу бусад зохицуулалттай байна. Мөн крипто вальютын үйлчилгээ үзүүлэх, арилжахыг хуулиар зөвшөөрсөн орнуудын 21 нь крипто вальютыг зохицуулах хүрээнд татварын тухай хуульд холбогдох өөрчлөлтүүдийг оруулсан байдаг. Жишээлбэл, Татварын хуулиараа крипто вальют арилжиж олсон орлогод татвар ногдуулсан бол тэдгээрийн 23.8 хувь нь нэмээд НӨАТ-ыг ногдуулсан байна. Харин Люксенбург, Норвеги, Латви, Австри улсад крипто вальют нь хууль ёсны төлбөрийн хэрэгсэл биш, арилжаа нь бараа, үйлчилгээнд хамаарахгүй гэсэн үндэслэлээр улс орнууд НӨАТ-ыг ногдуулдаггүй аж.

Ийнхүү улс орон бүр өөрийн хуулийн зохицуулалтыг хийж ФАТФ-ын зөвлөмжийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээг авдаг аж. Тиймээс манай улс ч бас олон улсын шаардлагад нийцсэн өөрийн улс орны онцлогт тулгуурласан эрх зүйн орчинг бүрдүүлж уламжлалт санхүү, эдийн засгийн бүтцийн зэрэгцээ виртуал санхүүгийн орчинг бий болгох хэрэгтэй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.16 ДАВАА № 159 (6636)