Ч.ОЛДОХ

 

Монгол ардын уртын дууны хөгжил, сургалт, судалгааны талаар бид “Өв соёл” булангийнхаа  өмнөх дугаарт  Ардын жүжигчин  Шарын Чимэдцэеэгийн ярилцлагыг хүргэсэн. Энэ удаа түүний  1994 онд хэвлүүлсэн “Жаахан шарга” түүвэрт орсон үзэмчин ардын уртын дуу “Соёг бор”-ын  түүх, судалгааны талаар  хүргэж байна.

 

...Соёг бор мориороо

Сайварлуулаад ирээ юу

Соньхон зантай авгайдаа

Гэнэтхэн хүрээд  ирээ юу”  хэмээн эхэлдэг энэ дуу цааш

 “...Дэрсэн дээгүүр дэгддэг

Дэгдээхэй шувуу хөөрхий

Дэндүү холдоо очсон

Хүний үр нь хөөрхий

” хэмээн салж хагацсан амраг хосын сэтгэлийн  зовлон гунигийг шингээсэн үг хэллэг бүхий,  мөн хайртай залуу нь бүсгүйдээ хандан  ятган сэнхрүүлсэн утга санаа,  өнгө аясаар   дуулагддаг ажээ. Бүсгүй хүнийг богтолдог эртний ёс гарч байгаагаас үзэхэд  “Соёг бор” дуу  нэлээд эрт зохиогдсон байх магадлалтай. Мөн харилцаа  хоёр хувилбартай  байгаагаас үзэхэд харилцаа дуу байсан байж мэдэх юм.

Дууны түүхийг мөшгивөл дээр өгүүлснээр эхэлдэг  “А” хувилбарыг Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ  1987 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын өндөр настан  Балжиннямыг 67 настай байхад нь бичиж авсан бөгөөд нийтэд  дуулагдаагүй дуу юм. Харин

 “Соёолон борлог морьтой

Сонихон хил зантай

Санан суусаар байтал

Гэнэтэд хүрээд ирлээ шүү

Ар дээгүүр гарахад

Адилхан харагдсан

Ажиглан харвал

Арай биш шиг  санагдсан

Ханан хадны орой дээр

Харгана юунд ургана вэ

Хамаа л үгүй байхад

Хайртай юунд болно вэ

Хөх л бор мориороо

Хөндөлсүүлсээр ирсэн

Хөөрхий амраг чамаасаа

Хөндийрөхийн сэтгэл болоогүй

Хамба торго байвч

Ханцуй тохойгоороо элэгддэг

Хар элгийн хүн

Дотроосоо хөрдөг”  \дууны үгийг бүтнээр нь оруулав\ гэсэн үг бүхий “Б” хувилбарыг Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян 1982 онд Хэнтий аймгийн Дархан сумын өндөр настан, ардын  ерөөлч Баярын Маналжаваас  соронзон хальсанд шингээн авсан бөгөөд дуу хэрхэн үүссэн домгийг  ч мөн яриулж тэмдэглэжээ. Түүнд өгүүлснээр урьд цагт хангай зүгийн нутгийн нэгэн хархүү адууны отроор говийг зорьж, баян айлын ойролцоо адуугаа оторложээ. Баяныд цэвэрхэн төрсөн бүсгүй байх бөгөөд залуус хоорондоо ихэд дасав. Удалгүй хавар болж  хархүү нутаг руугаа  буцахын цагт  бүсгүй “За чи  минь ингээд явлаа даа, эр хүний санаанд олон юм үймж байдаг. Чамд нэгийг хэлье. Чи манай аав, ээжээс ямар морь унаж явах вэ гэж асуугаарай” гэжээ. Хүүхний аав ээж  отрын хархүүд “Чи адууныхаа хамгийн түрүүнд явдаг шийр алаг хул морийг унаж яваарай” гэв. Хүүхэнд түүнийг хэлбэл, “Адууны хамгийн сүүлд явдаг  бор даага бий. Чи тэр муу даахитай бор даагыг хөтлөөд яваарай. Энэ даагыг соёолон болоод соёо нь хуруу хэртэй сунаад сүүл нь гурван хуруу хэртэй газар тунасан үед намайг эргэж нэг бодоорой” гээд явуулжээ.

Оторчин хархүү гэртээ хариад хэдэн он өнгөрөв. Нэг өдөр адуун дээрээ ирээд сууж байтал говийн хүүхний өгсөн бор дааганы соёо нь хуруу сунаад, сүүл нь гурван хуруу газар туналзан үзэсгэлэнтэй сайхан соёолон морь болсныг хараад хүүхнийг эрхгүй санаж бор морио барьж авч унаад гэртээ ч оролгүй говь нутгийг зорьжээ.

Довтлон давхисаар Жуушлан гөөгөө хүүхнийд иртэл тэр гэртээ байсангүй. Ээжээс нь асуувал өчигдөрхөн  баруун  нутгийн Жа  түшмэл  ирээд жуузтай тэргэнд суулгаж  аваад одсон. Гурван хошуу дамнасан хол газар гэнэ лээ” гэв. Хархүү хүүхнийг авч явсан газрыг эрж сурсаар нэг орой их найр хуриман дээр буучихав. Найранд дугараа барих болж “Соёг бор” дууг шууд зохион дуулсан домогтой ажээ. Мөн үүнээс арай өөр хувилбар  академич Х.Сампилдэндэв, Д.Цэрэнсодном нарын “Монгол домог” \УБ 1984\ номд бас орсон байдаг ажээ. Энэ дууны “А” хувилбар ердөө гуравхан бадагтай. Эхэнд өгүүлсэн хоёр бадгийн дараагийнхад,

“Арын мод нь олон ч бол

Амттай монд нь нэгэн хоёр

Алиалан нааддаг нь олон ч бол

Алиныгаа ч итгэдэг нь нэгэн хоёр” гэсэн үгтэй. Бадаг бүрт илтгэсэн утгыг нэхвэл нэрт соён гэгээрүүлэгч Ч.Лодойдамбын  “Сайхан хайр байдаг юм шүү, олсон бол алдаж болохгүй” гэсэн үгийг санагдуулам. Сайхан хайрыг олсон атал хожимдсон гэмшил, бас “харийн хүн дотроосоо хөрдөг”  хэмээн сэтгэлгүй хүнд богтлогдон очсон бүсгүйгээ өрөвдсөн, санан хүлээнэ гэдгээ илэрхийлсэн дуу байж болох талтай юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.13 БААСАН № 158 (6635)