УОК-оос томилсон Шуурхай зохицуулалтын ажлын хэсгийн ЗТХ-ийн сайд Л.Халтараар ахлуулсан Нийтийн тээвэр, такси хариуцсан бүлэг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийтийн тээврийн үйлчилгээний ААН, байгууллагын ажилтай өнгөрсөн 7 хоногт танилцав. 

Улаанбаатар хотод ажлын өдөрт 964, амралтын өдөр 641 автобус, 450 такси үйлчилгээнд гарч байна. Шуурхай бүлэг 5 багт хуваагдан нийтийн тээврийн үйлчилгээний 19, такси үйлчилгээний 6, 28 автобааз, нийт 30 гаруй ААН, байгууллагын үйл ажиллагаа, халдвар хамгааллын нөхцөл байдалтай танилцаж, заавар зөвлөмж өгч, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэв. 

Тодруулбал, нийтийн тээврийн автобус бүрт зорчигчдод өгөх санамж бичлэгийг байршуулж, зорчигчдыг сууж, буухад гараа ариутгахыг тогтмол сануулдаг болголоо.

Мөн ААН-үүдэд түр тусгаарлах өрөөнд байх шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээний иж бүрдлийн жагсаалтыг гаргуулж, бүрдлийг хангуулах ажлыг байгууллага бүрд хийлгүүлэх ажлыг зохион байгуулав. Түүнчлэн нийслэлд хийж буй авто замын засвар арчлалтын ажилд  орчин үеийн дэвшилтэт шинэ техник, технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар болов.

Эх сурвалж:www.polit.mn