Б.Болор-Эрдэнэ: Спорт хүнийг тууштай, зорилготой болгодог

0
хуваалцах
257
үзсэн

Г.Хулан

Монголын ширээний теннисний спортын түүхэн дэх анхны олимпийн эрхийг авсан шигшээ багийн тамирчин Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

-“Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ авсанд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сэтгэгдэл маш өндөр байна. Тусалж дэмжсэн бүх хүнд баярлалаа. Галбадрах, Энхтөр, Цэрэнтогтох, Оюунчимэг багш нартаа баярлалаа. Мөн монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Гантулга ахдаа болон холбооныхондоо баярлалаа гэж хэлмээр байна. Би Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийг өнгөрсөн онд төгссөн. Одоо Санхүү, эдийн засгийн дээд сургуульд бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж байгаа.  Мөн ширээний теннисийн спортоор хичээллэж байна.  

-Катарын нийслэл Дохад явагдсан тэмцээнийхээ талаар сонирхуулахгүй юу?

-Катарын нийслэл Доха хотод олимпийн эрх олгох тэмцээн болсон. Би Зүүн бүсийн тэмцээнд орж шалгарсан байгаа. Энэхүү тэмцээнд оролцохынхоо өмнө Найрамдал зусланд 45 хоногийн бэлтгэл хийсэн. Энэ бэлтгэл маань бидний амжилтад их нөлөөлсөн. Одоогоор олимпийн бэлтгэлээ Казахстан улсад  хийж байна. Удахгүй монголдоо очоод бэлтгэлээ шаргуу хийх байх.

-Хэзээнээс ширээний теннисээр хичээллэж эхэлсэн бэ?

-Би ширээний теннисээр найман настайгаасаа хичээллэж эхэлсэн. Одоогоор арав дахь жилдээ энэ спорттой хамт байна.  

-Яагаад хичээллэхээр болов. Энэ талаар тодруулахгүй юу?

-Анх санамсаргүй явж байгаад “Тэмүүжин” спорт клубын ширээний теннисний дугуйланд бүртгүүлж байлаа.  Гэвч удалгүй уг клуб маань хаагдаж цаашдаа “Оч” клубд Галбадрах багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн. Тус клубт хамрагдаж эхлээд анхны мөнгөн медалиа Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс аваад, маш их урам зориг авч шаргуу хичээллэх болсон доо.

-Танай гэр бүлд чамаас өөр спортоор хичээллэдэг хүн байгаа юу?

-Манайх ам бүл зургуулаа. Би нэг эгч, хоёр дүүтэй. Манай хоёр дүү надтай адилхан ширээний теннисээр хичээллэдэг. Аав, ээж хоёр маань бид гурвыг их дэмждэг.

-Тэмцээнд орохын өмнө өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?

-Ер нь өдөр бүр бэлтгэл хийдэг. Тэмцээний өмнөх бэлтгэл гэхээс илүү байнгын бэлтгэлтэй байж тэмцээнд амжилт гаргадаг. Сэтгэл зүйн хувьд тэмцээнд орохынхоо өмнө хожих, хожигдох талаар боддоггүй. Өөрийн хийх ёстой зүйлээ хийгээд л тоглоно доо.

-Спортоор хичээллэхийн хамгийн том давуу тал?

-Спорт хүнийг зорилготой, тэвчээртэй, тууштай болгож төлөвшүүлдэг. Өөрийгөө илүү нээж, танилын хүрээгээ тэлдэг.  Мөн ялж, ялагдаж зорилгодоо хүрэхийн тулд тэсвэр тэвчээртэй байж сурдаг.

-Хамгийн их сургамж авсан тэмцээн?

-Бүх тэмцээн өөр өөрсдийн сургамжтай байдаг. Тэмцээн болгоны дараагаар юун дээр алдсан, цаашдаа ур чадвараа хэрхэн ахиулах, гаргасан алдаагаа дараагийн тэмцээндээ гаргахгүй байх тал дээр анхаардаг учраас тэмцээн болгон сургамжтай.

-Олон улсын тамирчид дундаас хамгийн ширүүн өрсөлдөгч чинь ямар улсын тамирчин байсан бэ?

-Ширээний теннисний спортод Япон, Хятад, Солонгос улсын тамирчид тэргүүлдэг. Тиймээс тэдний арга барилыг судалж, ойрхон тоглож, сайн өрсөлдөгч байхыг хичээдэг. 2014 оны Япон улсын Осока хотод болсон өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс олон улсын тэмцээнийхээ гарааг эхэлж байлаа.

-Ширээний теннисийн спорт нь хүний ямар ур чадварыг ахиулдаг вэ?

-Ширээний теннис спорт нь яг л шатартай адилхан. Шатрын спортоос нэг өөр зүйл нь хурдтай. Тиймээс  хурд, хүч, тэсвэр зэрэг бүхий л чадварыг хөгжүүлдэг спорт юм. Залуучууддаа хэлэхэд спортоор хичээлээрэй. Үүний үр дүнд тууштай, тэвчээртэй, зорилготой болно шүү.

-Таван жилийн дараах өөрийгөө хэрхэн харж байна вэ?

-Их сургуулиа төгсчихсөн байна. Өөрийн гэсэн спортын клубтэй болох бодолтой байгаа. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн тэмцээнүүдэд маш амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт гаргахыг хүсч байна.

Эх сурвалж:www.polit.mn