“Монгол Ураниум Ресурс” эргэлзээ төрүүлж байна гэв

0
хуваалцах
999
үзсэн

Ч.ЗОТОЛ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Монгол Ураниум Ресурс” компани  нь уран хайх явцдаа нүүрсний орд илрүүлж, улмаар MV-021459 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулах болсон. Гэвч нүүрс олборлох нэрийн дор цацраг идэвхт ашигт малтмал, уран олборлож байж болзошгүй талаар Сүхбаатар аймгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагаас гомдол, мэдээлэл гаргасаар байгаа юм.  Энэ асуудлаар нутгийн иргэд   тойргоосоо  сонгогдсон  гишүүнд хандсан байна. Иймд  УИХ-ын 12 дугаар тойрог буюу Сүхбаатар аймгаас сонгогдсон гишүүдийн нэг Н.Ганибал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад хандан чиглэл өгчээ.

Тэрбээр албан бичигтээ “Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монгол Ураниум Ресурс” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 27, 35 дугаар зүйл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн А/20 дугаар тушаалаар баталсан “Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журам” болон холбогдох бусад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж, үйл ажиллагаа явуулж байгаа гэдэгт эргэлзээ төрүүлж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, түүнд тавих хяналтыг сайжруулах, хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар авах зарим арга хэмжээний тухай” 17 дугаар тогтоолыг баталж, холбогдох хууль, тогтоомж зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгайлан авч хэрэгжүүлсэн байдаг.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн аравдугаар зүйлд заасны дагуу ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх зорилгоор MV-018247 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд цацраг идэвхт ашигт малтмал, шинжээчийн дүгнэлт гаргуулах, хууль тогтоомжид заасан кохих арга хэмжээг авч хэрэгжүүлж, мэдээлэл ирүүлэхийг танаас хүсье” гэсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn