БНХАУ-ын хиймэл оюун ухааны салбар дахь амбицтай төлөвлөгөө

0
хуваалцах
136
үзсэн

Б.ТУУЛ

Хятадын технологийн үйлдвэрлэл АНУ-тай хийсэн худалдааны дайнд багагүй хохирол амссан. Мөн үүн дээр нэмээд цар тахлаас болж ихээр хямарсан билээ. Гэсэн ч ойрын жилүүдэд эдийн засгаа богино хугацаанд сэргээх, хүчирхэгжүүлэх, тэр тундаа дэлхийн  хиймэл оюун ухааны салбарт Хятадын технологийн салбар дэлхийг байлдан дагуулах амбицтай төлөвлөгөөг боловсруулаад  байна. Аливаа юмс сайн муу хоёр талтай байдаг шиг дэлхий нийтийг хямрааж буй цар тахалд ч бас сайн муу талууд байна. Тухайлбал, дэлхийн олон оронд цар тахлын улмаас хүмүүс гэртээ илүү их цагийг өнгөрүүлэх болсонтой холбоотойгоор гэр ахуйн цахилгаан барааны борлуулалт сүүлийн 10 жилд байгаагүйгээр өсөж байгааг судалгааны байгууллагууд онцолж байна. Япон улсад л гэхэд, угаалгын машины борлуулалт 27.8 хувиар, хөргөгчийнх 27 хувиар, агааржуулагчийн борлуулалт 19.8 хувиар тус тус өсчээ. Агаар цэвэршүүлэгчийн хувьд эрэлт нь хамгийн их нэмэгдэж, 129.2 хувиар өсссөн байна. Энэтхэгт  улсад коронавирустэй тэмцэхэд роботуудыг идэвхтэй ашиглаж эхлээд байна. Энэтхэг улсын хувьд, дэлхийд “COVID-19” халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт жагсаж буй. Тиймээс Энэтхэгийн эмнэлгүүд өвчтөнүүдийг хайртай хүмүүстэй нь холбох, галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад тусламж үзүүлэх үүднээс роботуудыг идэвхтэй ашиглаж байгаа аж. Жишээ нь, Бангалор хотод төвтэй “Invento Robotics” компани гадаргууг халдваргүйжүүлэхээс эхлүүлээд өвчтөнүүдийн асуултад хариулж, эмч нартай цахимаар уулзуулах боломжийг бүрдүүлдэг гурван төрлийн роботыг зохион бүтээгээд үйлчилгээнд нэвтрүүлсэн байна. Эдгээр роботууд хүний нүүр царай таних технологийн тусламжтайгаар өвчтөнүүдийг өмнө нь холбогдсон хүмүүстэй нь дахин холбож өгөх чадвартай. Мөн эмнэлгээр бие даан явж, өвчтөнүүдэд гэр бүл, эмч нартайгаа холбогдоход тусалдаг аж.

 

Хятад улсын хиймэл оюун ухааны салбар дахь шинэ нээлтүүд

 

Тэгвэл Азийн улс орнуудаас хиймэл оюун ухааны салбарт баримталж буй бодлого, төсөвлөж буй санхүүжилт, судалгааны ажил, олон шинэ нээлтээрээ Хятад улс тэргүүлж байгааг Европын холбоо, АНУ-ыг ардаа орхиж, дэлхийд тэргүүлэгч орон болсон тухай Стэнфордын их сургуулийн мэргэжилтнүүд судалгаандаа онцолсон байна. БНХАУ-ын шинжлэх ухааны сэтгүүлүүдэд гарсан эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж нийтлэлийн аль алиных нь тоогоор гол өрсөлдөгчид болох ЕХ, АНУ-ыг гүйцэж түрүүлжээ. Шинжлэх ухааны сэтгүүлүүдэд гарсан эрдэм шинжилгээний нийт өгүүллийн 22.4 хувийг Хятад улс эзэлж байгаа бол 16.4 хувь нь ЕХ, 14.6 хувь нь АНУ-д ногдож байгаа аж.  Шүүмж нийтлэлийн хувьд БНХАУ 18 хувь, АНУ 12.3 хувь, ЕХ 8.6 хувийг тус тус эзэлжээ. Дэлхийн хиймэл оюун ухааны салбарын судалгааны асуудлын талаарх Стэнфордын их сургуулийн энэ судалгаа өнгөрсөн гуравдугаар сарын эхээр гарсан байна. Энэ нь 2017 оноос хойш хийсэн дөрөв дэх судалгаа юм байна.

Мөн энэ чиглэлд баримталж буй Хятад улсын бодлого ч үнэхээр олон улсын анхаарлыг татаад байна. Жишээ нь, олон улсын хэвлэл мэдээллүүдийн мэдээлж байгаачлан, өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригч Коммунист нам жил бүрийн хурлаа хийж, өндөр технолгийн ойрын таван жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэж, технологийн хөгжлөөр дамжуулан үндэсний аюулгүй байдал, бүх дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилго тавьжээ. Түүний тулд Хятад улс шинэ лабораториуд байгуулж, хүүхдүүдийн боловсролд шинэ хөтөлбөрүүд тусгаж, квант компьютер, био технологи, хиймэл оюун ухаан зэргийг хөгжүүлэхэд зориулсан судалгааны талбаруудыг нэмэх зэрэг зорилт дэвшүүлсэн байна. Хятадын Засгийн газар эрдэм шинжилгээний судалгааны хэмжээг нийтэд нь 10.6 хувиар нэмж, 10 жилийн судалгааны төлөвлөгөө боловсруулна гэжээ. БНХАУ сүүлийн үед технологийн салбарт дэлхийг манлайлахад тун ойрхон ирээд байгааг төвөггүйхэн харж болохоор байна. Жишээ нь, Хятад улс бусад орноос түрүүлж 5G сүлжээ нэвтрүүлсэн бөгөөд хиймэл оюун ухааны судалгааны хувьд амжилттай явж байна. Өдгөө дэлхий дээр жолоочгүй такси үйлчилгээнд гаргаж буй маш цөөн орнуудын нэг нь Хятад юм. Үүнээс харахад Хятад улс технологийн салбарт хэдийнэ хүчирхэг байр суурь эзэлж, түүнийгээ батжуулаад амжжээ. Гэхдээ Хятадын технологийн салбарын ирээдүй тийм ч дардан биш байгаа юм. Тухайлбал, АНУ Huawei, ZTE зэрэг том компаниудад хориг тавьсан нь тэдний үйл ажиллагаа, үйлдвэрлэлд нэн халтай байгаа. Гэсэн ч Хятад улсын эрдэмтэд хиймэл оюун ухааны салбар дахь судалгаа, шинжилгээг илүү идэвхжүүлж, сонирхолтой шинэ нээлтүүдийг хийсээр байна. Хэдхэн хоногийн өмнө л гэхэд Шанхайн эрдэмтэд даавуун дэлгэц бүтээснээ мэдээлээд байна. Энэ талаарх судалгаа нь үр дүнд хүрсэн тухай Фуданийн их сургуулийн мэргэжилтнүүд "Shanghai Daily" сонинд мэдээлжээ.  Төслийг удирдагч Пэн Хуэйшэний мэдээлснээр тус материалын ажиллагаа нь компьютер юмуу ухаалаг гар утсыг санагдуулна гэжээ. Үүнээс гадна цаашид харилцаа холбооны технологид хэрэглэх боломжтой гэж үзсэн байна. Даавуун дэлгэцийг тунгалаг гэрэлтүүлэгч утсан дээр тулгуурлан бүтээжээ. Энэ дэлгэц нь  6 метр урт, 25 см өргөнтэй бөгөөд дэлгэцийг үүнээс илүү том хэмжээтэйгээр бүтээх боломжтой гэдгийг эрдэмтдийн баг мэдээлсэн байна. Хамгийн сонирхолтой нь энэхүү нэхмэл даавуун дэлгэц  нь уян хатан бөгөөд агаар нэвтрүүлэх чадвартай. Үүнээс гадна угаалгын машины олон зуун удаагийн угаалтыг тэсвэрлэх чадвартай тул хэрэглэхэд тохиромжтой” гэдгийг төслийг удирдагч Пэн Хуэйшэний мэдээлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn