Ерөнхийлөгчийн баасан гарагийн улс төр

0
хуваалцах
374
үзсэн

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярьж, цаг үеийн болон хоёр орны харилцааны тухай санал солилцлоо.  Үүнээс өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгыг ОХУ-д айлчилна хэмээж байсан ч энэ айлчлал албан ёсоор цуцлагдсан нь тодорхой болов. Мөн удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай Ерөнхийлөгч Х.Баттулгатай биечлэн уулзах сонирхолгүй байгаа гэх мэдээлэл цацагдсан ч  үнэний ортой бололтой.  Ийнхүү Төрийн тэргүүн нар утсаар асуудлаа ярилцав.  Тэд  Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр тал олон арга хэмжээг хамтран хэрэгжүүлж эхлээд байгааг сайшаав. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр ОХУ-ын эрдэмтэд  цар тахлын халдварын эсрэг вакциныг амжилттай хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэнд баяр хүргэв.  Үүний хариуд Ерөнхийлөгч В.Путин Монголын талаас ирүүлсэн хүсэлтийн хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон хувийн хэвшлийнхэнтэй вакцин нийлүүлэх гэрээ байгуулж байгаа гэв.  Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, вакцин үйлдвэрлэх боломжийг судлах Ажлын хэсэг гаргахаар болов. Мөн төгсгөлд нь  В.Путин удахгүй биечлэн уулзана гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. 

Мөн баасан гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга амалсан ёсоор УИХ-ын 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан.   Энэ нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай тогтоол юм. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Ш.Цогтоог Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй гэсэн хоёр дахь хэсгийг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн зөвшөөрсөнгүй.  Өмнө нь УИХ-аар батлахад нь ч хориг тавина гэдгээ мэдэгдэж байв. Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг парламент өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж,  гишүүдийн 78.8 хувь нь дэмжиж баталсан. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөнд тооцож, түүний оронд Ж.Эрдэнэбулганыг томилсон юм. 

Харин Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөн нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-ын бүлгийн гишүүдэд таалагдсангүй.   Тэд Д.СЕрөнхийлөгчийн баасан гарагийн улс төрлонгыг чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томилох байсан гэсэн байр суурь илэрхийлсээр байв.   Түүнчлэн  ЕТГ-ын дарга Ө.Шижир Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт “Тодруулга авах тухай” албан бичиг хүргүүлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тодруулан ирүүлэхийг хүссэн.  Харин Дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдаж байна” гэх утга бүхий хариуг ирүүлжээ.   Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавихаас аргагүйд хүрсэн байна. 

Ерөнхийлөгчийн хоригт “Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгосны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилжээ. Үндсэн хуулийн цэцийн эдгээр гишүүд нэг өдөр, нэг тогтоолоор томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь нэгэн зэрэг дууссан байна. Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон байх бөгөөд ингэхдээ тухайн хүнийг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосноо бүрэн эрхийнхээ дагуу нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн зөрчилд хөтөлж байна” гэжээ. Тэгэхээр  энэ долоо хоногт бүлэг, байнгын хороо, чуулганаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хуулийн хугацаанд асуудлыг нэг тийш нь болгох нь.

Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа. Ерөнхийлөгчийн зарлигтай холбогдуулан ЕТГ-ын дарга Ө.Шижир Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлж, холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд авч ажиллахыг хүсэв. Өмнө нь Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлж байв.  Гэвч МАН-ын бүлэг, байнгын хороо  Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авсангүй.  Тиймээс Ерөнхийлөгчийн өөрийн  бүрэн эрхийн хүрээнд  Элчин сайдыг эгүүлэн татаж байна.  Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Элчин сайд Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичиг гардуулахдаа “Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллах ёстой. Үр дүнг дүгнэнэ” гэсэн билээ. Гэвч Элчин сайд Ё.Отгонбаярын ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсангүй гэж үзжээ. 

Түүнчлэн Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улстөржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй гэсэн байна.  Ийнхүү Ерөнхийлөгч  Х.Баттулга өнгөрсөн баасан  гаригт улс төрийн хүрээнд анхаарал татах гурван ч алхмыг хийлээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.5 ДАВАА № 67 (6544)