“Сайн түүхтэй харилцагч хүүгээ бууруулах, төлбөрөө хойшлуулах боломжтой болдог”

0
хуваалцах
132
үзсэн

Б.ТӨГС

 

“Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Банк, санхүү” буланд санхүүч Г.Батжаргал Зээлийн мэдээллийн сангийн тухай мэдээллийг өгч байна.

 

Санхүүгийн хариуцлага гэж юу вэ?

 

-Санхүүгийн хариуцлага нь хувь хүн дээр энгийн ойлголт мэт буух боловч энгийнээс цааш том зургаар харвал санхүү, эдийн засгийн системд нөлөө үзүүлэх маш өргөн ойлголт болно. Үүнийг бага зэрэг ойлгомжтой байдлаар тайлбарлавал арилжааны банк харилцагч нараас авсан хадгаламжийг мөн харилцагч болох зээлдэгч нарт зээл олгох байдлаар дундын зуучлалыг хийж, энэ үйл ажиллагаанаас гарах эрсдэлийг өөрөө үүрдэг мэргэжлийн институц юм. Та бүхэн анзаардаг бол макро эдийн засгийн гол гурван /ДНБ, инфляц, ажилгүйдэл/ үзүүлэлттэй эн зэрэгцэн банкны чанаргүй зээлийн үзүүлэлтийг хөрөнгө оруулагч, судлаач, эдийн засагчид чухлаар авч үздэг. Чанаргүй зээлийн түвшин ямар байх нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаардаг бол хамгийн гол нь тухайн хувь хүний буюу зээлдэгчийн санхүүгийн хариуцлагатай холбоотой байдаг. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагч, олон улсын үнэлгээний байгууллагын хардаг гол үзүүлэлт тул сахилга бат сайн байх хэрээр бид хямд санхүүгийн үүсвэр авах боломж улам нэмэгдэнэ, боломж буурч байвал  зардал нэмэгддэг хамааралтай байдаг. Чанаргүй зээл цаашлаад системийн тогтвортой байдалд нөлөөлөх хүний хүчин зүйлээс хамаарах эрсдэлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх болон нөгөө талаас зээлдэгч нар шуурхай, хямд зардлаар санхүүжилт авах, зээлийн нөхцөлөө сайжруулах боломжийг бодитоор тогтоодог мэдээллийн систем бол Зээлийн мэдээллийн сан юм.

 

Зээлийн мэдээллийн сан чухал үүрэгтэй

 

 -Зээлийн мэдээллийн сан байхгүй үед харилцагч X банкнаас өмнө зээл аваад хугацаандаа төлсөн сайн харилцагч байлаа. Гэтэл хэсэг хугацааны дараа  банкнаас зээл авах тохиолдолд өмнө X банкнаас авсан зээлийн зориулалт, зарцуулалт, гэрээ, дансны хуулга, барьцаа гээд олон төрлийн мэдээллийг шаардах болно. Энэ бүх материалыг хуулбарлах, тухайн банкнаас авах гэх мэт, хугацаа их шаардана. Харин Зээлийн мэдээллийн ачаар  банк шууд системээр нэвтэрч хараад тухайн зээлдэгчийн шуурхай шийдвэрлэх боломжийг олгож байгаа систем юм. Энэ асуудалд тун ойрын хугацаанд ирээдүйд гарч болох өөрчлөлттэй холбоотой байдлаар хариулъя. Банк санхүүгийн салбарын зээлийн үйлчилгээ хөгжлийн дараагийн шатанд гарахад ойрхон байна. Энэ нь технологийн хөгжил санхүүгийн үйлчилгээ хоорондоо интекраци хийгдэж Финтек гэдэг шинэ төрлийн салбар гарч ирж байгааг хүмүүс мэдэж байгаа байх. Үүнд IA буюу хиймэл оюун ухаан буюу дата системүүд нэгдэж тухайн харилцагчийн кредит скоринг хүний оролцоогүй тооцдог болсон. Энэ скорингийг тооцоход Зээлийн мэдээллийн сангийн мэдээллийн бааз хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Танд хэдэн сая төгрөгийн зээлийн эрх нээх боломжтой байна гэх мэт байдлаар шууд хиймэл оюун ухаан ажиллаж и-мэйл илгээх байдлаар ажиллаж эхэлнэ.

 

Зээлийн муу түүхийг эрт засах боломжтой

 

-Дээр хэлсэнчлэн чанар зүйл олон хүчин зүйлс байдаг тул тухайн харилцагч зээлийн муу түүхэд яагаад орсон шалтгааныг банк судлах шаардлага тулгадаг. Сая Суэцийн сувагт ачааны хөлөг онгоц гацсантай холбоотой зээлдэгчийн түүхий эд, бараа материал саатах, тээврийн зардал өссөн гэх асуудлаас болж зээлийн төлбөр саатаж зээлийн ангилал буурч зээл хаагдсан банк энэ бүх шалтгааныг судлаад зээлдэгч санхүүгийн хариуцлагагүй байдлаас бус өөр шалтгаанаар зээлийн ангилал буурсныг мэдэж зээл олгох боломжтой. Мөн нэг зүйл нэмж хэлэхэд зээлийн ангилал буурсан тохиолд зээл хаагдахаас 3-6 сарын хугацаанд хэвийн графикийн дагуу зээлээ төлсөн тохиолдолд ангилал нь буцаад хэвийн болох боломж байдаг. Тиймээс зээлдэгч нар маань Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааны талаар судалж үзэх шаардлагатай.

Харин Зээлийн мэдээллийн сангийн ангилалд орсон түүхийг хүчингүй болгох боломжгүй. Харин сайн түүхтэй харилцагчид өмнө дурдаагүй нэг боломжийг хэлье. Зээлийн хүү, хугацаанаас гадна зээлдэгч нарт зээлийн нөхцөл өөрчлөх гэсэн ойлголт байдаг. COVID-19-ийн үед зээлийн нөхцөлийг банкууд хийж байна. Сайн түүхтэй харилцагч хүүгээ бууруулах, зээлийн төлбөрөө хойшлуулах, зээлээ сунгах гэх мэт боломж муу түүхтэй харилцагчаас илүү байх боломжтой байдаг. Мөн Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа улам өргөжиж үүрэн телефоны компаниудын төлбөрийн мэдээлэл НДШ-ийн төлбөрийн мэдээлэл агуулагдаж байгаа ирээдүйн санхүүгийн зуучлалын үүргийг улам хялбаршуулах зам руу орж буй хэлбэр юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.8 ПҮРЭВ № 70, 71 (6547, 6548)