Б.ДОЛЖИНЖАВ

Австрали улсын Технологи, бизнесийн олон улсын институт /International Institute of Business and Technology/-н Үйл ажиллагаа хариуцсан менежер Айви Чун /Ivy Chung/-тай ярилцлаа. Тэрбээр Монгол оюутнуудыг Австралид суралцахад зуулчилж, дэмжин ажилладаг юм.

 

-Монгол оюутнуудтай хамтран ажилладаг хүний хувьд анх Монголд ирээд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Сайн байна уу.Намайг Айви Чун /Ivy Chung/ гэдэг, Малайзад төрсөн. Австрали улсад амьдраад 19 жил болж байна. Одоогоор Технологи, бизнесийн олон улсын институтын Үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажилладаг. 2013 оноос хойш монголчуудтай тэр дундаа Монгол оюутнуудтай хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Би анх 2013 оны тавдугаар сард Монголд аяллаар очсон. Анхны сэтгэгдэл үнэхээр гайхалтай байсан. Монголын боловсролын системийг ажиглахад Монгол эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролыг их чухалчилдаг нь сайхан санагдсан. Монголчууд  амжилтын түлхүүр бол боловсрол гэдгийг мэддэг хүмүүс юм билээ.

-Та Зүүн өмнөд Ази, Хойд Ази, Африкийн бүс нутгийн оюутнуудыг олон улсын их сургуульд суралцахад зуучилдаг. Ингэхдээ Монгол Улсыг сонгосон шалтгаан тань юу байсан бэ?

-Бидний мэдэж байгаачлан Австрали улс бол гадаад оюутнууд суралцахад тохиромжтой улсуудын нэг. Австрали дахь Монгол оюутны тоо жил бүр өсч байна. Австралийн Гадаад харилцаа, худалдааны газраас 2010 онд 962 Монгол оюутан тус улсад суралцаж байсан бол 2018 онд 7000 гаруй оюутан  суралцсан гэсэн судалгааны дүнг танилцуулсан.Наймхан жилийн дотор Монголоос Австрали улсад суралцаж  буй оюутнуудын тоо маш их өссөн гэдгийг эндээс харж болно. Энэ тоо өсөхөд Австралид төгсөөд эх орондоо буцсан Монгол залуус их нөлөөлсөн. Тэд эзэмшсэн мэргэжлээ үр дүнтэй ашиглаж улс эх орондоо болон хувь хүнийхээ хувьд олон дэвшилтэнд хүрсэн байдаг. “Australia Awards” хөтөлбөрийн төгсөгчид Австрали Монголын нийгэмлэгээр дамжуулан үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг (тэднийг “Моззи” гэж нэрлэдэг). 

-Монгол оюутнуудын давуу талыг хэрхэн тодорхойлох вэ. Бусад орны оюутнаас хэрхэн ялгарч байна?

-Би Монгол оюутнуудыг сайн оюутнууд гэж хэлнэ. Ихэнхи оюутан Австралид суралцахын зэрэгцээ цагийн ажил хийж дадлага туршлага хуримтлуулдаг. Тэд хичээлээ маш сайн хийж, онц сурахын хажуугаар бас цагаа зөв зохистой ашиглаж чаддаг.Монголчуудын хувьд шинэ улсад дасан зохицох чадвар сайтай. Амралтаараа Австралийн үзэсгэлэнтэй газруудаар аялдаг. Бүх цаг үеийн хамгийн агуу байлдан дагуулагч болсон Чингис хааны цус монгол хүнд үнэхээр байдаг гэж би бахархалтайгаар хэлнэ. Тэд аливаа зүйлийг зорьвол түүндээ хүрэхийн төлөө маш ихээр хичээдэг. Бид Монгол оюутнуудтай харьцахдаа итгэлцэл, хүндэтгэлийг гол хүчин зүйлээ болгодог.

-Монголын боловсролын системийг хоцорсон гэж шүүмжилдэг. Монголчууд гадаадад сурч, ажиллахад боловсролын байдлаараа гологдох тохиолдол гардаг уу?

-Дээр хэлсэнчлэн Монгол оюутнууд дэлхийн бусад улсын оюутнуудаас дутах зүйлгүй. Харин ч зарим талаараа бүр илүү. Тэд бол хариуцлагатай сайн оюутнууд. Магадгүй судалгааны ажил дээр зарим оюутнуудад багагүй бэрхшээл тулгардаг байх. Монголын БСШУЯ-наас Монгол Улсын боловсролын тогтолцоог 12 жил болгож өөрчилсөн. Энэ бол боловсролын тогтолцоог олон улсын системтэй зэрэгцүүлж байгаа шинэчлэлт юм. Ер нь аливаа өөрчлөлт хийхэд цаг хугацаа их шаарддаг. Засгийн газар, хувийн хэвшлийнхэн гадаад дахь түншүүдтэйгээ, солилцооны платформтой илүү их хамтран ажиллахад энэ нь Монголд томоохон нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

-Боловсролын салбарт сүүлийн 10 жил ажиллахдаа та Австралийн улсын их сургуулиудад ажилласан. Бид юуг нь Монголд нэвтрүүлэх боломжтой вэ?

-Австрали бол боловсролын салбараараа дэлхийд тэргүүлдэг улсуудын нэг. Миний ажигласан хамгийн чухал зүйл бол тэд оюутнуудад өөрөө судалгаа хийх боломжийг сайн олгодог. Бэлэн юм бэлдэж өгөхөөс илүүтэйгээр оюутнууд өөрсдийнхөө сонирхолын дагуу судалгаа шинжилгээ хийх боломжтой байдаг. Мөн оюутан сурч байх үедээ сайн дурын ажил хийх боломжтой. Ихэнх нь суралцаж дууссаны дараа үүнийгээ үргэлжлүүлэн хийдэг. Мөн оюутнуудад зориулсан тусгай салбар салбарын, сургалттай холбоотой, сэтгэцийн болон бусад эрүүл мэндтэй холбоотой зөвлөхүүд сургуулиуд дээр ажилладаг. Малайзын жирийн нэгэн тосгонд төрж өссөн болохоор өөрийгөө  хэзээ ч гадаадын өндөр хөгжилтэй оронд суралцаад тэндээ амжилттай ажиллаж амьдарна гэж төсөөлж байгаагүй. Австрали улс надад итгэл найдвар өгсөн.

-“Эрч хүчтэй, бүтээлч, ажил хэрэгч бай” гэдэг бол таны уриа. Чанартай боловсрол эзэмшиж, сайн ажил эрхлэхийн тулд бид юуг эрхэмлэх ёстой вэ?

-Мөрөөдөлтэй байж, түүндээ хүрэхийн төлөө зорьж, ирээдүйнхээ эзэн нь байгаарай. Хэзээ ч битгий бууж өг. Танд хэн нэгнээс зөвлөгөө авах хэрэгтэй бол мэргэжлийн хүмүүстэй уулзаж байгаарай. Бидэнд  ганцхан амьдрал байдаг. Яагаад үүнийг хамгийн сайн сайхан болгож болохгүй гэж!.Нельсон Манделагийн хэлсэнчлэн “Боловсрол бол дэлхийг өөрчлөхөд ашиглаж болох хамгийн хүчирхэг зэвсэг мөн”.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.4 ЛХАГВА № 151 (6628)