Хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулах нь оновчтой шийдвэр мөн үү?

0
хуваалцах
339
үзсэн

Ц.МЯГМАРБАЯР

 

Хоёр их наяд төгрөгийн эх үүсвэртэй ажлын байрыг хамгаалах Засгийн газрын хөтөлбөр өнгөрсөн долоо хоногийн гол сэдэв байв.  Хоёр их наяд төгрөгийн хүүний зөрүү болох  210 орчим тэрбум төгрөг төсөв дээр ачаалал болж ирэхээр байгааг зарим эдийн засагчид шүүмжилж байна. Тиймээс төр төсөв дээр ачаагаа үүрч л байгаа юм бол өөрийн мэдлийн хоёр банкаараа гаргахгүй арилжааны банкуудыг тэтгэсэн шийдвэр гаргалаа гэх. НӨАТ төлөгч биш жижиг аж ахуйн нэгжүүдэд 50 сая, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүдэд  500 сая төгрөгийн зээлийг гаргах болсон гэх мэт нийтлэг ганц нэг шалгуурыг төрөөс хүчээр хийж өгсөн ч банкууд тус тусын шалгуураа танилцуулж байна. Ихэнх нь хуучин харилцагч нарынхаа өндөр хүүтэй авсан зээлийг нь гурван хувь рүү шилжүүлэх тухай ярьж байна. Гэтэл шинээр зээл авах иргэд, аж ахуйн нэгжийн хувьд бас л энэ зээлээс хасагдах магадлалтай болчихлоо. Мөн арилжааны банкуудаар энэ зээлийг дамжуулж байгаа нь ажлын байрыг хамгаалах биш барилгын салбарыг дэмжих болчихлоо гэх ч байр суурьтай эдийн засагч байна. Эдгээр шийдвэрийн талаар экспертүүдийн байр суурийг хүргэж байна.

 

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Бизнесийн зарчмаар бол төр зөв шийдвэр гаргасан

 

- Гурван хүүтэй зээлийн хоёр их наяд төгрөгийн эх үүсвэрийн 60 хувийг төрөөс, 40 хувийг арилжааны банкууд гаргахаар болж байна. Бизнес нь зогсчихсон ажлын байраа хамгаалж чадахгүй болсон, эдийн засаг зогсчихсон энэ үед хамгийн зөв шийдвэр. Төсөв дээр ирэх ачаалал ихсэнэ гэдгээр харах хэрэггүй. Урт хугацаандаа 180 орчим тэрбум төгрөгийн ачаалал ирнэ. Цуврал байдлаар гурван жилийн хугацаанд гарах учраас нэг дор ачаалал ирэхгүй. Энэ жилийн тухайд 100 орчим тэрбум төгрөгийн ачаалал ирэх байх. Зах зээлийн зарчмаар мөнгөний захаар дамжуулан гаргаж байгаа учраас банкууд ч ялгаагүй эрсдэлээ үүрч хариуцлага хүлээнэ. Тиймээс төсөв дээр их ачаалал ирнэ гэдэг үндэстэй шүүмжлэл биш. Эдийн засгийн хувьд эрсдэлээ арилжааны банкуудтай адил үүрнэ гэсэн үг. Хөгжлийн банк хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг дэмжиж бонд гаргах чиглэлд ажилладаг гэдгээр жижиг зээлийг дамжуулан гаргах нь зохимжгүй. Төрийн банк хэдийгээр төрийн мэдлийнх ч гэлээ ялгаагүй эрсдэлээ үүрээд явна. Харин ч төрийн мэдлийн банкаар гаргагавал өмнөх ЖДҮХС-ийн  мөнгө угаах гашуун туршлага давтагдах магадлалтай. Арилжааны банкуудаар гаргах нь цэвэр бизнесийн зарчмаар гаргаж байгаа зөв шийдвэр.

 

УИХ-ын гишүүн Л.Доржханд: Төрийн болон Хөгжлийн банкаар дамжуулах боломжтой байсан

 

- Ажлын байрыг хамгаалах гурван хувийн хүүтэй зээлийн эх үүсвэр болох хоёр их наяд төгрөгийг Засгийн газар гаргахдаа хүүний зөрүү болох 6-7 хувийг улсын төсвөөс татаасаар гаргана.  Харин гурван хувийг банкууд зээлдэгч нараас авахаар байдлаар зохицуулах болж байна. Нийтдээ 9-10 хувийн хүүтэй зээлийг гаргаж байгаа юм. Эдийн засагч хүний хувиар би үүнийг шүүмжилж байна. Учир нь бодлогын хүү зургаан хувь байгаа. Бодлогын хүүний татвар 25 хувь. Тэгэхээр татварын дараах цэвэр өгөөж 4.5 хувь. Энэ мөнгө Монголбанкинд төвлөрдөг. Өөрөөрхэлбэл, Монголбанк 4.5 хувьтай мөнгийг арилжааны банкуудад өгч байгаа юм. Түүнчлэн Засгийн газар зургаан хувь, банкуудын урсгал зардал гурван хувь нэмэгдээд 9-10 хувийн ийм таатай нөхцөлөөр энэ зээл гарч байна. Нэмээд эрсдэлийнх нь 60 хувийг төр батлан даана гэдэг нь маш их ачаалал төсөв дээр ирж байна. Манай төсөв мөнгөний бодлого дандаа банкуудыг дэмжсэн бодлогоор явж байна. Ажлын байрыг дэмжсэн бодлого биш барилгын салбарыг дэмжсэн бодлого хэрэгжээд байна. Яагаад вэ гэвэл арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа тохиолдолд банкууд өөрсдийнхөө шаардлага,  шалгуураар барьцаа хөрөнгө шаардана. Зах зээлийн үнэлгээгээр 100 төгрөгийн үнэтэй зүйлийг 50 хувиар үнэлнэ. Үүний 50 хувьд зээл өгнө. Гэтэл жижиг дунд бизнесийнхэн ажлын байраа хадгалах гээд хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүдэд очихгүй, хөтөлбөр үр дүнтэй болохгүй дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл, банкнаас 500  саяаас нэг тэрбум төгрөг хүртэл зээл авсан аж ахуйн нэгж бизнес хийе гэвэл эрсдэлтэй. Тиймээс буцаагаад банкуудаар дамжуулж гурван хувийн хүүтэй эх үүсвэрийг зургаан хувь руу шилжүүлж дундаас нь ашиг хийх боломж үүснэ. Уг нь Засгийн газар, Монголбанкинд байгаа 7.8 их наяд төгрөгөөр өөр дээрээ татаж хүү нэмэхгүйгээр өөрийн мэдлийн хоёр банк болох Төрийн болон, Хөгжлийн банкаар энэ зээлээ гаргах бүрэн боломж байсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.15 ДАВАА № 49 (6526)