Өнөөдөр буюу 2021.04.05-ны өдөр Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар ХУД-н нутаг дэвсгэр дэх орон сууцны хотхонуудтай газар дээр нь очиж танилцан, нөхцөл байдлуудын талаар мэдээлэл авч, шийдвэрлэх асуудлуудын талаар холбогдох албадуудад үүрэг даалгавар өглөө.

Тэрбээр ХУД-ын 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалл таун хотхоны оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, хотхоны орц гарцын талаарх асуудлаар санал бодлыг нь сонссон байна. Маршалл таун хотхонд нийт 5000 айлын орон сууц баригдахаар төлөвлөгдсөн ба одоогийн байдлаар 2000 гаруй айл өрх оршин сууж байна. Тус хотхон нь өмнө нь урдаа 1, зүүн талдаа 2, хойноо 2 гарцтай байсан бол одоогийн байдлаар зөвхөн зүүн талын 2 гарцаар оршин суугчид нь орж гарч байна. Засаг дарга Д. Сумъяабазар энэхүү орц гарцыг нээх талаарх асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Газрын албанд үүрэг болголоо.

Түүнчлэн Засаг дарга Д. Сумъяабазар Хан-Уул дүүргийн 2-р хорооны Нэхмэлийн шар байрны оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Тэрбээр энэ үеэр “Тус газар дээр орон сууц барихгүй. Доороо гараштай, дээрээ ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай барих тал дээр анхаарна. Иргэд мөн саналаа өгөх хэрэгтэй” хэмээн ярилаа.

2021.04.03-ны өдөр дархан цаазат Богдхан уулыг ухаж сэндийцсэн байдалтай Засаг дарга Д. Сумъяабазар өөрийн биеэр танилцаж, байгаль орчныг бохирдуулж, их хэмжээний газрыг хөрсний доройтол, байгаль орчны бохирдолд оруулсан компанид арга хэмжээ авч, хуулийн дагуу шийдвэрлэхийг үүрэг болгосон. Энэхүү ажлыг шийдвэрлэхтэй холбоотой асуудал болоод Нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд ухаж овоолсон шороог цэгцлэхийг өнөөдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр үүрэг болголоо. Түүнчлэн Богд уул, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудыг шуурхай эхлүүлж, эрүүл, аюулгүй, өнгө үзэмжтэй, стандарт норм, дүрмийг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүрэг, даалгавар өглөө.