ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Изинис”-т давуу эрх олгохоор нууцаар ажиллаж байгаад баригджээ

0
хуваалцах
408
үзсэн

Б.Дамдин

БНСУ-ын Сөүл хотноо жил болгон хийгддэг агаарын харилцааны хэлэлцээр өнөөдөр /2021.7.31/ болж байна. 
Хоёр өдөр үргэлжлэх уг хэлэлцээрт оролцохоор Монголын талаас ЗТХЯ-ны гурван хүн, ИНЕГ-аас гурван хүн, МИАТ-ийн хоёр хүн, хэвшлийн “Изинис Эйрвэйз” ХХК-иас Д.Оюундэлгэр, “Карго Эйрвэйз” ХХК-иас Ч.Хоролсүрэн нийт 10 хүн Сөүлд очжээ.
Энэ хэлэлцээрт хувийн хэвшлээс ганцхан “Изинис Эйрвэйз”-ийг оролцуулсанд “Хүннү Эйр”, “Аэро Монголиа” компаниуд ихээхэн дургүйцэж байна. 
Хэлэлцээрт тэдний төлөөллийг оролцуулаагүй, тэр байтугай дуулгаа ч үгүй гэнэ. 
Гэтэл ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлэлцээрээр Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд буух “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлд МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, бусад хувийн авиа компаниудад мэдэгдэлгүй “Изинис Эйрвэйз” ХХК-ийнхыг нэмэгдүүлэхээр нууцаар ажиллаж байгаад баригджээ. 
Ер нь бол “Изинис Эйрвэйз” нь Б.Хурц, Ч.Хоролсүрэн зэрэг хүмүүсийн эзэмшлийнх гэдэг. 
Энэ жилийн агаарын хэлэлцээр Б.Хурцын нөлөөгөөр гэнэт 2021 оны долдугаар сарын 23-ны орой товлогдсон. 
Мөн хэлэлцээрийн өмнө Б.Хурц Л.Бямбасүрэнтэй уулзсан гэх мэдээлэл яригдаж байна. 
Сануулахад, гурван жилийн өмнө тэднийг нэр бүхий 13 улстөрчийн хамт “Изинис Эйрвэйз” ХХК-ийн нэрээр МИАТ-ийн хувьчлалд оролцож, тус компанийг авах гэж байна гэж шуугисан. 
МИАТ-ийг авч ач холбогдол бүхий нислэгийг эзэмших нь чухал юм байна. 
Тиймээс энэ удаад ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд нөлөөлөх замаар энэ зорилгоо хангах гэсэн боловч бүтэлгүйтэв бололтой.

 

Эх сурвалж: polit.mn