Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа Монголын түүхэнд долдугаар сарын 3-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1922 оны энэ өдөр Дотоодыг хамгаалах газар байгуулагдаж байжээ. Нэг хэлтэс, гурван тасаг, 14 ажилтантайгаар зохион байгуулж, газрын даргаар Д.Балдандорж, хэлтсийн даргаар К.К.Баторун нарыг томилж байв. Дотоодыг хамгаалах газрын нэрийг хэд хэдэн удаа өөрчилсөн байна. 1922-1933 онд Дотоодыг хамгаалах газар, 1933-1936 онд Дотоодыг хамгаалах ерөнхий газар, 1936-1955 онд  Дотоод явдлын яам,1955-1959 онд Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яам, 1959-1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яам, 1990-1994 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар, 1994-1996 онд Тагнуулын төв газар, 1996-2000 онд Улсын аюулгүй байдлыг хангах газар гэж нэрлэж байжээ. Хамгийн сүүлд бид бүгдийн нэршиж заншиснаар Тагнуулын ерөнхий газар хэмээн нэрлэсэн байна. Дотоодыг хамгаалах газар нь улс орныхоо аюулгүй байдлыг ханган биелүүлэх үүрэгтэй улсын томоохон байгууллага юм. 

1939.07.03. Японы бөмбөгдөгч онгоцнууд Дорнод аймгийн Баянтүмэн хотыг бөмбөгдсөн байна. Тус хотод манай улсын морин цэргийн хоёрдугаар корпусын командлагч тавдугаар морин дивиз, Зөвлөлт холбоот улсын улаан цэрийн 17 дугаар айрмын штаб нисэх онгоцны буудал цэргийн төв эмнэлэг, зэвсэг техникийн агуулах байрлаж байсан байна.

1961.07.03. Монгол ардын хувьсгалт намын 14 дүгээр их хурал болж байв. Энэ хурлаар Монголын ард түмний ялалт тэмцлийн 40 жилийн ололт амжилтыг дүгнэсэн байна.

Эх сурвалж www.zms.mn