Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадаас медаль хүртсэн Монголын багийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын нэрийг дуурсгасан хүүхдүүд, олимпиадын сурагчдыг бэлтгэх, дасгалжуулахад зүтгэж ирсэн багш нарын хөдөлмөрийг төр үнэлдэг байх ёстой гэдгийг онцоллоо. Улмаар олон улсын олимпиад, уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг урамшуулж байх Ерөнхийлөгчийн зарлиг гаргана гэдгийг хэлэв.

2021 онд Монголын баг Олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, физикийн олимпиадаас 2 хүрэл, 2 шагналт байр, мэдээлэл зүйн олимпиадаас 1 мөнгө, химийн олимпиадаас 2 мөнгө, 1 хүрэл, 1 шагналт байр, биологийн олимпиадаас 1 мөнгө, 2 хүрэл, нийт 5 олимпиадаас 15 медаль, 3 шагналт байр хүртжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон спортын их наадам Олимп үргэлжилж буй энэ өдрүүдэд Монгол Улсын баг оюун ухааны олимп гэгддэг олон улсын олимпиадаас 15 медаль хүртсэн нь өндөр амжилт гэдгийг тодотголоо.

Эх сурвалж:www.polit.mn