Цар тахлын үед түрээслэгчид төрийн бодлогын гадна үлдсэн гэв

0
хуваалцах
217
үзсэн

Ч.ОЛДОХ

 

“Түрээсийн орон сууц” төслийг хэрэгжүүлэх шатанд гарсан луйвар,  Барилгын тухай хууль, стандартыг   зөрчсөн “Хангай” хотхон, Буянт-Ухаа I, II хорооллын асуудлыг манай сонин өнгөрсөн жил хөндөж байв. Өнгөрсөн хугацаанд түрээслэгчдийн гомдол, саналд үндэслэн Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам, ТОСК –аас хамтарсан ажлын хэсэг гарсан ч    дорвитой асуудал шийдээгүй, цар тахлын нөхцөлд иргэд улам хохирч байна хэмээн өчигдөр төв талбайд мэдээлэл хийлээ.

 “Буянт-Ухаа I,II хороолол болон “Хангай хотхон”-ы барилгыг барьсан компаниуд  норм, нормативын  олон стандартыг зөрчсөн. Орон сууцны өрөөний шалнаас тааз хүртэлх өндрийн хэмжээ 270-280 см байх ёстой. Гэтэл “Буянт-Ухаа I,II” хороолол,   “Хангай хотхон”-ы байруудынх   240-260 см байгаа зөрчил илэрсэн.  Нэг айлаас 20-30 см-ийг хэмнэсэн гэж үзэхэд нийтдээ нэг орон сууцнаас 1-2 давхрыг “идсэн”. Үүнийг тухайн барилгын компаниудын  булхай юу, тийм байрыг “нүдээ аньж” аваад иргэдэд түрээсийн хөтөлбөрт хамруулах нэрээр “шахсан” луйвар уу” гэж тэд Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам, ТОСК-аас асууж буй.  Өөр нэг асуудал нь иргэдтэй анх хийсэн гэрээнд заасан метр, квадратын үнийн дүн явцын дунд нэмэгдсэн, дээр нь  дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Засгийн газраас иргэдийн  ажлын байргүй, орлогогүй болсон байдлыг харгалзан ипотекийн зээлийг хойшлуулсан атал түрээслэгчдийн сар бүр төлж ирсэн түрээсийг хойшлуулах, түр  зогсоох талаар шийдвэр гаргаагүйд тэд бухимдаж байв.

“Буянт-Ухаа II” хорооллын оршин суугч А.Үүрцайх “Бид түрээсийн байранд үнэгүй сууя гээгүй. Төлсөн мөнгөө байрны үнэд тооцуулж, түрээслээд өмчилж авъя гэсэн. Нөгөө нэг асуудал нь цар тахлын улмаас ажлын байрууд хаагдаж  түрээсээ  төлж чадахгүй болсон айл  олон бий. Энэ асуудлаар  ТОСК-ийн захирал Батжаргалтай уулзсан. Олон түрээслэгчийн өргөдлийг барьж очсон. Түрээсийг царцаах боломжгүй гэсэн хариуг  ТОСК  ч, Хөгжлийн банк ч  өгсөн. Ийм байлаа гэхэд ядаж 3-4 сараар түрээсийг зогсоогооч гэхэд ондоо багтаагаад төлж болох юм. Хувь хүмүүс өргөдлөө бариад ирж болно гэж амаар хэлсэн ч тогтоол шийдвэр гаргаагүй. Өнөөдөр цар тахал бүрэн алга болчихоогүй, харин ч хүнд хэлбэр рүү орж байна. Иймд түрээсээ  энэ онд багтаад төл гэх бус энэ өвчин хэзээ дуусах  хүртэл төлбөрийг  хойшлуулах асуудлыг шийдүүлмээр байна” гэв.

“Хангай” хотхоны оршин суугч Э.Нэргүйцэцэг хэлэхдээ “Зорилтот бүлгийн 800 гаруй өрхийн 6000 орчим түрээслэгч иргэнд  тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ гэж Засгийн газрын төлөөлөл амласан. Өнөөдрийг хүртэл жил гаруй хугацаанд   хэн ч анхаарал тавьсангүй. Иймд  бид  дараах гурван шаардлагыг хүргүүлж байна. Нэгдүгээрт, Засгийн газрын 2016 оны 298 дугаар тогтоолоор “Бэрэн” ХХК-ийн  барьсан Хангай хотхон дахь 221 айлын орон сууцыг 15 тэрбум төгрөгөөр Засгийн газар худалдаж авах асуудлыг зохицуулж журамласан. Тухайн үед метр квадратын үнэтэй холбоотой зүйлийг тогтоолд дурдаагүй байсан. ТОСК болон түрээслэгчид иргэний хооронд байгуулсан орон сууц түрээслэх гэрээний хавсралтаар орон сууцны метр квадратыг нэг сая 280 мянган төгрөг хэмээн тусгасан байсан. Гэтэл өнөөдөр нэг сая 880 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр  ярьж байна. Хоёрдугаарт,  2017 оноос хойш түрээслэгчдийн төлсөн төлбөрийг орон сууцны урьдчилгаанд тооцохыг шаардаж байна.Гуравдугаарт, орлого багатай зорилтот бүлгийн иргэд, түрээсийн орон сууцаа 15 жилээр түрээслээд өмчлөх хүсэлтэй байгааг төр дэмжиж өгөхийг тус тус шаардаж байна” гэлээ.

Түрээслэгчид Засгийн газарт тавьж буй  шаардлагынхаа хариуг ирэх сарын 5-ны дотор албан ёсоор өгөхийг хүслээ.  Шийдвэр гаргаж  хариу өгөхгүй бол цар тахлын дэглэмийг сахиж суулт зарлахаа мэдэгдлээ.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2021.7.29 ПҮРЭВ № 147 (6624)