УИХ-ын дарга Г.Занданшатар том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах талаар судлахыг Төв банканд даалгажээ

0
хуваалцах
237
үзсэн

Т.САЙХАН

УИХ-ын дарга  Г.Занданшатар өчигдөр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл, орон сууцны ипотекын хөнгөлөлттэй хүүтэй зээл олголтын явц байдал болон Репо санхүүжилтийн талаар танилцуулгадаа онцоллоо. Түүнчлэн банкны салбарын шинэчлэлийн хүрээнд Засгийн газартай хамтран ажлын хэсэг гарган ажиллаж байгааг уламжлав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цар тахлын энэ үед эдийн засгийг тогтвортой байлгах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад чиглэсэн зээл, санхүүжилтийн бодлого боловсруулахад анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ.

Мөнгөн дэвсгэртийн шинэчлэлийг хэрэгжүүлж, гүйлгээний зардал, төлбөрийн хэрэгслийн зардлыг бууруулахын тулд гүйлгээнд ашигладаггүй мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах нь эдийн засгийн хувьд үр ашигтай. Иймд төрийн мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримталж, том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах талаар судалгаа хийхийг Төв банкинд даалгалаа. 

Эх сурвалж:www.polit.mn