“Хэрүүлийн алим”- Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэрэг байна уу?!

0
хуваалцах
172
үзсэн

Г.ЖАМЬЯН

 

Монгол Улсын Cоёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

 

Нүсэр их зардал чирэгдэлтэй хэрнээ “байхаасаа байхгүй нь дээр” байгууллага Монголд хэтэрхий олон болсон. Хүмүүс халаглаж, Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс эхлээд татан буулгах юмсан гэж шуугилдах болжээ. Би насаараа хууль шүүхийн байгууллагын ажил хариуцсан сурвалжлагч байсны хувьд, наймхан орон тоотой байгуулагдаж байсан Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ) өнөөдөр яагаад тэр олон давхар том байрандаа багтаж ядсан нүсэр бүтэц зохион байгуулалттай газар болсныг эргэж нэг сөхмөөр байна.

Монголд ардчилсан тогтолцоо ялж, шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш Шүүх засаглалыг өндөрт өргөж ирсэн. Шүүх засаглалын тэргүүн нь Улсын дээд шүүхийн дарга бөгөөд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга гэгч өндөр цалин хангамж, эрх мэдэлтэй хүн тодорч билээ. Улсын  дээд шүүхийн дэргэд, Шүүхийн Ерөнхий Зөвлөл гэж орон тооны бус цомхон байгууллага буй болсныг санаж байна. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн тухай манай нэртэй хуульчид гадаад орнуудын туршлага судалж ирээд өөрийн улсын шүүх засаглалын хүрээнд нутагшуулсан нь энэ. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн орон тооны дарга байгаагүй, заримдаа Хууль зүйн яамны сайд бас Улсын Ерөнхий прокурор удирдаж байсан шиг санагдана. Зөвлөлийн гишүүд нь бүгд орон тооны бус байсан. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргаас гадна Улсын Ерөнхий прокурор, хууль зүйн сайд, ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх, УИХ–ын Хууль зүйн байнгын хорооны дарга, өмгөөлөх байгууллагын тэргүүнээс гадна, гурван шатны шүүх тус бүрээс хоёр тэргүүн шүүгч, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй байсан юм. Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь наймхан хүнтэй ажлын албатай (Жолооч, бичээч нь хүртэл ороод). Ийм цомхон бүтэц бүрэлдэхүүнтэй Шүүхийн Ерөнхий Зөвлөл ямар дайчин шуурхай алба байсан гээ! Асуудлыг цаг алдалгүй дор бүр нь шийддэг газар байлаа. Бүх ажил хуулийн хүрээнд явагдана. 13 гишүүн цуглаж хуралдаад тулгамдсан ямар асуудал байгааг дор нь шийдчихдэг газар байсан юм билээ.  Хүмүүс бол Шүүхийн Ерөнхий Зөвлөлийг анх байгуулсан, сүүлдээ барилга байшиндаа багтахгүй болтол нь өргөтгөж 158 хүнтэй болгосон, одоо хэрнээ хяналтдаа байлгаж байдаг хүнийг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэдэг юм. Сүүлдээ, ер нь л Ерөнхийлөгч нарын хараа хяналтад байдаг улс төрийн байгууллага болсон гэлцэх юм билээ. Юутай ч, өнөөдөр яагаад хүмүүс энэ албыг татан буулгая гэж хашгиралдаад байгаагийн учрыг олох амархан. Герман, Франц зэрэг нэлээд оронд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга гишүүд нь хамгийн туршлагатай, шудрага хуульчид нийт шүүгчдийнхээ санал сонголтоор ажилладаг юм байна. Манайх шиг хэн нэг сайд даргын  хамаарлын хэнд ч үл танигдах шудрага бус хүмүүс, тэр хүндтэй сэнтийд залардаггүй  юм байна. Тэгтэл манайхыг хар даа?!

Саяхан ямар ноцтой хэргийг Монголын цагдаа хууль хяналтын байгууллагынхан, сэтгүүлчидтэй хамтарч илрүүлэв дээ! Өнөөх л, Монголчуудын хорь гучин жил ярьсан МАНАН –Мафийн толгойлогчдыг хамгаалж байдаг “Шудрага бусын хонгил”-ыг эзэгнэсэн шүүгч, өмгөөлөгч, хуулийн байгууллагын ажилтнуудын хэргийг илрүүлчихлээ. Хөдлөшгүй баримт нотолгоогуур шүү. Ерөнхийлөгчийн ажлын албаны ажилтан, өмгөөлөгч Б.Баасанцогтын хэрэг шийдүүлдэг схемийг харсан хүн болгон зэвүүцэн жигшиж байна. Зөвхөн тэр хэрэг дотор “Хонгилын” шүүгч, өмгөөлөгч, ажилтнууд багтсан байгаа. Энэ ноцтой хэрэг явдал хөдөлшгүй баримтаар нотлогдоод хүмүүс шуугиад эхлэхээр өнөөх Шүүхийн Ерөнхий Зөвлөл чинь ноцтой хэрэгт холбогдсон шүүгчдээ өмөөрч хамгаалан, мэдэгдэл хүртэл гаргадаг байгаа. Шинэ дарга Э.Батбаяр гэж хүний нүүр ингэж танигдлаа. МАНАН –МАФ-ийнхны  хэргийг тусгай схемээр шийддэг нууц бүлэглэлийнхнийг ингэтлээ өмөөрч хамгаалж байгаа Шүүхийн Ерөнхий Зөвлөл гэдэг маань ямар зорилготой газар, түүнийг удирдаж байгаа хүмүүс нь хэний гар хөл вэ? гэдэг нь танигдчихлаа л даа. Ердөө л гэмт хэрэгт холбогдсон шүүгчдийг өмгөөлж хамгаалах үүрэг зорилготой газар, хүмүүс юм байна гэж  над ойлгогдож байна. Тэгээд ч олон нийт  “Шүүхийн Ерөнхий Зөвлөлийг татан буулгая”, “Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны хэрэг байгаа юм уу?!”,”Ард түмэнд нөлөөгүй нүсэр бүтэц, шудрага бус удирдлагаас татгалзъя” гээд шуугиж эхлэлээ. Тэгвэл зэрэгцээд Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах асуудал Улсын их хурлын Хууль зүйн байнгын хороонд  хэлэлцэгдэж ёстой л “Хэрүүлийн бузар” гэгч боллоо. Энд л төлөөллөө оруулж чадвал нам, төр, бүлэглэлийнхэн ганц бахаа хангах юм байх. УИХ –ын байнгын хорооны хурал дээр манай “архаг”-ууд мөн ч хүчтэй авалцлаа даа. Үгээр дайралцаад зогсохгүй зарим нь барьцалдаж авсан сураг байна. Намын бүлгүүдийн хооронд “дайн” болсноос гадна Ж.Ганбаатар,  Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг,  С.Бямбацогт нарын хооронд ч хурцхан тэмцэл маргаан үүслээ. Зарим нь аргагүйн эрхэнд ажлын хэсгээс нэрээ татах шиг болов. Эндээс л Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн сахилгын хороо гэдэг нь, нийгэмд ямар их нөлөөтэй, түүнд нөлөөллөө багтаахын төлөө үхэн хатан зүтгэх алба гэдэг нь ойлгогдож байна.

Тэгээд энэ бүтэц зохион байгуулалтыг шийдэх ажлын хэсгийн ахлагчаар манай МАН –ын 32–ын бүлгийн гол удирдагчдын нэг С.Бямбацогт томилогдов бололтой. Хүмүүс бол ” Шүүх  эрх мэдэл буцаад МАНАН–Мафийн өвөрт орлоо” гэж байгаа. Ер нь сүүлийн үеийн томилгоонуудаас харвал МАН –ын тэр дундаа 32–ын бүлгийн удирдлагууд өөртөө хэрэгтэй өндөр албан тушаалуудыг хамаж аваад байгаа. УИХ–д бие даан сонгогдсон гишүүн Н.Алтанхуяг, ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон С.Бямбацогтод хандан “Шүүх эрх мэдлийг МАНАН–гийн эрхшээлд орууллаа” гэсэн нь зүгээр ч хэл хальтарсан бус, голыг нь олоод хэлчихлээ дээ хэмээн бодогдож байна билээ. Монголын шүүх засаглалын нэр хүнд унасан. Дэлхийн 140 улсын судалгаагаар 120 –д бичигдтэлээ унана гэдэг арай л дэндсэн хэрэг л дээ. Тэгтэл Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн сахилгын хороо гэж нүсэр бүтэц бий болгоод төрийн эрх барьж байгаа нам нь нөлөөллөө бататгах гэж ийнхүү улайран зүтгээд байгааг нь сайн ч хэрэг биш байх. Бид түрүү талаас нь харж л байна. Шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа хүнийг эцсийн шийдвэр гараагүй байхад УИХ –д авчраад тангараг өргүүлчихэж байгаа, ЖДҮ –гийн бүлэг хулгайн хэргийн удирдагчийг өндөр дээд албан тушаалуудад томилж байгаа, УИХ–ын дэд дарга агсан Г.Батхүүгийн үхлийн хэргийг чимээгүйхэн шиг хаасан зэрэг нь олонх маань буруу зүйлд бяр заагаад л байгаа. Хүмүүс ярилцаж байна аа.  Энэ янзаар бол С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллага, жирийн иргэдийг аймшигтай эрүүдэн шүүсэн хэрэг, хонгилын шүүгчдийн бүлэглэсэн авилгын, садар самууны хэрэг, Эрдэнэс Таван толгой Гашуун сухайтын төмөр замын олон тэрбумын хэрэг, үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг булааж авахаар завдсан, булааж авсан... зэрэг хэрэг явдлууд мартагдах тийшээ хандав бололтой гэцгээж байна. Монголын шүүх засаглалд нэг л муухай юм бий. Онц хүнд гэмт хэрэгтнүүд, ноцтой хэрэгт сэжиглэгсдийг шүүх прокурорынхон нь хуйвалдаж байгаад гадаадад оргуулчихдаг, интерполоор эрэн сурвалжилж байгаа гэж худлаа мэдэгдсээр байгаад мартагнуулдаг, хугацаа алддаг, хэрэгсэхгүй болгодог явал юм. Монголын мөнгөний тал хувийг гадаадад байршуулаад, хойноос нь оргож очоод тэнд саятан, тэрбумтан болж амьдардаг, зарим нь бүр гадаадын хэд хэдэн улсын харьяат болчихдог явдал юм.

Энэ бүхэнтэй шударгаар тэмцэж байгаа хоёрхон газар бий. Нэг нь Авилгатай тэмцэх газар, нөгөө нь цагдаа. Энэ хоёр газрын залуучууд амь бие хайргүй зүтгэн ямар олон ноцтой хэрэг илрүүлж, мөрдөн шалгаж, шүүх прокурор руу шилжүүлэв дээ. Даан ялангуяа, З.Дашдаваа даргатай Авилгатай тэмцэх газрынхныг би Монголын төрд зүтгэсэн шиг зүтгэж байна гэж хардаг. Ёстой л гал утаа, хутга мэсэн дундуур яваа юм шүү дээ. Сүүлийн хэдхэн жилд гэмт этгээдүдийн нуусан 10 их наядын хөрөнгийг олж илрүүлээд битүүмжилчихсэн байгаа. Тэхэд өнөөх хонгилын шүүх прокурорынхон хуулийн дагуу шийдээд улсын орлого болгочих сэтгэлгүй л байгаа юм даа. Төр засаг ч гэсэн анхаардаггүй. Арван их наядаас ядаж л тавынх нь асуудлыг шийдчихэд Монгол мөнгөөр дутахгүй, үргэлжийн гуйлгачин , гутамшиг болохгүй шүү дээ.

МАНАН-МАФ-ийг хамгаалж, тусгай схемээр ажиллаж байсан өмгөөлөгч Б.Баасанцогт нарын хэргийн талаар хамгийн их анхаарал тавьж арга хэмжээ авч байгаа газар бол АТГ. Саяхан АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаярын нэр дээр албан бичиг хүргүүлсэн байна. Уг бичигтээ: Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан, Г.Буяннэмэх, Б.Халиун нарыг шүүгчээр томилсон зарлиг, төрийн албан хаагчийн хувийн хэрэг, зан байдлын тодорхойлолтыг  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу хуулбар хувь үнэн болохыг баталгаажуулж ирүүлэхийг онцлон хүссэн байна.  Тэгээд, Б.Баасанцогттой холбогдуулан шалгаж байгаа Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цог, УДШ-ын эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёл-эрдэнэ, нийслэлийн эрүүгийн хэргийн даваж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар... нарын 16 шүүгч, мөн шүүхийн захиргааны 6 ажилтныг томилсон зарлиг, хувийн хэрэг, зан байдлын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет зэрэг бичиг баримтуудыг ирүүлэхийг хүссэний дээр, эдгээр 20 гаруй шүүгч ажилтнуудыг дурдсан цагт саадгүй хүрэлцэн ирэх бололцоогоор хангахыг хүссэн байна. Авилгатай тэмцэх газрын энэ бичиг тоотод Э.Батбаяр дарга ямар хариу өгч, хэрхэн хандаж байгаа нь тодорхойгүй байна.

Юутай ч АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс 190200800 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. АТГ ийнхүү хэрэг үүсгэн яаралтай шалгаж байхад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр эдгээр шүүгчдээ өмөөрч хамгаалан, мэдэгдэл хүртэл гаргаж байгаа нь сонин байгаа биз?!  Шүүхийн ерөнхий зөвлөл нь ердөө л гэмт үйлдэл хийсэн шүүгчдийг өмөөрч хамгаалдаг газар шиг ойлгогдож байгаа юм. “Б.Баасанцогт нарын хэрэг” гэх энэ ноцтой хэрэг явдлыг шалгахад “улстөрийн урт гар” л битгий оролцоосой хэмээн хүмүүс халаглаж байна.  Зарим хуульч: “Энэ бол төрийн эсрэг бүлэг гэмт хэрэг” гэж үзэж байгаа юм билээ. Олон түмэн бол “Шүүхийн ерөнхий зөвлөлийг татан буулгая” гэж саналаа илэрхийлсээр байгаа. Миний хувьд бол сайн ойлгохгүй л байна. УИХ-ыг хүртэл тараачихдаг хууль журам байхад Шүүхийн ерөнхий зөвлөлийг татан буулгах юмуу, удирдлагыг нь бүхэлд нь огцруулах журам байж л таарна. Ер нь ийм нүсэр бүтэц бүрэлдэхүүнтэй, байгуулсан гавъяа нь олон түмэнд харагддаггүй газар байх хэрэг байгаа юм уу, үгүй юу, мэдэхгүй юм даа.

Одоо бүх эрх мэдэл УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтын гарт л төвлөрч байх  шиг байна.  Та нар С.Бямбацогтыгоо ч сайн мэдэж байгаа даа. Сүүлийн жилүүдэд УИХ-ыд сууж байгаа С.Бямбацогтыг Монголын нам төрд өндөр албан тушаалуудыг хашиж байхад Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг энэ нүсэр аппарат байж л байсан. Энэ хүн чимээгүй л байсан. Бас, С.Зоригийг хөнөөсөн хэргээс эхлээд энэ олон аймшигт хэргүүд байж л байсан. Бас чимээгүй л байсан. Монголын шүүх засаглал улс төрийн бүлэглэл, улстөрчдийн хараат байсан уу гэвэл хамгийн хараат, авилгач  газар л  байсан. С.Бямбацогт дуугүй л байсан. Тэгээд гэв гэнэт өнөөдөр ажлын хэсгийг ахлаад Монголын шүүхийг шинэчлэнэ, шудрага шүүхтэй болгоно  гээд явж байгааг хараад нэг л итгэл үнэмшил төрөхгүй байна. Ер нь тэгээд шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг УИХ-ын цөөнхийн бүлгээс юмуу, өнөөдөр нам төрд өндөр албан тушаал хашаагүй ахмад туршлагатай хуульчдаас ахлаж болоогүй юм бол уу?! Нэг л хэтэрхий өрөөсгөл тал харагдаад байх юм. Буцаад л МАНАН-гийнхаа гарт орчих гэж байгаа юм шиг. Цаг хугацаа харуулна биз дээ?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.7 ЛХАГВА № 69 (6546)