Т.САЙХАН

Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн болж, Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч нарыг сонголоо.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнд нэр дэвшиж өрсөлдсөн шүүгч Б.Цогт, шүүгч Ч.Хосбаяр нараас шүүгч Ч.Хосбаярыг, Иргэний хэргийн танхимын тэргүүнд нэр дэвшиж өрсөлдсөн шүүгч П.Золзаяа, шүүгч Г.Алтанчимэг нараас шүүгч Г.Алтанчимэгийг, Захиргааны хэргийн танхимын тэргүүнд нэр дэвшсэн шүүгч Ч.Тунгалагийг тус тус олонхийн саналаар танхимын тэргүүнээр сонгов.

Түүнчлэн, Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Нийт шүүгчдийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнээр шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Д.Мөнхтуяа нарыг Шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгожээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2020 оны арванхоёрдугаар сард шүүгч Ц.Цогтыг, 2021 оны хоёрдугаар сард шүүгч С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус томилсон бол 2021 оны нэгдүгээр сард шүүгч Ц.Амарсайханы шүүгчийн бүрэн эрхийг сэргээснээр Улсын дээд шүүх нь 24 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллах болсон.

Хуралдаанаар мөн дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний дэгийг шинэчлэн баталж, Улсын дээд шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох, хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох журмын төслийг хэлэлцээд, Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д зааснаар Нийт шүүгчдийн чуулганаар хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам батлагдах хүртэлх хугацаанд баримтлах түр журмыг баталлаа.

Шүүгчдийн зөвлөгөөнд 22 шүүгч оролцож, 91.6 хувийн ирцтэй байжээ. 

 

Эх сурвалж:www.polit.mn