Сергей Есенины 1916 онд бичсэн зурвас Константинов дахь түүний музейн санд нэмэгдлээ

0
хуваалцах
144
үзсэн

З.Батцэцэг

-Тэрээр энэ зурвасыг анхны хайртай бүсгүй Анна Сардановскаяд илгээж байжээ-

 

С.А.Есенин анхны хайртай бүсгүй Анна Сардановскаяд 1916 онд бичсэн зурвас Константинов дахь түүний музейн санд нэмэгдлээ. Энэ ер бусын олдвор нь түүний тэр бүсгүйд илгээсэн сүүлчийн зурвас байжээ. Ойрын хугацаанд уг олдворыг музейд дэлгэж үзүүлэх ба мөн Оросын бусад хот, гадаадад танилцуулна хэмээн музейн захирал Борис Иогансон ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө онцоллоо.

1916 оны зурвас. Бидний мэдэж буйгаар тэрээр анхны хайртай бүсгүйдээ илгээсэн сүүлчийн зурвас юм. Есенин Сардановскаятай  Константиновод танилцжээ. Анна ээж, ах, эгчтэйгээ өөрийн хамаатан лам Иван Смирновынд зочилж ирсэн нь Есенины гэрээс холгүйхэн байжээ. Иогансоны  тайлбарласнаар тэр хоёр 1906-1912 онд голдуу зуны амралтаараа уулзаж байжээ. Тэдний харилцаа 1913 онд муудаж, 1917 оноос хойш захидлаар харилцахаа больжээ.

“Уг зурвас шуудангийн ил захидал дээр бичигдсэн байгаа нь түүхэн, соёлын, музейн үнэ цэнэтэй. Зурвас яруу найрагчийн эх оронд нь  хадгалагдах болсон нь их чухал. Энэ олдвор нь “Хус модгы орны дуучин” гэгдэх яруу найрагчийн дурсамжийг мөнхжүүлэн, ирээдүй хойч үед дамжуулах үнэ цэнтэй өв. Мөн музейн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд чухал үүрэгтэй бөгөөд Оросын болон гадаадын музейн үзэсгэлэнд тавигдах юм” гэж музейн хэвлэлийн албанаас мэдэгдлээ. Жил бүр музейн санд 100 гаруй эд зүйлс нэмэгддэг байна.

Сергей Есенин 1895 оны аравдугаар сарын 3-нд Константиновод тариачны гэрт төржээ. Тэрээр анх есөн настайдаа шүлэг бичсэн байна. Тэрээр уянгын цикл “Солонго” (1916), “Хөдөө цагийн ном” (1921), “Балмад этгээд нүглээ наманчилсан нь” (1921), “Уушийн газрын Москва” (1924), “Зөвлөлтийн Орос” (1925), “Перс шалтаг” (1925); найраглалууд болох “Инония” (1918), “Дөчин амт” (1920), “Пугачёв” (1921), “Хорин зургаагийн дууль” (1924), “Анна Снегина” (1925), “Хар хүн” (1925) зэрэг олон бүтээл туурвисан. 1925 оны арванхоёрдугаар сарын 28-нд Ленинградад “Англетер” зочид буудалд өрөөндөө нас барсан түүнийг Москвад оршуулсан юм.

С.А.Есенины нэрэмжит музей нь 1965 онд Константиново тосгонд байрлах уран зохиол дурсгалын музей мөн Спас-Клепик хотын дурсамжит газар дээр суурилан байгуулагджээ.  

Эх сурвалж: www.tass.ru