АН-ын тамганы маргааныг анхан шатны шүүх рүү буцаав

0
хуваалцах
328
үзсэн

Т.САЙХАН

 

Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр АН-ын тамгатай холбоотой маргааныг хэлэлцэж, анхан шатны шүүхийн захирамжийг түдгэлзүүлэв. Ингэснээр С.Эрдэнэ буюу М.Тулгат даргатай АН-ын ашиглаж байгаа тамгыг хүчин төгөлдөр, харин Ц.Тувааны тал буюу О.Цогтгэрэлийн ашиглаж буй АН-ын тамгыг хүчин төгөлдөр бус хэмээв. АН-аас маргалдагч талууд өчигдөр байр сууриа илэрхийлэв.

 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Ц.Туваан АН-ыг төлөөлөх эрхгүйг шүүх тогтоолоо

 

-Ц.Туваан гэх хүн АН-ыг төлөөлөх эрхгүйг шүүхээс тогтоолоо. Цахим бүртгэлээс Ц.Тувааны нэрийг хассан, Ардчилсан намтай холбоогүй хүн болсон. Энэ асуудал хууль зүйн хүрээнд ямар ч ач холбогдолгүй болсон. Одоо хууль зүйн маргаан байхгүй, эцэслэгдсэн гэж ойлгож болно. Цаашид тамганы маргаан үргэлжлэхгүй. Мөн Ардчилсан нам мөхөж алга болохгүй. Аливаа ардчилалд сорилт бэрхшээл байдаг. Ардчилсан нам 30 жил алдаж онож ирсэн, цаашид ч байх болно. Ачааны хүндийг үүрч чадах улс төрийн хүчин байна гэдэгт би итгэдэг. Тиймээс бидний уналт босолт нэг тул нэгдэхийг уриалж байна. Өнөөдөр Ардчилсан нам зөвхөн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгаар тодорхойлогддог нам биш. Бид удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулах холын зорилго харж, хүчээ нэгтгэх хэрэгтэй. Одоо  тамганы асуудал шийдэгдсэн тул М.Тулгат даргыг Улсын дээд шүүх бүртгэхэд ямар ч асуудал байхгүй гэж ойлгож болно. Шүүхийн шийдвэрийг хэн нэгэн хүн дураараа тайлбарладаггүй. Өнөөдөр Монгол Улсад шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргасан.

 

Хуульч Д.Буянжаргал: С.Эрдэнэ нарын ашиглаж байсан тамга ч хүчингүй

 

-Ардчилсан намын тамганы асуудлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцлээ. Анхан шатны шүүхийн 1, 2-р хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. С.Эрдэнэ нарын ашиглаж байсан тамга хүчингүй байсан гэсэн үг. Энэ нь 2021 хоёрдугаар сарын 2-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх буюу тавдугаар сарын 17-ныг хүртэлх тамга дарсан бүх баримт бичиг хүчингүй юм. Өөрөөр хэлбэл, СЕХ-нд хуурамч материал хүлээн авсан гэсэн үг. Нөгөөтэйгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлсэн байсныг хүчингүй болгосон. Учир нь Ц.Туваан даргыг тамга тэмдэг авч зугтаасан нь гэмт хэрэг хэмээн С.Эрдэнэ гомдол гаргасныг Цагдаагийн байгууллага хянаад Ц.Тувааныг хуурамч тамга хэрэглээгүй, гэмт хэрэг үйлдээгүй хэмээн хэргийг хаасан. Тиймээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлснийг хүчингүй болгосон. Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоо хэвийн явагдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.18 МЯГМАР № 101 (6578)