Мьянмарын армийн дарангуйлал 2023 он хүртэл үргэлжилнэ

0
хуваалцах
179
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

 

Саяхныг хүртэл Мьянмарыг ардчилсан, эрх чөлөөт улс хэмээн тодотгож, удирдагч Аун Сан Су Чиг Мьянмарын “Төмөр хатагтай”-гаар цоллож, ардчиллын бэлэг тэмдэг хэмээн үзэж байв. Гэтэл зургаан сарын өмнө буюу энэ оны хоёрдугаар сарын 1-нд армийнхан Засгийн эрхийг хүчээр булаан авч, эрх баригчдыг хорисноор тус улсын ардчилал ганцхан өдрийн дотор “түнэр харанхуй” болсон билээ. Цэргийнхний энэ дарангуйллыг эсэргүүцэн иргэд нь уйгагүй тэмцэж, ажил хаялт зарласан. Жагсаалын үеэр иргэдийн эсрэг цагдаа нар дайрч, мөргөлдөөний улмаас өдөрт хэдэн зуун хүн амиа алдаж, дэлхийн хэвлэлүүд “Мьянмарын цуст өдөр” хэмээн мэдээлж байлаа. АНУ, Англи тэргүүтэй дэлхийн томоохон улс төдийгүй НҮБ хүртэл Мьянмарын эсрэг хориг арга хэмжээ авсан ч цэргийнхний дарангуйллыг зогсоож чадсангүй. Улмаар энэ дарангуйлал 2023 он хүртэл үргэлжлэхээр болсныг Мьянмарын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ахлах генерал Мин Аун Хлайн мэдэгдлээ.

Тодруулбал, Мин Аун Хлайн “Улсын удирдагчийг сонгох сонгуулийг 2023 онд зохион байгуулна. Тэр хүртэл би түр Засгийн газрын ерөнхий сайдаар ажиллана. Эх орноо богино хугацаанд үр дүнтэй удирдахын тулд Төрийн захиргааны зөвлөлийг Мьянмарын түр Засгийн газар болгон өөрчиллөө. Манай Засаг захиргаа Мьянмарын ирээдүйн төлөө бүс нутгийн төлөөлөгчидтэй хамтран ажиллахад бэлэн байна. Бид чөлөөт, шударга бүх нийтийн сонгууль явуулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Сонгууль товлосон хугацаандаа болохыг амлаж байна. 2023 оны наймдугаар сар хүртэл онц байдлын тухай заалт хэрэгжинэ. Би ардчилал дээр суурилсан  холбоо байгуулахаа дахин амлаж байна” гэж ням гарагт мэдэгдэв. Мөн тэрбээр АСЕАН буюу Зүүн Өмнөд азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс томилогдсон тусгай элчтэй хамтран ажиллахаа амлав. АСЕАН-ийн гадаад хэргийн сайдууд даваа гарагт уулзан Мьянмар дахь хүчирхийллийг зогсоох талаар армийнхан болон тэмцэгчдийг зуучлах тусгай элч нарыг томилохоор тохиролцжээ.

Мьянмар улсад 2020 оны арваннэгдүгээр сард зохион байгуулсан парламентын сонгуулиар Аун Сан Су Чигийн тэргүүлсэн  Арчиллын төлөөх үндэсний лиг нам 1117 суудлаас 920 суудлыг авснаар үнэмлэхүй ялалт байгуулж байв. Гэвч саналыг луйвардсан хэмээн армийнхан зөвшөөрөөгүй. Сонгуулийн ерөнхий хороо ч луйвардсан гэсэн мэдэгдлийг няцаасан ч цэргийнхэн  Засгийн эрхийг хүчээр авч, удирдагчдыг шоронд хорьсон билээ. Өмнөх удирдагч, эрх баригч намын тэргүүн Аун Сан Су Чиг хэд хэдэн гэмт хэрэгт буруутгасан. Түүний шүүх хурлын шийдвэр гараагүй, үргэлжилсээр байна. Цэргийн Засгийн газар өнгөрсөн мягмар гарагт сонгуулийн дүнг албан ёсоор хүчингүй болгож, санал тоолох сонгуулийн хороог шинээр томилжээ.

Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгээс мэдээлснээр мөргөлдөөний улмаас 939 иргэн амиа алдаж, 6990 хүн баривчлагдаад байгаа юм. Гэвч цэргийнхний зүгээс үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээн дэх иргэдийн эсрэг энэ халдлага хуульд нийцсэн хэмээн мэдэгдээд байгаа юм. Ийн цэргийнхний дарангуйлал дахин хоёр жил үргэлжлэхээр боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.3 МЯГМАР № 150 (6627)