Б.ДОЛЖИНЖАВ

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа эрч хүчээрээ өдгөө ч олныг байлдан дагуулсаар буй гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа, АНУ-ын дуучин, хөгжмийн зохиолч, жүжигчин, попын гүнж Mariah Carey нарыг онцоллоо.

Монголын урлагийн бөхөшгүй “гал” Төмөрийн Ариунаа

“Дэрвэгэр богинохон хормойтой, цэцгэн хээтэй даашинзаар гоёсон бүсгүйтэй Сүхбаатарын талбай дээр танилцаж билээ. Хоёулаа л ажил руугаа гүйж явсан юм даг. Дэгжин гоё сийрсэн цүнх гартаа савчуулж, тас тас инээсэн цэл залуухан Ариунаа…1996 он.  Болгарт дуучнаар төгсөж ирсэн, томоос том мөрөөдөлтэй, гэхдээ өөрийнхөө мөрөөдөлд өрөөлийг эх оронтойгоо хамт багтаачихсан, дуулах дуу болгон нь утга болоод ухааралтай байгаасай гэж хүсдэг өөдрөг бүсгүй. Түүний анхны "Эрос 1" тоглолт жинхэнэ утгаар нь шуугиан тарив. Шоу тоглолт гэж юу байдгийг харж, олон хүн нүд нээсэн дээ. Ариунаагийн дуунууд өөлөх нэгээхэн ч өө үгүй, уран бүтээлийн хувьд тулсан шийдэл, өнгө будагтай байдаг. Тоглолтууд нь гэнэтийн сюрпризээр дүүрэн. Ярилцлагууд нь сэтгэл хөдлөл, эрчим хүч, илэн далангүй чөлөөт нислэгээр баян. Хувцаслалт …Зоримог шийдлүүд, эрсдэлтэй алхмууд....” хэмээн Т.Ариунаагийн тухай яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин   бичиж байв.  

Дуу болгон нь хит болж, тоглолт бүрээрээ Монголын хөгжмийн ертөнцөд шинэ эргэлт хийдэг ховорхон уран бүтээлчдийн нэг Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа 1967 онд Улаанбаатар хотноо төржээ. Уран бүтээл бүрээс нь эрч хүч ундарч, жавхаалаг, дэггүй, адтай дүр төрхөөрөө олны сэтгэл зүрхийг “эзэмдсэн” Т.Ариунаа өдгөө 54 настай. Гэвч залуу насныхаа цовоо сэргэлэн, хайр татам ааш аяг, сэтгэл гижигдсэн дуу хоолойноосоо тэр салсангүй. "Гайхамшигт үдэш" тоглолтоо 2009 онд хийснээс хойш 10 жилийн дараа  хийсэн “Тэнгэр шиг бай” тогтолтоороо тэр энэ бүхнээ нотлон харуулсан юм.

Багаасаа дуу бүжигт авьяастай байсан 15 настай охин “16 нас” дуугаараа Монголын радиогоос зарласан хүүхдийн дууны улсын уралдаанд түрүүлж 1980-аад оны үеийн  дунд сургуулийн сурагчдын “шүтээн” болсон юм. Улмаар залуучуудын сэтгүүл, сонинд гэрэл зураг нь гарч,  “16 нас”, “Цэнхэр аялал”, “Сурагчийн жил”, “Сүүлчийн хонх” зэрэг дуу нь Үндэсний телевизийн “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгийн үзэгчдээс үргэлж захиалгыг авдаг байв. Хосе Мартын нэрэмжит 10 жилийн 52 дугаар сургуулийн улс төрийн дууны “Нарны дуулал” хамтлагтаа дуулсан эдгээр дуугаа  Монголын радиогийн “Алтан фонд”-д бичүүлжээ.Мөн Т.Ариунаа “Соёл-Эрдэнэ”, “Баян Монгол” гэсэн Монголын орчин цагийн урлагийн хоёр том хамтлагийн гишүүн байв.

Монголоос анх удаа НYБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин болсон тэрээр 2002 оны тавдугаар сард Нью-Йорк хотноо "Хүүхэдтэй хамт дэлхий ертөнцийг хөгжүүлье" уриан дор болсон концертод "Нарны хаан хүүхэд" дуугаа дуулсан. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын шүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын аялгуу хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлэхийг уриалсан энэ уран бүтээл НҮБ-аас зарласан уралдаанд “Азийн хамгийн шилдэг дуу”-гаар шалгарсан удаатай.

Шинэ жилийн хамгийн үнэтэй “бэлэг”

Бидний нэрлэж заншсанаар шинэ жил, олон улсад “Зул сарын баяр” дөхөхөөр хамгийн ихээр үгүйлэгдэж, баярын уур амьсгалыг мэдрүүлдэг гайхамшигт хоолойтой  дуучин бол  Mariah Carey юм. Зул сарын хатан хаан хэмээн алдаршсан тэрээр дуулахаас гадна хөгжмийн зохиолч, продюсер, жүжигчин, бизнес хатагтай юм.

Түүний “All I want for Christmas is you” хэмээх Justin Bieber-тай хамтарсан дууг сонсохуй өөрийн эрхгүй догдолж, шинэ оныг тэсэн ядан хүлээдэг билээ. Эдийн засгийн Economist сэтгүүлд бичсэнчлэн  энэ дуу 1994 онд анх олны хүртээл болсноосоо хойш 2017 оны байдлаар 60 сая ам.доллар олжээ.  “All I want for Christmas is you” дууныхаа талаар Mariah Carey “Эхэндээ энэ дуу маш их алдартай байсан. Аажимдаа харин нэр хүнд нь бага багаар унаж байна. Хүмүүс энэ дуутай хамт өсч, амьдралынхаа нэг хэсэг болгосон юм шиг санагддаг. Энэ нь Зул сарын баярыг маш ихээр хайрладаг надад бол маш бахархам зүйл билээ” гэж ярьжээ.

Үүнээс гадна олны сэтгэл зүрхэнд “мөнхөрсөн” олон алдартай шинэ жилийн дууг дуулсан тэрээр олон сая хүний Зул сараар хүсдэг хамгийн үнэтэй “бэлэг” юм. Тиймдээ ч  “Merry Christmas” цомог нь бүх цаг үеийн хамгийн олон хувь зарагдсан цомгоор шалгарч байв. Энэ алдарт цомгийн 25 жилийн ой 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд тохиосон.

 Тэрээр 1969 оны гуравдугаар сарын 27-нд АНУ-ын Нью Йорк хотод төржээ. Mariah Carey  анхны таван дуу нь “Billboard Hot 100” жагсаалтад багтсан түүхэн дэх анхны уран бүтээлч болж, 1990-ээд оны  хамгийн амжилттай уран бүтээлчээр нэрлэгдэж байв.

Тухайн үедээ цомог нь дэлхийд  200 сая гаруй хувь борлогдож, тэр цаг үеийнхээ хамгийн нэр нөлөөтэй эмэгтэй дуучин хэмээгдэн “World Music Awards”-ийг хүртэж байлаа.

Олон сэдвээр дуу дуулж байсан ч хайр бол түүний уран бүтээлийн гол цохилох “зүрх” нь байдаг. Түүний дуулсан хайрын тухай дууны үгс олны зүрх сэтгэлийн нандин утсыг хөглөсөөр ирсэн билээ.

Эх сурвалж:www.polit.mn