З.БАТЦЭЦЭГ

Бизнесмен Руслан Байсаровын Тувад Элегест-Кызыл-Курагино чиглэлд төмөр зам барих ажлыг засгийн газараас дахин таван жилээр хойшлуулж, 2026 он болголоо. Энэ тухай Засгийн газрын тушаал нь албан ёсны хууль зүйн сайт дээр тавигджээ. Энэ төсөл бараг 20 жил яригдаж байгаа юм.

2018 оны дөрөвдүгээр сард Росжелдор энэ замыг бариулахаар Руслан Байсаровын Тувагийн Эрчим Хүчний Корпораци /ТЭХК/, УК “Лидер”-тэй гэрээ хийсэн юм. Жилийн дараа талууд Оросын төмөр замтай гэрээ байгуулж, төслийн ерөнхий гүйцэтгэгч болжээ.

Кызыл-Курагино зам 400 гаруй км бөгөөд Туваг Красноярсктай холбон, мөн 776 сая тонн коксжсон нүүрсний нөөцийг Элегестийн нүүрсний ордоос (ТЭХК эзэмшдэг) тээвэрлэлтийг хангах юм. Байсаровын дүгнэлтээр төслийг хэрэгжүүлэхэд 360 сая тэрбум орчим рубль зарцуулагдана. Энэ зардалд ашиглалтын зардал, Ванино (Хаваровск) дахь боомтын терминал барих, Кызыл-Курагиногийн зам барих зардлууд багтсан байна. Замыг барихад 126,6 тэрбум рубль (НӨАТ ороогүй, 2017 оны тооцооллоор) шаардлагатай гэж Оросын төмөр замаас тодрууллаа.

Засгийн газрын шийдвэрээс харахад Росжелдор нь ТЭХК-тэй нэмэлт гэрээнд гарын үсэг зурж, талууд энэхүү концессын гэрээгээр хүлээсэн бүх үүргээ биелүүлэхийг таван жилээс илүүгүй хугацаагаар түдгэлзүүлэх болжээ. Гэрээнд алданги, концессын төлбөр тооцохгүй, харилцан гомдол үүсгэхгүй гэж тусгажээ. Тээврийн яам, төмөр замаас тайлбар хийхээс татгалзлаа. РБК-аас ТЭХК, УК “Лидер”-т хүсэлт илгээжээ.

ТЭХК-ийн 2019 оны тайланд дурдсанаар 2019 оны дөрөвдүгээр сард уг замыг хэрэгжүүлэх төслийн бичиг баримт бэлэн болжээ. Бичиг баримтад дурдсанаар ойрын 5-6 жилд тус компани Элегестийн талбайд уул уурхай, баяжуулах цогцолбор барьж 2023 он гэхэд жил бүр зургаан сая тонныг олборлохоор төлөвлөж байжээ.

“Интерфакс”-ын мэдээлснээр Тувад зам барих төслийн санхүүгийн загвар удаа дараа өөрчлөгдөж байсан бөгөөд одоог болтол батлагдаагүй байгаа юм. Цар тахлаас болж хэтийн ирээдүй нь бүр бүрхэг болж, Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөс ашиглахыг төлөвлөж байсан нь одоо эдийн засгийн дэмжлэгт зарцуулах шаардлагатай болжээ.

Элигестийн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг 2002 онд Енисейн аж үйлдвэрийн компани, экс сенатч Сергей Пугачёв авсанаар Тувад төмөр зам барих тухай төсөл яригдаж эхэлжээ. Гэхдээ ажил хуваарийн дагуу хийгдээгүй учираас Кызыл-Курагиногийн зам барих ажлыг төсвөөс хийгдэх жагсаалтаас хассан байна. Дараа нь компани Байсаровт шилжин, 2011 онд зам барих ажлын нээлт болж, үүнд тухайн үедээ Ерөнхий сайд байсан Владимир Путин ирж оролцжээ. Тэрээр шинэ төмөр замын суурь дээр төмөр зоож байжээ.

2014 онд Тооцооны танхим шалгалтын үеэр төмөр замын салбарын шинэчлэлд гарсан хэд хэдэн дутагдлыг илрүүлсэн. Тус газраас улсад төмөр зам дутагдалтай байгааг хэлсэн. Тухайн үед Тооцооны танхимын мэдээлсэнээр зургаан бүс нутагт төмөр замын холбоо огт байхгүй байна гэж байжээ. Энэ бол Алтай, Тува, Ненецкийн автономт бүс, Магадан, Чукоткийн автономт бүс, Камчатка бүс нутгууд юм.

Эх сурвалж:  www.rbc.ru