Ч.ҮЛ-ОЛДОХ

 “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг жингийн шөвгийн найман тамирчны тоглолт "Кокүгикан" ордонд  болж, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Оросын тамирчин Алберт Батыргазиевт  тун эргэлзээтэйгээр хожигдлоо.  Учир нь энэ тулааны эхний үед Оросын тамирчныг Э.Цэндбаатар 5:0-ээр илүүрхэн ялсан. Дараагийн үед ч илүү олон оновтой цохилт хийж 3:2-оор өрсөлдөгчөө хожсон юм. Харин гуравдугаар раундад  хоёр тамирчин аль аль нь  нэлээд цуцсан байсан бөгөөд манай боксчны цохилтын тоо цөөрсөн, харин А.Батыргазиев идэвх гаргаж хариу оновчтой цохисон. Энэ үед рингийн шүүгч цохилт орсон /нокдаун/ гэж Э.Цэндбаатарыг тоолсон нь Оросын талд давуу байдлыг үүсгэн, таван шүүгчийн төгсгөлийн дүнд нөлөөлж, манай боксчныг ялагдсан гэж үзэв. Гэвч  шүүгч Э.Цэндбаатарыг үнэхээр тоолох байсан, эсэх нь бас эргэлзээтэй бөгөөд үзэмжээр нөгөө талд ялалт өгөх гэсэн байхыг үгүйсгэмгүй байдал бас ажиглагдсан. Эцэст нь   Э.Цэндбаатар олимпий н наадмын медалийн төлөөх тоглолтод  Оросын Алберт Батыргазиевт 3:2-оор тун эргэлзээтэй ялагдал хүлээгээд байна. Монголчууд сошиал орчинд асар хүчтэй эсэргүүцэл илэрхийлж, Монголын боксын холбоо, Монголын Үндэсний Олимпийн хороог шахаж шаардаж буй тул  Монголын баг зөвлөлдөж, тулааны шүүлтийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн, албан ёсоор гомдол гаргалаа.

УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Ё.Баатарбилэг цахим хуудастаа “Э.Цэндбаатарын асуудлаар ОУОХ-нд гомдол гаргах хэрэгтэй” гэсэн байна. Монголын боксын үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч асан Д.Батсүрэн Монголын боксын холбооны цахим хуудаст "1997 оны ДАШТ Т.Үйтүмэн, 2007он ДАШТ Э.Бадар-Ууган, 2005он ДАШТ Г.Ган-Эрдэнэ,2020 Э.Цэндбаатар гээд дандаа Оросуудад харамсалтай ялагдлаа...Цэндээгийн хувьд жин их хассан ч боломж байсан" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Ардын багш, Монголын боксын “домог”-уудын нэг Д.Банди агсан нэгэнтээ “Олимп, тив, дэлхийн наадамд оролцож байгаа тамирчныхаа суурийг нь тавьсан анхны багшийг хамт авч явж байвал амжилтад нөлөөлнө” хэмээн хэлж байсан юм. Тэгвэл Монголын боксын холбоо болон Монголын үндэсний Олимпийн хороо Э.Цэндбаатарыг хүүхэд байхаас дасгалжуулж ирсэн анхны багш ОУХМ Б.Энхтайваныг олимпийн наадамд авч яваагүй. Тэрбээр “Арай ч дээ, ийм юм байдаг л юм байна. Боксын холбоо юу хийж байнаа” хэмээн бухимдлаа илэрхийлжээ. Түүнчлэн  боксын спортын фенүүд, Монголын ард түмэн цахим орчинд эсэргүүцэл илэрхийлсээр байна.

 

 

Эх сурвалж: www.polit.mn