Ерөнхий сайд эхний гадаад айлчлалаасаа “ганзага” дүүрэн буулаа

0
хуваалцах
896
үзсэн

Б.БАЯР

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоногийн өмнө “Ковидын үед олимп үзэхээр явлаа” гэсэн шүүмжлэлтэйгээр Японыг зорьсон.

Гэвч энэ нь Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайд болсноосоо хойш хийсэн анхны гадаад айлчлал нь бөгөөд “Токио-2020” олимпийн наадамтай давхацсан хэрэг.

Олимп болж буйтай холбоотойгоор Японд дэлхийн өнцөг булан бүрээс нэр нөлөө бүхий хүмүүс цуглажээ. Ялангуяа Японы эзэн хааны урилгаар дэлхийн улс орнуудын угсаатнууд олноороо очсон байна.

Харин Японы ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн урилгаар Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден нар очжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын айлчлалынхаа хүрээнд Япон болон бусад улс орны удирдлагуудтай хэд хэдэн томоохон уулзалтыг хийхээр төлөвлөсөн. Энэ хөтөлбөр ёсоороо Японы эзэн хаан, ерөнхий сайд, эрх баригч ЛАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга нартай албан ёсны уулзалт хийж, эх орондоо буцах замдаа БНСУ-д саатаж, тус улсын Ерөнхий сайд, “Эксим” банкны ерөнхийлөгчтэй уулзжээ.

Мөн Японд олимпийн нээлтэд очсон Францыг ерөнхийлөгч Э.Макрон, АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден нартай уулзсан байна.

Тэрээр өчигдөр эх орондоо ирлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Японы ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй хамгийн чухал уулзалтыг хийв. Ерөнхий сайд Суга Ёшихидэгийн хувьд өмнө нь манайхаар ЗГХЭГ-ын даргын албыг хашиж байсан. Хөдөө орон нутгаас ажлын гараагаа эхэлсэн. Өнөөгийн эрх баригч ЛАН-ын төв аппаратад ажиллаж байсан. Өдгөө тус намын даргын албан тушаалтай. Японы ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын анхны гадаад айлчлал өөрийнх нь улсад болсонд таатай байсан аж. Ер нь Японы тухайд Монгол Улстай байгуулсан улс төр, эдийн засгийн харилцаандаа илүүтэй анхаарал тавьдаг.

Энэ удаад ч Ерөнхий сайдын айлчлалд ихээхэн ач холбогдол өглөө.

Монгол Улсад илүүтэй ач холбогдол өгч байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэхэд болно. Хоёр улсын харилцаа тогтоод 50 жил өнгөрсөн. Одоо дараагийн 50 жилийн өнгийг тодорхойлох чухал яриа хэлэлцээр энэ үеэр болсон гэхэд болно. Түүнчлэн ирэх есдүгээр сард Сүга Ёшихидэ Ерөнхий сайдын тэргүүлдэг ЛАН-ын их хурал болно. Тэр хурлаар нь нам л болсон хойно нэлээд асуудал яригдахаар зэхэж байгаа гэнэ. Ийм цаг үед Монголын эрх баригч намын дарга айлчлал хийж буйг дэмжлэг хэмээн үзжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ерөнхий сайд Сүга Ёшихидэ нарын уулзалтаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд нэлээд чухал асуудлуудыг хөндлөө. Тодруулбал,

- Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг цогцоор өргөтгөж, эдийн засаг, мэдээлэл технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх,

-Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн Улаанбаатар хотыг тойрсон 71 км хурдны зам,

-“Богдхан” төмөр замын асуудал,

-Мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тус салбарын инженерүүдийг бэлтгэх,

-Нүүрсний орд газруудыг түшиглэн устөрөгчийн цахилгаан станц барих техник эдийн засгийн үндэслэлд хамтран ажиллах зэрэг эдийн засгийн томоохон хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Ер нь бол Монгол, Японы улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгаад талууд санал нэгдэв.

Ерөнхий сайд Сүга 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлахыг санал болгосныг Монголын тал талархан хүлээж авав.

Монгол, Японы стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж дуусгавар болж байгааг талууд сайшааж 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн Дунд хугацааны хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор ярилцав.

Талууд олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд цаашид  ч уялдаа холбоотой ажиллахаар болов.

Энэ үеэр Японы ерөнхий сайд Сүга Ёшихидэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Хүн төрөлхтний туулж буй энэ хүнд цаг үед зохион байгуулж байгаа олимпийн наадамд биечлэн ирж, хамт байгаад талархаж байна. Мөн гадаад улс оронд хийж буй анхны айлчлалаа Япон улсаас эхлүүлсэнд баяртай байна” гэжээ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсын эзэн хаан Нарүхитод олимпийн нээлтэд оролцож буй хүндэт зочдын хамт бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...“Хэйсэй”-гийн он жилүүдэд цэцэглэн хөгжсөн манай хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа “Рэйва”-гийн шинэ эринд улам батжина гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Эзэн хаан Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол орон, ард түмний талаарх дурсамжаа хуваалцав. Эзэн хаан угсаа залгамжлах хунтайж байхдаа, 2007 онд Монгол Улсад айлчлах үеэр болсон Улсын филармонийн хамтарсан тоглолт сэтгэлд нь үлдсэн тухай, мөн монгол хаадын эртний өлгий нутаг Хархоринд зочилж байснаа дурсан ярив. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд болох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Эзэн хааныг Монгол Улсад айлчлахыг урив.

 Энэ арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын тэргүүн хатагтай Жил Байден, Франц улсын ерөнхийлөгч Э.Макрон нартай уулзаж, хоёр талын харилцаа болон өргөн хүрээтэй сэдвээр элэгсэг дотно ярилцав.

 Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы нөлөө бүхий улстөрч, эрх баригч ЛАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, тус бүлгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Такэбэ, гишүүн Т.Кобаяши нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй санал солилцов. Ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр орны хамтын ажиллагааг нэн ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, олон нийт, соёл, аялал жуулчлалын салбарт улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японд хийсэн айлчлалаа өндөрлүүлж, буцах замдаа БНСУ-д саатав. Энэ үеэрээ тус улсын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй ажлын уулзалт хийлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “гуравдагч хөрш” БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэж ахиулах, цар тахлын нөхцөл байдал намжмагц дээд, өндөр түвшинд харилцан айлчлалын давтамжаа нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг шинэ түвшинд гаргахын төлөө байгаагаа илэрхийлж томоохон төсөл хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Мөн тэрбээр цар тахлын үед иргэдээ татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэх, цар тахалтай тэмцэх зэрэг чиглэлд БНСУ-ын Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд иргэдийн солилцоог дэмжих чиглэлд цаашид ч нягт хамтран ажиллахаа тэмдэглэв.

Ерөнхий сайд Ким Бү Гём цаашид бүс нутгийн болон хоёр талын халдвар хамгаалал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, зам тээвэр, эрчим хүч, логистикийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын дэвшүүлсэн бүс нутгийн санаачилгын хүрээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаа талаараа мөн санал солилцов.

Хоёр тал олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлж ялангуяа, Зүүн хойд Азийн бүс нутгийн энхтайван, аюулгүй байдлыг хангах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын “Эксим” банкны удирдлагуудтай уулзалт хийв.  Уулзалтын үеэр БНСУ-ын “Эксим” банкны ерөнхийлөгч Бан Мүн Гю Монгол Улсын Засгийн газар иргэдээ 60 хувь бүрэн тунд хамруулсанд баяр хүргэж энэ оны сүүлч, ирэх оны нэгдүгээр хагаст улс орнуудын эдийн засаг идэвхжих төлөвтэй байгааг тэмдэглэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын нөхцөл байдлын үед ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, зээл, тусламжийн төсөл хөтөлбөрүүд урагшилж байгааг дурдаад БНСУ-ын Засгийн газраас олгож буй “Солонго 1, 2 орон сууцны хороолол барих”, “Баянголын аманд түрээсийн орон сууц барих” төслүүд, түүнчлэн “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв.

Энэ уулзалтаар БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд:

-Тээвэр логистик (агаарын чингэлэг тээвэр),

-Уул уурхай (катодын зэс боловсруулах үйлдвэр, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр),

-Зам гүүр болон дэд бүтэц,

-Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын болон эдийн засгийн томоохон төсөлд анхаарал хандуулах,

-Үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх,

-БНСУ-ын “Эксим” банк, Монгол Улсын Хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж, хамтарсан ажлын хэсгийг байгуулахаар болов.

Ийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоног орчим үргэлжилсэн эхний гадаад айлчлалаараа хоёр ч улсад очиж, хэд хэдэн улсын төр, засгийн удирдлагуудтай албаны уулзалт хийж амжуулжээ. Тэрбээр энэ албан айлчлалаас олимпийн медаль, томоохон хэлэлцээр, хөрөнгө оруулалттай ганзага дүүрэн буулаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.30 БААСАН № 148 (6625)