С.САРУУЛ

 

Хятад улс гадаад харилцаандаа цоо шинэ бодлого баримтлахаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, цар тахалтай холбоотойгоор вакцины паспорт олгож эхэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Тэгвэл вакцины паспор Монголчуудад ямар нөлөө үзүүлэх талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө “Хятад улс энх тайванч гадаад бодлого баримталдаг. Ялангуяа, хөрш орнуудтай элэгсэг дотно, үнэнч шударга харилцан ашигтай, хүртээмжтэй, нэгнээ ойлгож дэмжиж ирсэн. Тэр дундаа Монгол Улстай харилцах гадаад бодлогыг хөрш орнуудаас нэн тэргүүнд тавьж ирсэн. Цаашид ч Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг улам баяжуулахын төлөө ажиллах болно. Вакцинжуулалт биднийг хэвийн ажил амьдралын хэв маягт ороход чухал нөлөөтэй. Дэлхийн хэмжээнд вакцины паспорт гаргахаар ярилцаж байгаа ч нэгдсэн журам хараахан гаргаагүй байна. Вакцины паспорт нь олон улсын аялал жуулчлалын салбарт ихээхэн тус нэмэр оруулах байх. Хятад улс бусад улс орныг гадуурхахгүй, адил тэгш байх бодлого баримтална. Өөрөөр хэлбэл, вакцины паспорт бол аяллын гэрчилгээ биш визийн мэдүүлэгт нөлөөлнө. Харин манай хоёр улсын хувьд хятад вакцин тариулсан хүн зохих журмын дагуу визийн мэдүүлэг хийхэд арай хялбарчлах болно. Гэхдээ харилцан визгүй зорчдог болохоор энэ нь харьцангуй цөөн хүнд хамаарна. Хятад улсад байнга оршин суудаг болон тэнд суралцдаг оюутнууд, удаан хугацаагаар эмчлүүлэх иргэдэд хамаарна. Тооны хувьд маш цөөн гэсэн үг” гэжээ.

 

 Эх сурвалж: www.polit.mn