Д.Мөнгөнтүлхүүр: Арц хомоолоор утсанаар харшил хүндэрч байна

0
хуваалцах
5172
үзсэн

М.Оюунтүлхүүр

Ургамал, шарилжны харшлын идэвхжил өндөр байгаатай холбогдуулан “Арьсны өвчин судлалын үндэсний төв”-ийн ачаалал болон өвчлөгсдөд илэрч буй шинж тэмдгийн талаар тус эмнэлгийн их эмч Д.Мөнгөнтүлхүүртэй ярилцлаа.

-“Арьсны өвчин судлалын үндэсний төв”д өдөр хэчнээн хүн үзлэг оношилгоо хийлгэж байна вэ?

-Үзлэгийн цагийн хуваарийн дагуу өдөрт 32 хүнд үзлэг хийх нормтой. Өнөөдрийн хувьд 60 хүнд үзлэг хийсэн байна. Үет болон хогийн ургамлын тоосжилт агаарт цацагдаж байгаатай холбоотойгоор ургамлын харшлын зовуур ихсэж, түүнийг даган хийгдэх  үзлэгийн тоо нэмэгдэж, амбулаторийн ачаалал нэмэгдэж байна.   

-Харшлын идэвхжил хэзээ эхэлж, хэдийгээр дуусдаг вэ?

-Ургамлын тоосны харшил нь манай оронд ургадаг модлог, үет ургамал, хогийн ургамал гэх гурван бүлэг ургамалд хамаардаг. Модлог ургамал нь дөрөвдүгээр сараас агаарт тоосоо гөвж эхэлснээр модлог ургамлын харшил дөрөв, тавдугаар  сард зовуур илэрдэг. Үет ургамлын харшил зургадугаар сард  агаарт тоосоо гөвсөнөөр эхэлж зургаа, долдугаар сард үргэлжилнэ.  Долдугаар сард шарилж, лууль, халгай, таван салаа зэрэг  хогийн ургамлын харшлын идэвхжил эхэлдэг. Одоогоор  үет ургамал болон хогийн ургамлын харшил идэвхжилттэй байна.

-Харшилтай хүмүүст ямар шинж тэмдэг илэрч байгаа вэ.  Харшилтай эсэхээ хэрхэн мэдэх боломжтой вэ?

-Харшлын үед хамар битүүрэх, найтаах, шингэн нус гойжих,  нүд загатнах шинж тэмдэг голлон илэрч байна. Үүнээс гадна тагнай, хоолой, чих загатнах, үнэрлэх мэдрэхүй  багасах зэрэг шинж тэмдэг илэрч болно.

-Үнэр, амт мэдрэх мэдрэмж багасах нь ковидын шинж тэмдэгтэй андуурагдах боломжтой юу?

-Коронавирусын өвчлөлийн үед үнэрлэх, амтлах мэдрэмж шууд алдагдахгүй.  Харин ханиалгах, толгой өвдөх, булчин өвдөх,  ядарч сульдах, хамгийн гол нь халуурах шинж тэмдэг илэрч байгаа. Улирлын онцлог таарчихсан, өдийд зовууртай байгаа хүмүүс  хэрэв өнгөрсөн жил ургамлын харшил мөн адил хөдөлсөн бол айж сандрах шаардлагагүй.

-Гэрээр дур мэдэж эмчилгээ хийх явдал иргэдийн дунд хэр их байна вэ?

-Хүмүүсийн ам дамжсан яриагаар “харшилтай хүмүүс аргалаар утахад харшил эдгэдэг” гэж зөвлөдөг. Гэвч энэ нь судалгаа хийж нотлогдсон  эмчилгээ биш юм. Ургамлын харшил амьсгалын дээд замыг гэмтээдэг ба энэ үед ургамал, арц хомоолоор утсанаар амьсгалын доод зам руу үрэвсэл хүндрэх эрсдэлтэй. Тэр нь бидний ярьдгаар амьсгал бачуурч  боодог  астма/ багтраа / өвчлөлийг бий болгодог. Тиймээс  ургамлын тоосонд харшилтай хүн арцаар утлага хийж болохгүй. 

-Харшлаас урьдчилан сэргийлэх ямар аргууд байдаг вэ?

-Нэгдүгээрт,  тухайн хүн ямар ургамалд харшилтай вэ  гэдгээ оношлуулсан байх ёстой. Манай төвд арьс хатгах сорил, цусанд хийдэг өвөрмөц “ иммуноглобулинИ” гэх хоёр төрлийн шинжилгээ хийгддэг. Ургамлын харшил дотроо ямар ургамалд харшилтайгаа маш нарийн тодорхойлуулах шаардлагатай. Оношлуулсан тохиолдолд эмч өөрт тань угтуулж хийх эмчилгээ байгаа эсэхийг зөвлөдөг. Манай эмнэлгийн тухайд харшлын сорил шинжилгээгээр батлагдсан, шарилжны тоосонд  харшилтай хүнд “Шарилжны вакцин” гэх нэртэй хамрын шүршлэгийг бэлддэг. Уг шүршлэг нь  дөрөвдүгээр сарын тавнаас долдугаар сарын таван хүртэл 90 хоногийн турш  шарилжны хандтай уусмалыг хамарлуу шүрших буюу шарилжыг бие махбодид дасгах,шарилжинд мэдрэггүйжүүлэх эмчилгээ юм. “Вакцин” гэдэг нэртэй учраас хүмүүс нэг удаа тарьдаг тариа гэж ойлгон, тариулахаар ирдэг.  Энэ бол тарилга биш, шарилжны хандаар бэлтгэсэн хамрын шүршлэг цацлага. Уг эмчилгээг заавал сорил шинжилгээнд хамрагдаж, эмч хэрэглэхийг зөвшөөрсөн буюу зөвлөсөн тохиолдолд хамрагдах боломжтой эмчийн бичгийн дагуу олгогддог.  Хоёрдугаарт, хүмүүс шарилжийг цэвэрлэх зорилгоор зулгаадаг. Энэ нь шарилжны тоосыг агаарт дэгдээх  эрсдлийг бий болгодог. Тиймээс зөв тайралт хийх ёстой. Шарилж тайрах эхний хугацаа шарилжны тоос цацагдахаас өмнө буюу 6р сарын 20-с 7-р сарын 1-ны дотор шарилж 10 см өндөртэй үед тайрна, 2р тайралт 7-р сарын 15-25-ны дотор,3-р тайралт 8-р сарын 5-15-ны дотор  тайрах ёстой. Энэ аргыг “Хот тохижилт үйлчилгээний төв”ийн ажилчид мэддэг, ингэж тайрдаг болсон байх гэж бодож байна. Гуравдугаарт,  хогийн ургамал ургахгүй байх нөхцлийг бүрдүүлэх буюу хотыг зөв зүлэгжүүлэх шаардлагатай байна. 

-Арьсны өвчин, харшил хоорондоо ялгаатай юу?

-Манай байгууллага улсын хэмжээн дэх бүх арьсны өвчинг  үзэж, эмчилж байна. Хүмүүс арьсны бүх өвчлөлийг харшил гэж ойлгодог нь маш буруу хэвшмэл ойлголт. Халдварын гаралтай мөөгөнцөр гэх өвчлөлийг ч харшил гэж ярьдаг, ойлгодог. Арьсны архаг өвчин болох хайрст үлд өвчтэй хүн өөрийгөө харшилтай гэж ярьж байна. Яг өдийд бол  ургамлын тоосны шалтгаант харшил илэрч байна.

 

Зөвлөгөө

  • Өөрийгөө хамгаалах буюу хамгаалах хувцас хэрэглэх (малгай, нүдний шил, маск) 
  • Тоосжилт дэгдэх цагт гадагш гарахгүй байх (04:0010:00; 17:00- 22:00, борооны дараа)
  • Цэвэр байх (гадуур явахдаа өмссөн хувцсаа тайлах, тусгай шүүгээнд гэрийн бүх гишүүд хийх, усанд орох)
  • Харшлын үед дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх. Дархлаа муудсанаас бол харшил үүсдэггүй, дархлааны тогтолцоо хэт мэдрэгшиж буруу ажилласнаас болж агаарт байгаа ургамлын тоосыг бие махбодь  буруу таньж хэт мэдрэг хариу үйлдэл үзүүлснээр шинж тэмдэг илэрч байгаа.Дархлаагаа дэмжих зөв аргууд нь  эрт унтаж амрах,зөв зохистой эрүүл хүнс хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийх юм.
  • Арц, хүж, хиншүү, ариутгалын бодис, үнэртэй ус, тасалгааны цэцэг зэргээс зайлсхийх. Мөн түүнчлэн самар, буурцаг, цайгаар хийсэн дэр нь ургамлын харшилтай хүнд тохиромжгүй учир хэрэглэхгүй байх.
  •  Дараах хүнсийг хориглоно (харшлыг сэдрээдэг хүнс)
    •  модлог ургамлын харшилтай бол- алим, хар чавга,  чангаанз, манго, тоор, лийр, киви, банана, улаан лооль, лууван, ойн самар, хусны навч
    • Үет ургамлын харшилтай бол- алим, лийр, чавга, тоор, киви, амтат гуа, цоохор майлз, кофе, какао, арвай, хөх тариа, овьёос, пиво
    • Шарилж хогийн ургамлын харшилтай бол- айраг, саам,  зөгийн бал, наранцэцэгийн самар, газрын самар, тарвас, амтат гуа, апельсин, мандарин,  алим, лийр, чавга, тоор, киви, манго, вандуй, түүхий лууван, түүхий улаан лооль, өргөст хэмх, чинжүү гэх мэт

Эмчилгээ

1. Арьс хатгах сорил (skin prick test) Сорилыг хийх  болон хориглох заалтууд гэж байгаа.

Хориглох заалтууд:

  • Шинж тэмдэг, зовуурь илэрсэн үед ( зовуурийг ихэсгэх, сорилын хариу хуурамч гарах эрсдэлтэй)
  • Харшлын эм хэрэглэсэн үед ( харшлын эм уусанаас хойш 72 цагийн дотор хийлгэх боломжгүй)
  • Насны хязгаар (6-с  доош насныхан, жирэмсэн эмэгтэй, 70-с дээш насныхан)
  • Арьсаар тууралт гарсан байх

2. Цусны сорил (RAST-radioallergosorbent)- арьс хатгах сорилд хориглох заалттай иргэд хийлгэх боломжтой буюу 6-аас доош насныхан, жирэмсэн болон хөхүүл эхчүүд, өндөр настнууд)

Эдгээр сорилууд нь:

    • Ургамлын тоосны харшил
    • Гэрийн тоосны харшил
    • Амьтны үс ноосны харшил
    • Хүнсний бүтээгдэхүүн зэрэгт харшилтай эсэхийг оношилно.

 

Эх сурвалж:www.polit.mn

Oj
Arisnii towiin emch shuu
100 ailiin arisnii uvchin sudlaliin undesnii tuv huuchnaar aris ungunii emnelegiin emch
Haana bairladag emch ve
Жаука
Энэ эмчид яаж холбогдох вэ. Ямар эмнэлэг вэ