АНУ-д өдөрт гурван сая иргэн вакцинд хамрагдаж байна

0
хуваалцах
98
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хоёр долоо хоногийн дотор насанд хүрсэн бүх иргэнээ COVID-19 эсрэг вакцинд хамруулахаар болжээ. Тэрээр өмнө нь тавдугаар сарын 1 гэхэд насанд хүрсэн иргэдээ вакцинжуулж дуусгана хэмээн мэдэгдэж байсан бол энэ хугацаагаа дөрөвдүгээр сарын 19 болгон урагшлуулж байгаагаа зарлалаа.

Байден үүрэгт ажлаа хүлээн авсан эхний 100 хоногтоо 200 сая тун вакцинд иргэдээ хамруулах зорилго тавьсан. Тэгвэл шинэ ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ эхний 75 хоногт 167 сая иргэнийг вакцинд хамруулсныг Цагаан ордон мягмар гарагт мэдээллээ. Энэ талаар Жо Байден “Тархалтыг дарахын тулд юу хийх ёстойгоо бид мэднэ. Тиймээс COVID-19-ийн эсрэг вакциныг хангалттай хэмжээгээр нийлүүлж, олон тооны вакцины төвийг байгуулсны үр дүнд өдөрт дунджаар гурван сая тун, долоо хоногт 20 сая тун вакцинд иргэдээ хамруулж байна. Энэ эрчээрээ хичээвэл дөрөвдүгээр сарын 19 гэхэд насанд хүрсэн иргэдийнхээ 90 хувийг вакцинд хамруулна. Үүний тулд одоогийн 17 мянган вакцинжуулалтын төвийг 40 мянга болгож нэмэгдүүлнэ” гэсэн юм.

Америкт  65-аас дээш насны ахмадуудын 75 хувь нь эхний тундаа, 55 хувь нь бүрэн тундаа хамрагдаж дуусчээ. Энэ насныхны вакцинжуулалт Байденыг ерөнхийлөгч болох үед найман хувьтай байсан гэж АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв мэдэгдлээ. Тус улсад лхагва гарагийн байдлаар 31.5 сая хүн халдвар авч, 570 мянга гаруй хүн нас барснаар нэгдүгээрт жагсаж байна. Үүнээс 24.1 сая гаруй иргэн нь эдгэрчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.8 ПҮРЭВ № 70, 71 (6547, 6548)